Ч.Хашчулуун: Монголчууд зовлонгоо өөрөө “үйлдвэрлэсэн”

2015 оны 10 сарын 21

МУИС-ийн багш, доктор, эдийн засагч Ч.Хашчулуунтай уулзаж ярилцлаа.


-Монголын эдийн засаг “өвдөөд” их удлаа. Өвдөлтийн шокноосоо болоод өдөр ирэх тусам борцлогдож байна. Энэ өвдөлтийг намжаая гэвэл Монгол Улс яах ёстой юм бол. Ингээд л хоорондоо талцаж хэрэлдээд, “эдийн засгийг чи унагаасан, би буруугүй” гээд маргалдаад суумааргүй байх юм?

-Монголбанкнаас ярьж байгаа шинэ эдийн засгийн тэнцвэрийн бодлого эдийн засгийн хямралаас гарахад нэлээд дөхөм болох байх. Уг нь улстөрчид энэ талын ойлголттой болчих ёстой юм л даа.

-Нээрэн сүүлийн үед “Эдийн засгийн шинэ тэнцвэр” гэсэн шинэ нэр томъёог Монголбанкнаас гаргаж тавих болсон байна лээ. Зарим хүмүүс, ялангуяа улстөрчид бол энэ талаар ойлголт муутай байгаа бололтой санагдсан. Ингэхэд шинэ тэнцвэр гэж яг юуг хэлээд байгааг эдийн засагч хүний хувьд та ойлгомжтой тайлбарлаж өгөөч?

-Дэлхийд зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 2000 оноос эхлэн өссөн. Харин 2006 оноос 2013 он хүртэлх хугацаанд эрдэс баялгийн үнэ хамгийн өндөр түвшинд байлаа. Үүнийг уул уурхайн мөчлөг буюу супер цикл гэж манайхан хэлээд байгаа юм. Эрдэс баялгийн үнэ өсч, орж ирсэн орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор УИХ-аас Үндэсний хөгжлийн бодлогыг 2008 онд баталсан юм. Энэ бодлогын хүрээнд  дэд бүтэц, уул уурхайгаас өөр салбаруудыг дэмжихээр болсон. Тухайлбал, “Атрын аян-III” байна. Мөн  “Шинэ бүтээн байгуулалт”, “Гудамж” хөтөлбөр боловсруулж, үйлдвэржилтийн бодлого гаргаж тавьсан.

Ердөө л арав хүрэхгүй жилийн дотор Монголын эдийн засаг маш хурдтай өсч, эдийн засгийн хэмжээ 10 дахин нэмэгдсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, байгаа нөөц бололцоо, уул уурхайн баялаг, хөдөө аж ахуйн боломжуудаа ашиглаж чадсаны хүчээр өсөлтөөс гарсан хөрөнгөөр олон төрлийн нийгмийн бодлого, халамж, хөдөө орон нутаг, нийслэлийг хөгжүүлэх бодлогуудыг ч хэрэгжүүлсэн.

-Гэхдээ тэр үеийн өсөлтийг бодит өсөлт байгаагүй гэдэг шүү дээ. Хөөстэй өсөлт хагарахдаа эдийн засагт “өвдөлт” өгч байна гэж эрх баригчид шүүмжилдэг?

-Уул уурхайн цикл өөрөө ээлжтэй байдаг. Харамсалтай нь, дэлхийн зах зээлд уул уурхайн супер цикл унаж, дээрээс нь монголчууд бид томоохон төслүүд болох Тавантолгой, цахилгаан станцууд, төмөр зам, боловсруулах хүнд аж үйлдвэрийн төслүүдээ хэрэгжүүлэлгүй цаг алдсан. Уул уурхайгаас хэт хамааралтай байдлаа багасгаж чадалгүй, нөгөө талдаа хөрөнгийн дотогшлох урсгалаа нэмэгдүүлж чадалгүй уналтын үетэй нүүр тулчихлаа. Тийм учраас макро эдийн засгийн шинэ нөхцөлд бодлогоо шинэчлэх хэрэгтэй байгаа юм. Энэ байдлыг Монголбанкнаас эдийн засгийн “шинэ тэнцвэр” гэж нэрлээд байна.

Өөрөөр хэлбэл, бидний хувьд дэлхийн зах зээлийн шинэ байдалтай зохицох, уул уурхайн уналттай үед улс орноо өөр бодлогоор хөгжүүлэх гарцаа олох ёстой гэсэн үг. Үүнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан олон бодлогын алдааг нэрлэж болно. Арван таван жилийн өмнө 2000 оноос ялгаатай зүйл гэвэл маш жижиг, цомхон байсан Монгол Улсын эдийн засаг одоо бол томорчихлоо.  ДНБ-ийн хэмжээгээр Армени, Гүрж, Кыргыз улсаас даваад ирчихлээ. Иймээс шинэ нөхцөлд эдийн засгаа шинэ бодлогоор хөгжүүлэх шаардлагатай болсон гэж ойлгох хэрэгтэй.

-Эдийн засгийн шинэ бодлогын онцлог нь юу юм бэ?

-Шинэ эдийн засгийн бодлогын онцлог гэвэл, нэгдүгээрт өмнөх үеэс нийгмийн бодлого, халамжийг эргэж харах зайлшгүй хэрэгтэй гэсэн үг.  Халамжийг зөвхөн зорилтот бүлэг рүү илүү чиглүүлэх шаардлагатай юм. Хоердугаарт, уул уурхайн хараат байдлаас ангижрахын тулд тариалан, эрчимжсэн хөдөө аж ахуй, эрчим хүч, хүнд аж үйлдвэрийн төслүүдээ бодитой дэмжиж хөгжүүлэх ёстой. Гуравдугаарт, инноваци технологийн өсөлтийг дэмжиж хэрэгтэй. Үүний хүрээнд шинэ биотехнологи, харилцаа холбооны салбар болон аж үйлдвэр, боловсрол шинжлэх ухааныг инновацийн төслүүдээр холбох хөгжүүлэх ёстой.

Энгийн үгээр хэлбэл, Үндэсний хөгжлийн цогц бодлогын дагуу томоохон уул уурхайн ордуудаа эргэлтэнд оруулах, ойрын үед гадаадын хөрөнгө оруулалтыг илүү хурдацтай татах хэрэгтэй гэсэн үг. Харин төр өөрийн нөөцөө өөр бусад салбарууд руу чиглүүлэх ёстой юм.

-Төр уул уурхайн томоохон төслүүдээс гараа татаж чадах уу. Төслийг гацааж байгаа гол субъектив бол төр өөрөө шүү дээ?

-Төр уул уурхайтай байнга зууралдаад байна. Үүний уршиг нь  мэргэжлийн түвшинд яригдах учиртай хөрөнгө оруулалтын төслүүдийг бараг л долоон буудлын Долгор, Дондог хоёр цай уухдаа хов болгоод сууж байна. Ямар телевизээр гардаг олон ангит солонгосын сериал ярьж байгаа биш шүү дээ. Тавантолгой, Оюутолгой бол хөрөнгө оруулалтын том төсөл болохоос  хүн бүхний мэддэг, ярьдаг солонгосын сериал биш.

Уг нь төр бодлогоор эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйгаа дэмжих дараагийн “Атрын аян-IV”-ийг эхлүүлэх ёстой. Цаашлаад  нийгмийн халамжаа үр өгөөжтэй болгох, нийгмийн даатгалын асар их дарамттай байгаа тогтолцоогоо эрүүлжүүлэх хэрэгтэй.  Аж үйлдвэрийн томоохон төслүүдийг төр,хувийн түншлэлийн хүрээнд дэмжиж хэрэгжүүлэх бол төрийн үүрэг. Инновацийг огт хөрөнгөгүй, эзэнгүй байлгах бус хувийн хэвшил, их дээд сургуулиудад холбож өгөх л ажлуудыг төр хийх ёстой юм. Өөрөөр хэлбэл, төр хөгжлийн цогт бодлогоо томоор харах ёстой болохоос Тавантолгойг тойроод хоорондоо хэрэлдээд суухыг хэлдэггүй.

-Хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх мөнгө Монгол Улсад алга. Цалин тэтгэврээ тавьж чадахгүйдээ тулаад байгаа Зассгийн газар юу хөгжлийн бодлого манатай байна?

-Мэдээж, одоо ингэж дорвитой алхмуудыг хийхэд бондын мөнгө нь дуусчихсан, өрөнд баригдсан байгаа нөөцүүдийг үүнд чиглүүлэхэд хэцүү байгаа нь ойлгомжтой. Гэлээ ч гэсэн одоо л хувийн хэвшилтэй хамтрах цаг болсон. Өнгөрсөн зургаан жилд төр өөрөө бүгдийг хийнэ гээд говьд баахан шороо л босголоо. Төмөр замаа барьж чадсангүй. Нүүрс баяжуулах, ган хайлуулах үйлдвэр нь боссонгүй.  Нефть боловсруулах үйлдвэр барина гэсэн хаана байна. Харин ч хэвийн явж байсан хувийн хэвшлийн ажлыг булааж аваад төмөр зам нь ч, нефть боловсруулах төслүүд нь ч сураг алдарлаа. Сүүлдээ энэ талаар дуугарахаа ч больж. Иймээс  шинэ эдийн засгийн бодлогоор төрийг цомхон боловч бүтээлч, хувийн хэвшилтэй хамтардаг болгох ёстой. Төр тэднийг дарамталж ажлыг нь булаадаг бус харин ч тэдний нөөцийг ашиглаж өөрийн төсвөө хэмнэдэг байхыг шинэ тэнцвэр гээд байгаа юм. Ямар ч байсан Концессийн хуулийг шинэчлэн найруулж, Төр хувийн түншлэлийн хууль болгож яаралтай батлах хэрэгтэй байна. Хувийн хэвшлийн хөрөнгөөр сургууль, эмнэлэг, цэцэрлэг, дэд бүтцийн асуудлуудаа шийдэх боломж байна. Иргэдэд хямд, чанартай үйлчилгээг хүртээж, төр хувийн түншлэлийн гэрээгээ урт хугацаагаар бодож байгуулах нь зүйтэй. Яг одоо санхүүгийн нөөц улсад байхгүй ч ингэснээр ирээдүйн орлогыг ашиглаж, одоогийн бүтээн байгуулалт болгосноор манайх хямралаас гарна.

-Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн таван жилд байгаагүй хамгийн доод төвшинг зааж байна. Хэдийгээр хөрөнгө оруулагчид Монголыг сонирхсон хэвээрээ байгаа ч хөрөнгө оруулахаас болгоомжлоод байгаа шалтгаан юу вэ. Хятадын эдийн засгийн удааширалт уу аль эсвэл манай улстөрчдийн хоорондын хэрүүлтэй холбоотой байна уу?

-Аль, аль хүчин зүйлс нөлөөлсөн. Монгол Улсын хувьд 2012 оноос хойш гурван Засгийн газрыг солило. Сайд нар нь сар жилээр л солигддог болсон. Ахиад л засгаа огцруулна, сайдаа чөлөөлнө гээд яриад явж байх юм. Засаг солигдож, сайдыг өөрчилнө гэдэг цаанаа Монгол төрийн залгамж чанар алдагдаж байна гэсэн үг. Үүнийг дагаад төр хянаж шалгах, бодлогоо зөв төлөвлөх чадваргүй болдог. Сайдаасаа шалтгаалж бүхэл бүтэн салбарууд унах ч жишээтэй. Салбараа битгий хэл юугаа ч мэдэхгүй хүнийг сайд болгочихож байна.

Ийм байхад, гадныхан байг гэхнээ манайхан өөрснөө тухайн салбарт ямар бодлого төлөвлөсөн, тэр нь бусад салбаруудтай ямар уялдаатай юм гэдгийг ч ойлгохоо болиод байна. Гадны хөрөнгө оруулагчид манай байдлыг хараад энд хөрөнгө оруулах биш, эндээс эртхэн зугтая гэж л бодож байгаа шүү дээ. Нэг том төсөл дээр гэхэд төрийн гурван өндөрлөг гурван өөр юм яриад яваад байх жишээтэй. Тэгэхээр чинь хөрөнгө оруулагчид хэн нд итгэх билээ.  Ийм ойлгомжтой нөхцөлд алсыг харсан, шинэ технологит суурилсан хөрөнгө оруулалт орж ирэхгүй л болов уу?

-Тэгэхээр монголчуудын амсч байгаа өнөөдрийн зовлонг өөрсдөө “үйлдвэрлэсэн” гэж та дүгнэж байгаа бололтой юм аа даа?

-Бидэнд учраад байгаа зовлон цэвэр манай өөрийн “бүтээл”. Хатуугаар хэлэх юм бол бидний дээр байгаа төр, улс төрчдийн арчаагүй байдлын үйл лай гэж хэлж болно. Дэлхийн уул уурхайн салбар хүнд байгаа нь үнэн. Гэхдээ дэлхийн улс орнууд уул уурхайн салбар уналаа гээд манайхан шиг наанаа баахан зовлон тоочоод цаанаа байлдаад байгаа юм хаана байна. Хямралаас хохирол багатай гарахын тулд дэд бүтцээ барьж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхээр зүтгэж байна. Гэтэл манайхан шиг  найман жил ярьсан 280 километрхэн төмөр замаа тавьчихаж чадахгүй “зодоон” хийгээд сууж байгаа улс байна уу? Хятадыг хар л даа, экспортод чиглэсэн хөгжлийн бодлогоо яаж зохицуулж байгааг. Тиймээс бидний хувьд эхний ээлжинд Оюутолгой үйлдвэрийг дотоодын хямд цахилгаанаар хангах, нүүрсний экспортын төмөр замыг бушуухан барьж дуусгах ёстой. Өөрөөр хэлбэл, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх ажлуудыг хийвэл манай уул уурхай, түүнтэй холбоотой гадаадын хөрөнгө оруулалт ч сэргэх бүрэн боломж байна.

-Энэ жилдээ лав Тавантолгой, Гацуурт гэсэн томоохон төслүүд хөдлөхгүй нь тодорхой боллоо. Гэтэл ирэх 2017 оноос Чингис бондыг өрийг төлж эхэлнэ. Өрийг өрөөр дарна гэж манайхан яриад байх юм. Тийм боломж байна уу?

-Өрийг барагдуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж, бодлогыг нь баталсан байгаа. Үүнтэй холбоотой гурван чухал асуудал байна. Нэгдүгээрт, хөгжлийн бодлогоо албан есоор батлан, үр ашгаа маш сайн тооцож, бондын санхүүжилтийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, эхлээд хийх ажлуудаа, тэдгээрийн үр ашгаа зөв тооцож, тодорхойлж, дараа нь түүнд зохисон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг хуваарилах хэрэгтэй. Гэтэл манайхан эхлээд Чингис бондоо гаргаад дараа нь хэрэгжүүлэх төслүүдээ хайгаад явж байсан шүү дээ. Нэг сайд нь гэнэт 888 гэсэн үлгэрийн тоо гаргаж ирээд л. Манай сайд, дарга нарыг төслөө хайж гүйх хойгуур хүүгийн төлбөр нь урсаад л байсан. Бондоор санхүүжсэн тэр 888 төслүүд нь хоорондоо ямар уялдаатай, дэс дараатай гэдгийг огт бодолцоогүй. Өнгөрсөн хугацаанд бондын санхүүжилтийг харахад, багахан хэсэг нь л аж үйлдвэрийн салбарт орсон байна лээ. Тэгэхлээр, 2012 онд ярьж байсан эдийн засгийг солонгоруулах ажил ч үндсэндээ хөрөнгөгүй болж зогссон, уул уурхай хараат байдлаас мөнгө байсан ч салж чадсангүй.

-Хамгийн гол нь одоо яах ёстой юм бэ?

-Ямар ч байсан дахиж энэ алдааг давтахгүй байх нь чухал. Эхлээд хөгжлийн бодлогоо тодорхой болго. Дараа нь түүнд суурилсан хөрөнгө оруулалтын төслүүдээ сонгож, санхүүгийн нөөцөө дайчлах нь зөв. Хоёрдугаарт, эргэн төлөлтийн хувьд олон хувилбар яригдаж байгаа ч ямар ч нөхцөлд эдгээр бондыг төлөх нь гарцаагүй. Нэг зээлийг нөгөө зээлээр төлсөн ч эргээд арван жилийн дараа ахиад л өр төлбөртэйгөө сууж байх нь тодорхой. Миний бодлоор дараагийн 10-15 жилүүдийн зарлага, орлогоо сайтар бодитой тооцож, жил болгон тодорхой хуримтлалыг үүсгэмээр байна. Цаашлаад санхүүгийн маш хатуу сахилга баттай болмоор байна. Өнөөдрийнх шиг төсөв хэлэлцэхээр чуулгандаа гишүүд нь суудаггүй. Төсөл ярихаар хэл амаа билүүдээд ороод ирдэг байж болмооргүй байна. Төсвийг замбараагүй өөрчилдөг, болсон болоогүй төслүүдийг шахдагаа л больчих ёстой л доо.

-Төсөв бол одоо ид “хэрүүлийн алим” болж байна. Нэг хэсэг нь дэд сайдаа цомхотгож, төрийн албыг цөөрүүл гэх юм. Нөгөө хэсэг нь огт цомхотгож болохгүй гэж байна. Тэгээд аль нь зөв юм бэ?

-Германд парламент нь засгийн оруулсан төсвийг эсвэл батлана, үгүй бол буцаана. Түүнээс өөрснөө дураараа өөрчилдөггүй. Энэ зарчмыг л барих ёстой юм. Манай улстөрчид бол бүгдээрээ Сангийн сайд болчихсон,  нэг нэг том ном барьчихаад л, сум орон нутаг, цэцэрлэг сургууль бүр дээрээ тооцоо хийгээд, тойрогтоо мөнгө салгах гээд чичрээд сууж байдаг. Мэдээж засгаас боловсруулсаг төсөв нь бодитой, тооцоотой, хөтөлбөрт суурилсан, үр өгөөжтэй, алсын бодлого хараатай, маш сайн төлөвлөлттэй байх хэрэгтэй л дээ. Нөгөө талаасаа бол яам албан газар, аймаг орон нутаг гээд  бүх түвшинд бодлогоо маш сайн төлөвлөдөг, улс төрөөс хараат бус, мэргэжлийн тооцоонд суурилсан, дээрээс нь хэрэгжилт зарцуулалтыг сайтар хянадаг болох естой. Өрийн төлбөрийг хийхийн тулд эдийн засгийн өсөлтөө өндөр түвшинд байлгах, улсын татварын орлогыг дорвитой нэмэгдүүлэх хэрэгтэй. Өсөлт удааширч, жилд таваас доош хувьтай байвал энэ нь бондын эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлнө гэж ойлгох хэрэгтэй.

-2017-2023 онд Монгол Улс нийтдээ 4.4 тэрбум ам.долларын өрийг төлнө. Энэ мөнгийг яаж төлөх боломж байна. Эдийн засагч хүнийхээ хувьд та эрх баригчдад юу гэж зөвлөх вэ?

-Юуны өмнө дээр дурдсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоогоо маш сайн болгож, цэгцлэх хэрэгтэй. Мөн хянах шалгуур үзүүллэлттэй болж, эдийн засаг, санхүүгийн нөөцөө төлөвлөх ёстой. Дараа нь ахиц дэвшлээ маш сайн харах чадвартай байх шаардлагатай. Ингэхдээ энэ ажлыг хийх төрийн төв байгууллагатай болох ёстой юм. Өнгөрсөн хугацаанд Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулаад, болохгүй байна гээд л татан буулгасан. Хувь хүнээс болж татан буулгасан яамны ажлыг хэн хийж байгаа нь тодорхойгүй байна. Тэгээд ч эдийн засаг нь сайжирсан юм алга. Гэтэл эдийн засаг, хөгжлийн бодлогогүй явж ирснээс болж яаж хямарч байгааг хар л даа. Байгаа боломжуудаа алдаж, улсын эдийн засаг бүхэлдээ алсын хараа бодлогогүй, зохицуулалтгүй, нэгдсэн удирдлагагүй болчихлоо шүү дээ.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хөгжлийн бодлогоо хариуцсан тусгай яамтай болохоор яригдаад байгаа?

-Үндсэн хуулийн шинэчлэлийн төсөлд хөгжлийн бодлогыг хариуцсан нэг яамны нэр явж байгаа гэнэ лээ. Тогтвортой хөгжлийн яам гэсэн байх. Ямар ч байсан энэ яам Монгол Улсын хөгжлийн бодлогын тодорхойлдог, авч явдаг байгаасай гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, тогтвортой эдийн засаг, ногоон хөгжил, иннновацийн асуудлуудыг түүнд хариуцуулж улс орон нь бодлоготой, цэгцтэй, алсын хараатай хөгжөөсэй гэж хүсч байгаа. Ингэсэн тохиолдолд бондны мөнгийг эргэн төлөлтийг оновчтойгоор зохион байгуулах, төлбөрийн хуваарь, төлөвлөгөөг гаргаж ажиллахад амархан болно. Нөгөө талдаа эдийн засгийн өсөлт, ногоон хөгжлийн асуудлуудыг хамтад нь шийдэж зохицуулах, хэрэгжүүлэх боломж гарна.

Тэгэхгүй бол дараагийн арван жил ямар ч хөгжлийн стратеги, бодлого байхгүй, өдөр тутмын гүйлгээнд дарагдсан, хүү, бондын төлбөртэй ноцолдсон Сангийн яамтай үлдэх вий. Ингэвэл, Монгол Улс улам хүнд байдалд орно гээд хэлчихвэл муу ёрлосон болохгүй биз. Харамсмаар нь, дэлхийн улс орнууд өнөөдөр 21-р зууны технологийн хувьсгал, шинэчлэлийг ярьж байхад манайх нөгөө л үлгэр домог болсон аж үйлдвэрийн ганц парк, говьд овоолсон шороогоо яриад сууж байгаа нь инээдэм гэхээс эмгэнэл юм даа.


ТАВАНТОЛГОЙ НЭГ, ХОЁРХОН ХҮНИЙ ҮЗЭМЖЭЭР ШИЙДЭГДДЭГ ТӨСӨЛ БИШ

-Засгийн газраас буцааж татсан Тавантолгойн гэрээний төсөлтэй та танилцсан уу. М.Энхсайхан сайд үнэхээр “но”-той гэрээ байгуулах гэж байсан юм болов уу. Хэн нь үнэн яриад, хэн нь худлаа яриад байгаа нь бүр ойлгогдохгүй юм?

-Тэр төслийн олон нийтэд танилцуулсан хувилбарыг олж үзсэн. Төсөлд манай улсын “Чалко”-д өгөх өрийг дараад, төмөр зам барьж өгөөд, тодорхой хугацааны дараа улсад үнэгүй өгөхөөр хөрөнгө оруулагчидтай тохиролцсон юм билээ. Цаашлаад цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдэж өгөх, нүүрс боловсруулах 30 сая тонны хүчин чадалтай үйлдвэрийг барьж, нэмүү өртгийг бий болгох, бүтээн байгуулалтлын шат болгоныг улсын хяналтын доор хийх, ТЭЗҮ-г батлуулах замаар, концессийн хүрээнд ажиллаж, улсаас нэг ч төгрөг зардал гаргахгүй гээд олон зүйлийг суулгасан байсан.

- Их л муу гэрээ болсон талаар зарим улстөрчид буруутгаад байгаа шүү дээ?

-“Эрдэнэс МГЛ” компани нь төслийн компанийг байгуулж удирдах юм билээ.  Толгойны өвчин болсон нүүрсний борлуулалтыг баталгаажуулж, бүтээгдэхүүнийг зөвхөн БНХАУ-д биш, гуравдагч орнууд руу экспортлох, улсын орлогыг нэмэгдүүлэх гол зүйлүүд л багтаасан байна гэж би хувьдаа үнэлсэн. Концессийн гэрээ гэдэг чинь үндсэндээ бүх ажлыг хувийн хэвшил өөрийн зардлаар хийж, улс өөрөөсөө нэг ч төгрөг, зардал гаргахгүй л гэсэн зарчим шүү дээ. Үүнийг л баримталсан байсан болов уу гэж бодож байна.

Уг төсөл асар том. Оюутолгойгоос дутахгүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн. Төмөр зам үйлдвэр зэрэг асуудлаа багтаачихсан, зөвхөн олборлоод ухаад хаячих зүйл энд яригдаагүй.  Тиймээс цар хүрээ нь өргөн, магадгүй манай зарим хуулийн заалттай бүрэн нийцэхгүй зүйлүүд байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ л бүх чухал асуудлуудын талаар тодорхой шийдлийн төсөөлөлтэй, улсад ашигтай төсөл болсон болов уу гэж бодож байна. Учир нь манай улсын хүсч байгаа зүйл бол төмөр замаа барих, стратегийн ордуудаа эргэлтэд оруулах, гуравдагч орнууд руу экспортлох, нэмүү өртгийг бий болгож, ажлын байр нэмэгдүүлэх, татварын орлогыг өсгөх явдал байгаа шүү дээ. Түүнээс биш, төр өөрөө нүүрс зөөгөөд л ухаад байх нь гол биш байх.

-Төр өөрөө төмөр замаа барина гээд зүтгээд байх юм. Бидэнд төмөр замаа өөрөө барих мөнгө байна уу. Хэрэв зарим улстөрчдийн барьж байгаа зарчмаар явбал төр төмөр замынхаа 51 хувьтай тэнцэх мөнгөө гаргах ёстой. Цалингаа арай гэж тавьж байгаа улсад 600-700 сая доллар гаргах мөнгө хаанаас олох юм бол?

-Хэрэв гэрээний төсөл үнэхээр зарим хуулийн тодорхой заалтуудтай таарахгүй байсан бол тэр нийцэхгүй байгаа зүйлүүдийг гэрээнд залруулж өөрөөр тусгаж болно. Тэгээд ч манай хуулиуд төгс төгөлдөр биш шүү дээ. Шилжилтийн үеийн хуулиуд учраас заримдаа ойлгомжгүй, тодорхойгүй заалтууд зөндөө байдаг. Тэр хуулиудаа тэгвэл сайжруулж боловсронгүй болгож болно шүү дээ. Гэтэл шинжээчдийн бүлэг нь хөрөнгө оруулалтын төслийн хэлэлцүүлэг ч олигтой хийгээгүй. УИХ-д оруулаагүй.

-Харин ч УИХ-аар оруулалгүй төслийг гацаасандаа маш их баяртай байгаа шүү дээ, УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхэн?

-Аливаа төслийг сайн, муу болсныг УИХ-аар оруулж байж хэлэлцэх ёстой. Тавантолгой нэг, хоёрхон хүний үзэмжээр шийдэгдэг төсөл биш байх л даа. УИХ-д оруулахгүй, дээр нь төслийн сайн муу талыг хараат бус хүмүүсээр дүгнэлт гаргуулахгүй, шууд л “муу төсөл” гэж дүгнэх нь өрөөсгөл юм. Би хувьдаа хөндлөнгийн хараат бус эдийн засагчдаар дүгнүүлээгүй, зөвхөн өөрийн үзэмжээр харлуулж, болохгүй байна гэдэг байр сууриас илт хандаж, шийдээд байсныг гайхаж л байсан. Уул нь том төслийг Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар л шийддэг болохоос хэсэг шинжээчид, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс хөндлөнгөөс нь шийддэг гэж сонсоогүй юм байна. Ажлын хэсгийнхний үүрэг бол төсөлд дутагдал байвал түүнийг тодорхойлж, төслийг сайжруулах талаар санал зөвлөмж гаргаад УИХ-д танилцуулах ёстой. Түүнээс Засгийн газрын төслийг дүгнээд буцаадаг эрх мэдэлтэй байгууллага бол биш болов уу. Мэдээж, улсад төмөр замыг үнэгүй шилжүүлэх хугацаа, бусад зүйл дээр санал нийлэхгүй байж болно. Гэхдээ үүнийг шийдэх нь УИХ-ын ажлын хэсгийнхэн бус төрийн байгууллагуудын эрх, үүрэг байгаа шүү дээ. Тавантолгой төсөл ийм ойлгомжгүй замаар явснаас болж Монгол Улсад хэн нь юу шийддэгийг гадны хөрөнгө оруулагчид ойлгохоо больсон. Гадныхан төдийгүй манайхан өөрсдөө ч ойлгохгүй будилаад сууж байхад шүү дээ. Ийм байж хөрөнгө оруулагчдын итгэлцлийг сэргээнэ гээд улстөрчид яриад байгааг ойлгохгүй юм. Миний хувьд УИХ-ын гишүүн биш, улстөрч биш, хуульч биш, жирийн эдийн засагчийн байр сууринаас харахад ийм л байна.

-Ингэхэд Тавантолгой хөдлөх боломж харагдаж байна уу. Тавантолгойг ер нь ямар зарчимаар хөдөлгөвөл эдийн засагт ашигтай вэ. Өөрөөр хэлбэл, энэ төслийг төр өөрөө хариуцаж хэрэгжүүлэх ёстой гэж зарим хүмүүс яриад байгаа болохоор л асууж байна?

-Ер нь би бодлоо дээр хэлчихсэн шүү дээ. Ашигт малтмалын зах зээл маш их эрсдэлтэй, өндөр зардалтай, тиймээс төр өөрөө нүүрс ухаж, түүнийг тээвэрлэх гэж сандрах шаардлагагүй юм л даа. Төр төмөр замаа өөрөө барина гэж бөөн төсвийн болон бондны мөнгө гаргаад эцэстээ их алдагдалтай үлдэх нь маш буруу алхам. Түүний оронд бүх эрсдлийг хувийн хэвшилд үүрүүлж, төр өөрөө татвар, нөөц ашигласны төлбөрөө нэхээд, аваад сууж байвал зөв. Хувийн хэвшлээр концессийн гэрээний үндсэн дээр дэд бүтэц, орон нутгийг хөгжүүлэх, боловсон хүчин, хүний нөөцөө бэлдүүлэх нь дээр байх.

Ер нь төр аль болохоор аж ахуйн ажилд хутгалдах нь зохимжгүй юм. Нэг жишээ ярья л даа. Монголоор дүүрэн ноос, ноолуурын компаниуд байхад, “МИАТ”-ийн онгоцонд үйлчлүүлэхдээ нөмрөх хөнжил байна уу гэхэд нэгдүгээр зэргийн цөөхөн суудалд Хятадын синтетик давуун алчуур шиг юм гаргаж өгөөд бусад энгийн суудалд тэр нь ч олдохгүй. Гэтэл “МИАТ” компани үндэсний үйлдвэрүүдээр тэр хятад юм уу солонгосын синтетик алчуураас илүү гоё, үндэсний хийц загвартай хөнгөн ноосон хөнжлийг ядаж 50 ширхэгийг захиалж хийлгэхэд юу нь болохгүй гэж. Гагцхүү төрийн компаниудын удирдлага нь ихэвчлэн мэргэжлийн бус, улс төрийн шахааны хүмүүсээр дүүрчихдэг болохоор л тэгж байгаа юм шүү дээ. Тэд сонгуулийн богино хугацаанд үйлдвэрээ урт хугацаанд хөгжүүлэхээс илүү хувийн зорилтуудаа л бушуухан биелүүлэх аваад л явах сонирхолтой байдаг. Тиймээс би төр аж ахуйн ажилтай хутгалдах хэрэггүй гэж боддог. Засаглал нь сайн байвал, төрийн сайн үйлдвэр байж болох боловч манайх шиг улсад төрийн компани, төсвийн байгууллагын засаглал бол асар муу байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Иймээс яваандаа төрийн компаниудыг ядаж хэсэгчлэн хувьчлах, ТУЗ-д хувийн хэвшлийн болон хараат бус гишүүдийг тоог дийлэнх болгох замаар л энэ байдлыг засах хэрэгтэй байна.


ОДОО ОЮУТОЛГОЙГООР УЛС ТӨР ХИЙМЭЭРГҮЙ БАЙНА

-Та санаж байгаа байх. Ерөнхий сайд иргэдээс хоёр асуулгаар санал авсан. Иргэд харин эрдэс баялгаа эргэлтэд оруулах нэгдүгээр замыг сонгосон. Харамсалтай нь, эдийн засагтай холбоотой, ялангуяа Тавантолгой, Оюутолгой, Гацуурт гээд баялаг дагасан хэрүүл улс төрийн хүрээнд багагүй гарах боллоо. Энэ хэрүүл ингээд үргэлжлээд яваад байвал эдийн засагт ямар хэмжээний хохирол учрах бол?Нэг улстөрч хэлж байсан юм. Эдийн засагт маш том ашигтай байлаа ч улстөрчдөд сохор зоосны ашиггүй бол мега төслүүд хөдөлдөггүй гэж! Мега төсөл гэдэг үг сүүлийн үед моод болсон. Гэхдээ манай улстөрчид “мега төсөл”-ийнхөө учрыг мэдэхгүй байх шиг. Ямар төслийг мега төсөл гэдэг вэ?

Тавдугаар цахилгаан станц бол Улаанбаатарыг дулаанаар хангаж, ОХУ-аас цахилгааны импортыг зогсоох төсөл байсан юм. Говийн төмөр зам бол Монголын экспортыг эрс нэмэгдүүлэх, гуравдагч орнуудын зах зээлд манай нүүрсийг хамгийн үнэтэй үед нь хүргэх төсөл байлаа.

-Тавантолгойн уурхай 30 сая тонны нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, говийн төмөр зам, Гацууртын уурхай, Дарханы нефть боловсруулах үйлдвэр, Тавдугаар цахилгаан станц гээд улс төрийн маргаан хэрүүлээс болж гацсан, ажил нь зогссон маш олон асар том цар хүрээтэй бүтээн байгуулалтын төслүүд байна. Эдгээрийн хөрөнгө оруулалтын нийт дүн бараг зургаан тэрбум доллар буюу 12 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Энэ бол нийтдээ 11 тэрбум долларын орлоготой, харьцангүй жижиг эдийн засагтай манай орны хувьд шийдвэрлэх ач холбогдолтой төслүүд буюу мега төслүүд гэж хэлж болно.

-Гэтэл манайхан мега төсөл жижиг бизнес хоёроо ялгахгүй байна шүү дээ?

-Дээрх төсөл болгон салбартаа жинхэнэ шинэчлэл хийх, чанарын шинэ шатанд салбарыг гаргах өөрчлөлтийг авчрах байлаа. Тавдугаар цахилгаан станц бол Улаанбаатарыг дулаанаар хангаж, ОХУ-аас цахилгааны импортыг зогсоох төсөл байсан юм. Говийн төмөр зам бол Монголын экспортыг эрс нэмэгдүүлэх, гуравдагч орнуудын зах зээлд манай нүүрсийг хамгийн үнэтэй үед нь хүргэх төсөл байлаа. Говийн төмөр замаар жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэж 2008 онд тооцож, 2011 онд ашиглалтанд орсон бол өдийд Монголын нүүрсний экспортын орлого олон их наядаар хэмжигдэж, тэр хэмжээгээр татварын орлого сайжирч, одоо бондын мөнгийг эргэн төлөх талаар санаа зовох хэрэггүй байх байсан. Одоо Монгол хэдэн ачааны машинаар байгалиа сүйтгэж, жилд арайхийж 18 сая тонн ямар ч ашиггүй нүүрсээ гаргаж байна. Гэтэл ОХУ жилд 150 сая тонн нүүрсийг экспортлож байна. Дарханы нефть боловсруулах үйлдвэр Монголыг дотоодод үйлдвэрлэсэн бензин, түлшээр хангаж, химийн салбарыг хөгжүүлэх төсөл байлаа.

Эдгээр төслүүдийн аль ч хэрэгжээгүй, тэр хэмжээгээр бүтээн байгуулалт нь явагдаагүй, төсвийн орлого тэр хэмжээгээр тасарсан, тэр хэмжээгээр олон мянган ажлын байр алдагдсан. Жирийн иргэдийн амьдрал тэр хэрээр дээшилсэнгүй.

-Оюутолгойн хөрөнгө оруулалт энэ оны сүүлээр ороод ирвэл эдийн засаг сэргэнэ гэж “Эрдэнэс Монгол” компанийн захирал М.Бямбасайхан хэлсэн байна лээ. Энэ мөнгө орж ирэхгүй бол яах вэ?

-Оюутолгойг ойлгохдоо, дэлхийд байхгүй асар том уул уурхайн бүтээн байгуулалт явж байгаа, үйлдвэр нь баригдаад дөнгөж жил болсон ч улсад 900 тэрбум төгрөгийн татварыг төлчихсөн, таван мянган монголыг ажилтай болгоод таван зуун монгол компанийг ажлын захиалгаар хангаж, газар доорх гүний уурхайн нарийн технологийг манайд нэвтрүүлж байна гэдгээр нь харах хэрэгтэй болов уу. Энэ маань төслийг зөвөөр харах ёстой гэсэн үг л дээ.

Орд нь манай төрийн мэдэлд байж л байгаа шүү дээ. Харин уурхай, үйлдвэрээ хамтран байгуулж, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 34/66 зарчмаар ажиллаж байгаа. Бүтээн байгуулалт нь эхэлсэн 2010 оноос манай эдийн засагт төрөл бүрийн үр өгөөжөө өгч байна. Тухайлбал, “Оюутолгой” компанийн үйлдвэр бүрэн ашиглалтанд ороогүй 2013 онд гэхэд л 320.8 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Шууд бусаар тооцвол өндөр зэргийн мэргэшсэн, технологийн мэдлэгтэй залуу боловсон хүчинг эх оронд бэлтгэх, бүс нутгийг хөгжүүлэх, улсын татварын орлогыг нэмэгдүүлэх, орчин үеийн технологийг нэвтрүүлэх олон төрлийн ажлууд явагдаж байна.

Хуучин социалист үеийн бүтээн байгуулалтаас тэс өөр, арилжааны замаар энэ том хөрөнгө оруулалт хийгдэж байгаа гэж ойлгомоор л санагддаг юм.

-Таны хэлсэн үнэн л дээ. Манайхан болохоор Оюутолгойг Эрдэнэттэй харьцуулах нь их байдаг?

-Эрдэнэт бол өөр зарчмаар ажиллаж байгаа үйлдвэр. Оюутолгойн төсөл манай эдийн засгийг хүчээр шахуу орчин үеийн дэлхийн зах зээл рүү татаж оруулж байна гэж хэлэхэд буруудахгүй байх. Оюутолгойн хүчээр Монгол Улс дэлхийн зах зээл дээр зэсийн томоохон тоглогч болж, тус зах зээл дээр тоглолт хийж сурч байна. 2009 онд говийн аймгууд ямар байлаа даа. Бид өнгөрснөө ийм амархан мартаж болохгүй. Говийн аймгууд хов хоосон, зам ч үгүй, цахилгаан нь байнга тасардаг, хөгжил байхгүй шахуу газар байсан биз дээ. Гэтэл өнөөдөр өмнийн говь яаж хөгжиж байна. Эрдэнэт, Дарханаас илүү хөгжилтэй, манай улсын дэд бүтэц, хүнд аж үйлдвэрийн асар том, дэлхийн хэмжээний зангилаа цэг боллоо. Говьд зөвхөн дөрвөн жилийн дотор гэхэд дэлхийд тэргүүлэх зэсийн баяжуулах үйлдвэр, гайхамшигтай технологийг агуулсан гүний уурхай, хоёр шинэ онгоцны буудал, мянган км засмал зам, олон шинэ сургууль, МСҮТ, хотхонууд, зочид буудлууд, нүүрсийг боловсруулах үйлдвэр, шинэ цахилгаан станцүүд баригдлаа. Үүний томоохон хувь нэмрийг энэ төсөл оруулж байгаа. Гэхдээ нэг зүйлийг сануулахаад, төслийн нийт зардлыг нөхөөд ашиг гарах хүртэл бас хугацаа байдаг. Том төсөл дээр хугацаа урт байх нь жам. Жишээ нь, 20 их наяд төгрөгийн үйлдвэр барьчихаад, за одоо шууд зардлаа нөхөөд ашиг олоод ир гэвэл бүтэхгүй биз дээ. Жилд нэг их наядын ашигтай байлаа ч 20 жилийн дараа л зардлаа нөхөж дараа нь ашиг нь гарч ирнэ. Тиймээс, үйлдвэр өөрөө баригдаад, ажил нь жигдрээд, бүтээмж нь нэмэгдээд ирэхээр өөр л дээ. Одоо асар өндөр үнээр авч байгаа цахилгааны хангамж, тээврийн зардал нь манай үндэсний төмөр зам, Тавантолгойн станц баригдснаар буурч, явандаа өөрийнхөө зардлыг бүрэн нөхөж, улсад ноогдол ашгаа өгч эхэлнэ.

Тэр хүртэл хөрөнгө оруулагчаас татварыг аваад, нөөц ашигласны төлбөрийг аваад, ажиллаж байгаа таван мянган хүн, таван зуун хамтран ажиллаж байгаа компаниас татвар аваад явахад л Монгол Улсын Засгийн газарт аль хэдийнэ 900 тэрбум төгрөгийн татвар төлсөн байх жишээтэй. Эрдэнэтийн хувьд зардлаа нөхөөд олон жил болчихсон, бүтээгдэхүүн ачих төмөр замтай, хямд цахилгаантай, бэлэн засмал зам, усны эх үүсвэртэй болохоор дэргэд нь говьд төмөр замгүй, усгуй, цахилгаанаас хамгийн өндөр үнээр Хятадаас авдаг, дэд бүтэцгүй Оюутолгой өндөр зардалтай гараад л байгаа юм. Үүнийг олон хүн шүүмжлээд байгаа. Нэгэнт л ажил хийж байгаа юм чинь алдаа ч гарна, шүүмжлэх зүйлүүд ч гарна.

Гэхдээ миний бодлоор, Өмнөговийн бүтээн байгуулалт жигдэрч, Ухаа худаг-Гашуун Сухайтын төмөр зам ашиглалтанд орж, Тавантолгойн цахилгаан станц баригдахаар тус төслийн үр өгөөж эрс дээшилж, яваандаа манай талын үр шим ч эрс өснө. Гол нь одоо бол үйлдвэр ашиглалтанд ороод дөнгөж эхний жил болж байна. Аль аль тал нь туршлагагүй, мөн төсөл тодорхой хэмжээгээр зардлыг хэтрүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, цаашид алдаагаа залруулж, улам сайжруулахын төлөө хамтрах ажиллах, ойлголцох хэрэгтэй.

-Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан буруу гэж зарим улстөрчид одоо ч улс төр хийсээр л байгаа шүү дээ?

-Шүүмжлэх бол хамгийн амархан л даа. Харин ажил хийж байгаа хүмүүсийн урамыг хугалж, хийсэн бүтээсэн юмыг харлуулаад байж боломүй. Бүгдээрээ энэ төслийг том зургаар харж, алдааг сайжруулж явах нь гол. Цаашид Оюутолгой бүтээн байгуулалт үүгээр дуусахгүй, манай улс зуун жил үүний үр шимийг хүртэх учраас уг төслөөр улс төр хиймээргүй байна.

-Боломжийг хулгайлагчид гэж ярьдаг. Монголд боломжийг хулгайлагчид нь улстөрчид болсон байна. Тэд боломжийг нь хулгайлснаас болоод жирийн монголчуудын амьдрал дээшлээгүй гэсэн үг үү?

-Хэрэгжээгүй шалтгаан нь олон зуун хүний хөдөлмөрөөр боссон төсөл аль нэг улс төрчид таалагдаагүй, түүний бизнест ашиг оруулаагүйгээс л болж байгаа юм.

Гэтэл уг төслүүд эдийн засаг, бүс нутгийн, нийгмийн асар өндөр ач холбогдолтой, манай орны эдийн засгийн зангилаа асуудлуудын шийдлүүд байсан учраас л гарч ирсэн. Хэрэгжээгүй нь манайд хөгжлийн бодлогыг албан есоор хэрэгжүүлдэг хуулийн хатуу механизм байхгүй. Бүхэл бүтэн салбаруудыг аль нэг нам, улс төрийн хүчин, сайд нэртэй хувь хүний эрх мэдэлд нь бүхлээрээ өгчихдөг. Салбар тэр чигээрээ тус хувь хүний санаснаар явдаг, түүнээс ямар нэгэн хариуцлагыг тооцдоггүй, улс орон, эдийн засаг ийнхүү бүхэлдээ улс төрчдийн тоглоом болсон буруу тогтолцооноос болж байгаа юм.

Иймээс УИХ цаашид улс орны хөгжлийг хуулийн дагуу боловсруулж баталдаг, түүний хэрэгжилтийг хатуу чанд сахидаг, хянадаг болох ёстой. Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлдэг, зохицуулдаг төрийн хүчтэй, мэргэжлийн ур чадвар сайтай аппараттай болох шаардлагатай. Намууд мега төслүүдийг буюу шийдвэрлэх гол бүтээн байгуулалтын ажлуудыг Их хурлаас баталсан хөгжлийн бодлогын дагуу саналаа нэгтгэж, хамтран хэрэгжүүлдэг болж байж л богино хугацаанд ч, урт хугацаанд улс орон хямралаас гарч, эрчимтэй хөгжих болно.

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна