Хотын дарга мэдэгдэл гаргалаа

2015 оны 10 сарын 20

МЭДЭГДЭЛ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаанаар иргэдийнх нь саналыг үндэслэн Багануур хотыг Багануур дүүрэгт, Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах шийдвэр гарсан. Ингэснээр нийслэлийн эдийн засгийн дэд бүтэц тэнцвэртэй хөгжиж, хүн амын хэтийн төвлөрлийг багасган хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах боломж бүрдэх билээ.

Налайх хотын Захирагчийг сонгох сонгуулийг энэ оны 5 дугаар сард анх удаа улстөрийн намуудын оролцоогүйгээр амжилттай зохион байгуулж, иргэдийн сонголтыг баталгаажуулсан. Үүний адилаар Багануур хотын Захирагчийн сонгуулийг өнгөрөгч долоо хоногт зохион байгууллаа.

Гэтэл Багануур хотын Захирагчийн сонгуулийн дүнг  тус дүүргийн МАН-аас өөрсдийн ялалт мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл тараах ажлыг олон нийтийн сүлжээгээр зохион байгуулсан гэх гомдлыг тус хотын иргэдээс ирүүлж байна. Хотын үндсэн дүрмийн дагуу хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшигчид бие дааж сонгуульд оролцсон байх ёстой. 
Аль нэг улс төрийн нам хотын Захирагчийг өмчлөх гэсэн, хотын Захирагч нь аль нэг улс төрийн намд үйлчлэх хандлага огт байх ёсгүй. Миний хувьд ч хот байгуулах, хотын захирагчаа сонгох асуудал зөвхөн иргэд, оршин суугчдын чин хүслийн илэрхийлэл тул улс төрөөс, намаас ангид байх ёстой гэсэн зарчмыг хатуу баримтлах болно.

Хэрэв сонгуульд улс төрийн нөлөөлөл орсон байвал сонгогдсон Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулахгүй бөгөөд шинэ сонгууль зарлах нөхцөл үүснэ гэдгийг мэдэгдэж байна.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

                                                     

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна