“Занданшуулсан шарил увидас ихтэй”

2015 оны 10 сарын 20

Сэтгүүлч:
Архангай

Сонгинохайрхан дүүрэгт айлын хашаанаас олдсон лам хүний занданшуулсан шарилыг сэргээн засварлах ажлыг Гандантэгчинлэн хийдэд хийж дууссан байна. Энэхүү онгоныг Цэвээн-Арашийн Чүлтэмжамц /ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн хувилгаан/-ын баруун гарын шавь цорж аграмба Р.Санжайжав  болохыг тогтоожээ.  Эдгээр лам нар нь эрдэм ухаан увидасаараа түмэн олныг бишрүүлж, нутаг орноо гадны элдэв халдлагаас хамгаалж, өвчин зовлонгоос түмэн олноо аварч байсан бодит жишээ олон байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, Ц.Чүлтэмсүрэн, аграмба Р.Санжайжав нарын занданшуулсан шарилын увидас Итгэл хамбынхтай адил байсныг өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц онцолж, эрдэмтэн судлаачид энэ талаар  мэдээлэл хийлээ. Ийнхүү олон төрлийн увдистай багш, хамба лам нарын шарил гарч ирсэн нь хүн арддаа адис жанлаваа хайрлах цаг нь бүрдсэний шинж гэж тэргүүн хамба лам Д.Чойжамц тайлбарлав.

Лам нар занданшсан төлөв байдалд шилжсэнээс хойш  шүтээний оршин буй нутагт сүүлийн 120 гаруй жилийн хугацаанд ган зуд, аянга зэрэг байгалийн онцгой гамшигт үзэгдэл тохиолдоогүй. Мөн тэр нутагт нэг бус удаа гал түймэр болоход занданшсан шарилын орчим газар нутгийг зориуд мэтээр тойрч өнгөрдөг байсан.  Харин өнгөрсөн хавар нэг шүтээнт шарил байрнаасаа зүй бусаар хөндөгдсөн зохисгүй тохиолдол гарсан бөгөөд долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тухайн газар нутагт гэнэтийн цочир хүйтрэл болж, хүйтэн бороо, цас орж уг нутгийн хэд хэдэн айлын мал олноор үхэж үрэгдсэн явдал гарсан нь занданшсан шүтээнийг зүй бусаар хөндсөнтэй холбоотой хэмээн Архангай аймгийн Цахирт сумын сүсэгтэн олон үзэж байгаа ажээ.

Аграмба Р.Санжайжавын занданшуулсан шүтээнийг энэ сарын 21, 22-ны өдөр Гандантэгчинлэн хийдэд байршуулан сүсэгтэн олонд мөргөл залбирал хийх боломжыг олгох юм байна. Дараа нь  энэ сарын  24, 25-ны  өдрүүдэд Архангай аймгийн Цахир сум буюу увидаст шарилыг хуучин байсан байранд нь буцаан зална. Монгол Улсад одоогоор бясалгасан занданшуулсан увидаст шарил 2-3 байдаг аж. Үүний нэг нь IX Богд Жавзандамба хутагтын занданшуулсан шарил юм. Түүхийг сөхвөл 17 дугаар жарны Баясгалан хэмээх усан луу жилийн хаврын эхэн сарын шинийн найманд буюу Бурхан багшийн их дүйцэн 15 өдрийн хамгийн оргил өдрийн өглөө Богд лам харамсалтайгаар таалал төгссөн байдаг. Үүнээс хойш гурван жил орчмын хугацаанд Гандантэгчэнлин хийдийн лам, судлаачид онгоныг занданшуулж, шүтээн болгожээ. Улмаар ирэх арваннэгдүгээр сарын эхээр Гандантэгчэнлин хийдийн хоймороо залж, сүсэгтэн түмэнд мөргөл хайрлах боломжыг олгохоор төлөвлөжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна