Г.Магсар: Сүүлийн үед манайхны адуу эрс сайжирж байгаа

2015 оны 10 сарын 20

Сэтгүүлч:
Сүхбаатар

Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, “Нутгийн хийморь” Онгон сумын МСУХ-ны тэргүүн Г.Магсарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.


-90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр боллоо. Хурдан морины уралдаанд хэдэн аймгийн хүлгүүд өрсөлдсөн бэ?

-Онгон сумын маань түүхт 90 жилийн ойн  баяр наадам долоодугаар  сарын 18,19-ний өдрүүдэд болж, Сүхбаатар, Дорнод, Дорноговь зэрэг зэргэлдээ аймаг, сумдын уяачид ирж оролцлоо. Азарганы уралдаанд 126, их насанд 155, соёолонд 138, хязааланд 185, шүдлэнд 182, дааганд 160 хурдан хүлгүүд мордсон. Олон газрын хурд чуулсан болохоор сумын засаг даргын тамгын газраас томилогдсон баяр наадмын комисс, сумын уяачдын холбоо хамтран зохион байгуулалтын тал дээр ихэд анхаарч ажиллалаа. Жишээлбэл 80 гаруй метрийн өргөнтэй гарааны  төхөөрөмжийг ашиглаж, уралдааны замыг зассан. Мөн морь дагах машинуудад хориг тавьж, хашиж туухаас сэргийлсэн. Уралдаанч хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд сумын хүүхдийн байгууллагтай хамтран ажиллаж, хүүхэд нэг бүрийг даатгалд хамруулж, хамгаалалтын хэрэгсэлээр хангаж, ноймор зүүж явуулсан. Үүний үр дүнд хүүхэд гэмтэж, бэртэж тохиол гараагүй. Зам цагаан сайхан наадлаа.

-Наадмын тэр дундаа морин уралдааны гол мөн чанар, амин сүнс нь тэр шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Хүн эмнэлэг, мал эмнэлэг, цагдаагийн байгууллагын төлөөллийг комисст оруулж наадмаа сайхан дэг журамтай болгосон. Мөн түрүүлж, айрагдсан морьдыг тусгай хашаанд оруулж, эздийг нь сурвалжлагчидтай ярилцах боломжоор хангасан.

-Аль ч газрын наадамд морьдыг үүлдэрлэг байдлаар ялгах асуудал маргаан үүсгэж байна. Та бүхэнд тийм хүндрэл тохиолдов уу?

-Өнгөрсөн хавар манай суманд Сүхбаатар аймгийн өмнөд бүсийн уралдаан болсон. Тэр уралдааны ажигласан туршлага дээрээ түшиглэн үүлдэрлэг байдлаар ялгасан. Ялгалтын тухайд ямар нэг маргаан мэтгээн гараагүй ээ.

-Онгончууд  одтой сайхан наадаж, олон айраг түрүү авчээ. Уяачид нь бэлтгэл сайтай байсан бололтой?

-Соёолонгоос бусад насны түрүүгээ манайхан өөрсдөө авсаан. Дорнодын Матад сумаас нэг даага айрагдаж, Уулбаян сумын азарга аман хүзүү, айргийн гуравт хурдалсан. Бид түрүү морио гурван сая, аман хүзүүгээ 2,5 сая, айргийн гурваа 2,0 сая, айргийн дөрвөө 1,5 сая, айргийн таваа 1,0 сая төгрөгөөр тус тус байлж, 6-10 хүртэлх морьдын эздийг 300,000, 11-20 хүртэлхийг 100.000, 21-30 хүртэлхийг 50.000 төгрөгөөр урамшуулсан.

-Ерөөлтийн хүрэн халзан, Энхтайваны хонгор халзан, Зоригтын хээр гээд  энэ нутгаар овоглодог хурдан хүлгүүдийг морь сонирхогчид андахгүй. Аймгийнхаа хэмжээнд Онгон сум хурдаараа хэдэд бичигддэг вэ?

-Сүүлийн үед  манайхны адуу эрс сайжирч байгаа. 2012 онд болсон аймгийн 70 жилийн ойгоор манай сумын азарга гурвалж, хязаалан дөрвөлж, соёолон таваар давхисан шүү дээ. Сая аймагт болсон зүүн бүсийн уралдаанд их морьд дараагаараа орж айрагдлаа.

-Сумын хэмжээнд хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг хичнээн хүн байна вэ?

-Монголчууд тэр аяараа моринд дуртай. Морь уяхгүй эр хүн цөөн болж дээ. Ялангуяа сүүлийн үеийн залуучууд бүр ч ихээр хурдан морь сонирхох болж. Манай сумын хэмжээнд 200-гаад хүн морь уядаг. Нэг улсын Тод манлай, 28 аймгийн Алдарт, 64 сумын Алдарт уяачтай.

-Сумынхаа 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааныг амжилттай зохион байгуулсан та бүхэнд талархал илэрхийлж, цаашдын ажилд тань амжилт хүсье. Та бүхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай.

-Баярлалаа.

А.Энхжил

Эх сурвалж: todmagnai.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна