Баавгай агнасан этгээд 13 сая төгрөгийн торгуультай

Хуучирсан мэдээ: 2015.10.20-нд нийтлэгдсэн

Баавгай агнасан этгээд 13 сая төгрөгийн торгуультай

Баян-Өлгий аймгийн Алтай сумын багийн Засаг дарга, байгаль хамгаалагч, тусгай хамгаалалтай газрын улсын байцаагч Ш, Б, С нар, нутгийнхаа зарим иргэний хамт энэ сарын 12-ны өдөр Ёлтын тусгай хамгааалттай газраас хүрэн баавгай агнажээ. Тэдний хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн бөгөөд өөрсдөө  уг хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна. Монгол орны хэмжээгээр хүрэн баавгайн тоо толгойг одоогоор тогтоогоогүй байдаг ажээ. Уг сүрлэг амьтан “Улаан ном”-нд орсон, ховор амьтны жагсаалтад орсон учраас агнахыг хориглосон байдаг.

Хэрвээ баавгай агнасан нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ ховор амьтан агнавал экологийн хохирлыг хоёр дахин нөхөн төлүүлэхээр Засгийн газрын тогтоолд заажээ. Уг үнэлгээгээр хүрэн баавгайн экологийн үнэлгээг 6.5 сая төгрөгөөр тогтоосон ба гэмт этгээдүүд улсад 13 сая төгрөг төлнө гэсэн үг ажээ.

Ц.БАЯР

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж