Ажилд тусалдаггүй юм гэхэд дараа болдоггүй байх хэрэгтэй

2015 оны 10 сарын 20

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал сүүлийн үед улстөржөөд байгаа 2013-2015 оны нийслэлийн тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын чиглэлээр хийсэн ажлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хог хаягдлыг үүссэн цагаас нь дарж булж устгах хүртэлх бүхий л шатанд буцаан хэрэглэж болох зүйлсийг баялаг болгон ашиглах зорилгоорнийслэлийн айл өрхүүдэд хогны уутыг тарааж хэрэглэж хэвшүүлэх ажлыг эхэлсэн. Эцсийн зорилго нь хог хаягдлыг  анхан шатанд нь ангилан ялгаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Энэ ажилд нийт 5.8 тэрбум төгрөг зарцуулсан.Японд цаг хугацаа их шаардаж 20 жил ухуулга суртал хийж  хэрэгжүүлсэн ажлыг 2 жилийн дотор монголдоо хэрэглэж хэвшүүлж байсан. Гэтэл энэ ажлыг улстөржүүлсээр байгаад 2015 оны 3 дугаар сард зогсоосон. Хог хаягдлын тухай хууль,Төсвийн тухай хуулийг зөрчин сургууль цэцэрлэг барина гэж зүтгэсэн.Айл өрхийн хогны мөнгийг хог хаягдлыг багасгахад л зарцуулах ёстой.  Төсвийн хууль зөрчиж өөр ажилд зарцуулах боломжгүй шүү дээ.Аж ахуйн ажлыг улстөржүүлэх шаардлагагүй. Намуудын заавраар хогоо шүүрдэхгүй. Ажилд тусалдаггүй юм гэхэд дараа болдоггүй  байх хэрэгтэй. Хэдэн жилийн дараа хог хаягдлыг ангилан ялгах хэрэгтэй, хогны уут хэрэгтэй байсан юм байна гэдгийг ойлгоно. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн.Гэтэл урдаас оруулж ирсэн гэж худлаа улстөржүүлсээр байгаад унагасанд харамсаж байна. Авлигатай тэмцэх газраас шалгаад хэвийн явагдсан ажил байна гэж дүгнэсэн. Уг нь хогны уутыг үнэгүй тарааж, зузааныг нь нэмж,  иргэдэд хүндрэлгүй хүргэх үүднээс худаг хүнсний дэлгүүрээр хүртэл тараалтыг хийхээр зохион байгуулсан.

Хогны уутанд зарцуулж байсан мөнгийг хог хаягдлын менемжментийг сайжруулах ажил, эко парк байгуулах, гэр хорооллын айл өрхүүдийн бие засах газар, бохирын цооногийг ариутгах, шилдэг тохижилттой аж ахуйн нэгж шалгаруулах, цас мөс хайлуулах бодис худалдан авах, оршуулгын газруудын хамгаалалтын бүсийг хашаажуулах, тэмдэгжүүлэх ажилд зарцуулж байгаа.

Цагаан даваа, Нарангийн энгэрт эко парк байгуулж 12 хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хогийг мөнгө болгохоор өөрсдөөсөө хөрөнгө гарган хамтран ажиллаад явж байна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах үүднээс нийслэлээс дэд бүтцийн шийдвэрлэх гэж байна.

Энэ ажлын хүрээнд 99 хорооны машин хүрэх боломжгүй нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг иргэдийн бүлгээр нь гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулж байна.Тухайн хороонд амьдардаг иргэд нь орчноо цэвэрлэж байгаа.Нийслэлийн 9 дүүрэгт 153 олон нийтийн байцаагч ажиллуулж байна. Гүйцэтгэлээр нь санхүүжилтийг нь олгож хяналтыг дүүрэг, хороо, хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хийж байна.

Мөн хог тээврийн 110-120 автомашинд хог ачилтын автомат төхөөрөмж суурилуулж, хог их үүсдэг газруудад 240, 450 литрийн багтаамжтай цинкен хогийн сав байршуулахаар төлөвлөж байна. Чимээгүй хот нь суурьшлын бүстэйгээ нийлсэн байсан учраас оршуулгын газрын хамгаалалтын бүсийг тогтоож хашаажуулсан.

Ногоон байгууламжийн тухайд 2013 онд хотын гудамж талбайд 21 байршилд 350 сая, 2014 онд 76 байршилд 500 сая, 2015 онд 12 байршилд 200 сая төгрөгөөр цэцэг тарьсан. Энэ ажилд нийт 1 тэрбум 50 саятөгрөг зарцуулсан. Өвлийн -35 хэмийн хүйтрэлттэй  манайтай адил сэрүүн уур амьсгалтай  орнууд нэг наст цэгийг тарьдаг. Цаг агаар, хөрсний онцлогоос шалтгаалж олон наст цэцэг тарих нь үр дүнгүй гэсэн зөвлөгөөг олон улсын байгууллагууд өгдөг. Олон наст цэцэг тарих нь нэг наст цэцэг тарихаас илүү зардал өндөртэй. Өөрөөр хэлбэл 3-4 дахин илүү зардал шаарддаг. Арчлалт хамгаалалт их шаардлагатай байдаг. Энэ бүх онцлогийг тооцож үзээд мод бут сөөгийг илүү тарьж байгаа. Ургамлын ургалт арчилгаа тордолгооны онцлог байдлыг харгалзаж үзэх хэрэгтэй.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна