Багахангайн удирдлагуудыг шалгана

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

Багахангайн удирдлагуудыг шалгана

Багахангай дүүрэгт өнгөрсөн долдугаар сараас эхлэн гараар аргаар алт олборлогчид хууль бусаар алт олборлож эхэлжээ. Асуудал улам даамжирсаар өнгөрсөн сарын 28 ны өдөр нэг хүн харамсалтайгаар амиа алдсан байна.  Улмаар тус дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр хууль бусаар алт олборлогчдыг хүчээр зогсоох захирамж гарган, алт олборлох үйл ажиллагааг 30 хоногийн хугацаатай зогсоох, 24 цагийн хяналтанд байлгаж эхэлжээ. Өмнө нь яагаад хууль бусаар алт ухсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, шалгаагүй вэ гэдэг асуулт өнөөдөр олны анхааралд байна. Учир нь өнгөрсөн хугацаанд Багахангай дүүргийн Иргэдийн төлөөлөгчид хуралдаад, үүссэн нөхцөл байдлыг яаралтай цэгцэлж, асуудлыг шийдэх үүргийг дүүргийн засаг даргад өгчээ. Гэвч өнгөрсөн наймдугаар сарын 20-ноос Багахангай дүүргийн засаг дарга захирамж гарган холбогдох хуулиас гадуур өөрөө шууд иргэдэд зөвшөөрөл олгож эхэлжээ. Ингэхдээ олгосон зөвшөөрлөө 10 хоногт дөрвөн удаа сунгаж, давхардсан тоогоор 18 нөхөрлөлийн 155 иргэн, 53 автомашинд зөвшөөрөл олгож, нийт 15 орчим сая төгрөгийн татварыг дур мэдэн авчээ.

Хуулиараа ямарваа нэг газарт ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулах гэж буй бол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газарт хандаж, тусгай зөвшөөрлийг авах ёстой. Үүний дараа холбогдох яамдаас гаргасан шийдвэрийг үндэслэн иргэдийн хурал тогтоол гаргаж тэр тогтоолыг нь засаг дарга үндэслэн шийдвэр гаргах зарчимтай аж. Гэтэл Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны урдхан хэсэгт иргэд металл хайгч багажаар дур мэдэн хайгуул хийж, тухайн газраа шууд ухаж, алт олборлодог болсон байна.

Энэ чигээрээ иргэд дур мэдэж, засаг даргатайгаа хувилдан алт олборлоод байвал тухайн олборлолтын газрын хөрс эвдэгдэж, гүнзгий гуу жалга үүсэх эрсдэлтэй болжээ. Мөн нинжа нар хоорондоо газраа булаацалдаж,  маргалдах, зодолдох зэргээр үймээн, самуун дэгдээдэг байна. Энэ нь дахин хүний амь нас эрсдэх магадлалтай юм. Дээрээс нь гар аргаар алт олборлогчид ухаж, сэндийжсэн газраа нөхөн сэргээхгүй орхих болсон. Мөн тэднээс төвлөрүүлсэн 15 орчим сая төгрөг нь нөхөн сэргээлт хийхэд хүрэлцэхгүй зэрэг тулгамдсан асуудал олноор үүсчээ. Иймээс нийслэлийн удирдлагууд асуудлыг цэгцлэхийн тулд ашиг сонирхлын  зөрчилтэй байж болзошгүй, дүүргийн удирдлагуудын шалгахаар болжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж