АХБ-ны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2015 оны 10 сарын 20

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Азийн Хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шулхаммер болон түүний багийнхныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төсөлд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч буйг дуулгахад таатай байна. Төслийн үр дүнд Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагаанд нөлөө үзүүлж, сургалтын чанар дээшилснээр төгсөгчдийн ур чадвар сайжирч тэр хэрээр хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм” хэмээгээд Азийн Хөгжлийн банкнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 20 гаруй жилийн өмнөөс хэрэгжсэн төслийн үр дүн олон монгол айлын өрхийн орлого нэмэгдэж амьдрал сайжрахад нөлөөлснийг тэмдэглэв. Тэрбээр мөн шинээр хэрэгжих гэж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” L3242-MON төсөл нь Хөдөлмөрийн яаманд хэрэгжиж байгаа гадны долоон төслийн нэг бөгөөд төслийн удирдах хороо болон хэрэгжүүлэх нэгж байгуулагдаж үйл ажиллагаа нь эхлэхэд бэлэн болсон тухай мэдээллийг цаг тухай бүрт нь авч, анхаарал тавьж байгаа гэдгээ Азийн Хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шулхаммерт дуулгасан.  

Азийн Хөгжлийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжих уг төслийн үр нөлөө нь хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр гэсэн зорилтот гурван салбарт мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх ур чадварыг сайжирч хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо бүрдэж бэхжих учиртай. Өөрөөр хэлбэл,  мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан хэрэгтэй салбарт шаардлагатай мэргэжилтнийг  бэлтгэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзэж буйг уулзалтад оролцогчид ярьж байлаа.

Ноён Роберт Шулхаммер Монголд эдийн засгийн хурдтай өсөлтөөс илүү ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч, эдийн засгийг төрөлжүүлэх нь нэн тэргүүний зорилт байх учиртайг онцлоод “Бид Монгол Улсад 20 гаруй жил ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийг  тэлэхэд анхаарсан. Харин энэ удаагийн төслөө ажиллах хүчний ур чадварыг сайжруулахад чиглүүлж байгаа. Ажиллах хүчин чадварлаг байж улс хөгжинө. Түүнээс гадна энэ бол хөдөлмөрийн зах зээл бусад салбартайгаа нягт уялдаатай хөгжих нэг гарц юм” хэмээгээд Азийн хөгжлийн банкны зүгээс Монгол Улсад “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн” болон “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслүүдийг хэрэгжүүлж буйгаа товч танилцуулсан. Тэрбээр мөн Азийн Хөгжлийн банкнаас Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичиг болон 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргахаар ирсэн багийнханд хэрэгцээтэй судалгаа мэдээлэл, саналаа өгч дэмжиж ажиллахыг Хөдөлмөрийн сайдаас хүслээ.

Уулзалтын төгсгөлд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Азийн Хөгжлийн банкныханд талархал илэрхийлээд Монгол Улс хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзаж хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж чадвал хөгжилд хүрэх бодлогыг баримталж буй энэ цаг үед “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн ач холбогдлыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн юм.

Г.НАРАН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна