Дэд сайдууд дэгээнээс мултрах уу?

2015 оны 10 сарын 21

Аль оны эхээр 2015 оны төсвийн тодотгол хэлэлцэж байхад “Дэд сайдуудыг цомхотгоно” гэдэг асуудлыг хэлэлцэж л байсан. Гэтэл одоо оны төгсгөлд дахиад л “Дэд сайдуудыг цомхотгоно” гэсэн өнөө л биелдэггүй уриатайгаа УИХ сууж байна.

Уг нь бол энэ үг иргэдийн чихэнд их эвтэйхэн сонсогддог. Улстөрчдийг зөв юм ярьж байна гэж сонгогчид итгэдэг. Хамгийн сүүлд Сангийн шинэ сайд 2015 оны төсвийн тодотголыг барьж орж ирэхдээ бас л “Дэд сайдыг цомхотгоно” гэсэн өнөөх танил үгсээр өнгөн талыг нь бүрж авчирсан. Сүүлийн үеийн хурал хуй, гишүүдийн хэлж ярьж байгаагаас харахад Дэд сайдуудын тухай яриа бол зүгээр л анхаарал сарниулах гэсэн арга байдаг бололтой. Магадгүй тэд дэгээнээс мултарч, бялуунаас хүртэх хувьтайгаа үлдэх шинжтэй.

Эдийн засаг нь тартагтаа тулж, иргэд нь хоосон хонох дээрээ тулж суухад хууль тогтоогчид нь “Дэд сайд нарыг цомхотгож болохгүй. Сангийн яамныхаан, та нар ямар хүний мөсгүй юм бэ” гэцгээн, матрын нулимс унагаж үзэж байна. Дэд сайдын албан тушаалыг цомхотгочихоор ар гэр нь хэцүүдэх юм гэнэ. Хээрээр гэр хийж, хэцээр дэр хийх шахам явж, хулгайч нартай тэмцдэг байгаль хамгаалагч нарын дэргэд дэд сайд юу юм бэ? Шулуухан хэлэхэд улс төрийн шахаас, биедээ бэлэг болгон өгдөг албан тушаалын нэг.

Эл албыг цомхотгоход яамны ажил унаж, сүйдчихгүй. Нэг үгээр хэлбэл, байлаа гээд хэрэг нь гарахгүй, байхгүй болголоо гээд үгүйлэгдэхгүй тийм л нэг “бөглөөс”. Тэгсэн хэрнээ эрх ямба нь сайдтайгаа бараг эн зэрэгцэнэ. Хийж гийгүүлэх ажилгүй хэрнээ шүү дээ. Яамны хар машин унаж, давхин шатахуун гарздана. Жолоогоо өөрөө ч барихгүй, мэргэшсэн жолоочтой. Бас дэргэдээ туслахтай. Харахад нэг том нөхөр, харин эрх мэдэл юу ч үгүй. Намаас өгсөн чиглэл, фракциасаа ирсэн даалгаврыг гүйцэтгэх талд л хор гүйлгэдэггүй юм бол яг юу хийдэг юм бэ?.

Дээрх албан тушаалыг байхгүй болгоно гэхээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Дэмбэрэл нар их эмзэг хүлээж авч харагдана лээ. Төрийн тансаглалын золиос нь дэд сайд байх ёсгүй л гэнэ. Сүүлдээ бүр дэд сайдын албан тушаалыг хэвээр нь үлдээе гэх горимын саналыг Н.Алтанхуяг гишүүн гаргаж, санал хураалгасан. Хэдийгээр дээрх санал Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээгээгүй ч чуулган дээр босгоод ирэхийг үгүйсгэх аргагүй. Жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар дэд сайдын орон тоог цомхотгох санал гаргаж, байнгын хорооны хуралдаанаас олонхийн дэмжлэг хүлээн, төсвийг нь танасан ч буцаагаад л босгоод ирсэн удаатай. Хоногийн дотор л бужигнуулаад дэд сайд нарын орон тоог хэвээр хадгалахаар хуулиа баталсан. Одоо жилийн өмнөх түүхээ давтаж мэдэшгүй байна.

Тэгтэл улсын төсөв нь түмэн нөхөөстэй. С.Дэмбэрэл гишүүний хэлдгээр хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр бөгс нь цоорхой харагдах болсон. Тоогоор илэрхийлбэл, энэ оны төсвийн алдагдал 1 их наяд төгрөгт хүрч болзошгүй байгаа. Алдагдлыг нөхье гээд ч үнэндээ “шаанс” алга. Өмнө нь төсвийн алдагдлыг бонд гаргах, эсвэл авсан зээлээрээ нөхөж нүд хуурдаг байсан бол одоо боломжгүй болсон. Улсын өр боломжит хэмжээнээсээ хэтэрсэн нь алдагдлаа дээрх замаар нөхөж болохгүйг анхааруулж буй. Монголбанкны зүгээс мөн ирэх оны төсвийг алдагдалгүй батлахыг сануулж байгаа. Ингэхийн тулд 2015 оны төсвийн алдагдлыг бууруулах шаардлага бий. Алдагдлыг бууруулахын тулд дэд сайд гэх мэт хэрэггүй албан тушаалаа цомхотголд оруулж, Х.Тэмүүжин гишүүний тодорхойлсноор “Төр өөхнөөсөө салахгүй бол” нэрмээс л болно.

Сүүлийн үеийн хурал хуй, гишүүдийн хэлж ярьж байгаагаас харахад Дэд сайдуудын тухай яриа бол зүгээр л анхаарал сарниулах гэсэн арга байдаг бололтой. Магадгүй тэд дэгээнээс мултарч, бялуунаас хүртэх хувьтайгаа үлдэх шинжтэй.

17 дэд сайдын орон тоог цомхотгосноор төсөвт нэг их хэмнэлт ирэхгүй гэж ярих улстөрч УИХ-д цөөнгүй бий. Тооны хувьд цөөн харагдах ч цаадах зардал нь бага биш. Ядаж л туслахынх нь цалин, жолоочийн цалин, авто машиных нь шатахуун, тослох материал гээд зардлууд олон бий. Дээр нь дэд сайдаар хязгаарлахгүй үүрэг чиглэл нь давхардсан, өдөржин компьютерээ ухаад сошиал ертөнцөөс “хов” хайж, ажил хийсэн дүр эсгэдэг төрийн албан хаагчдаасаа төр салах цаг нь нэгэнтээ болсон.

Ийм л хэрэггүй дэлүү шиг нөхдүүдээс болж, татвар төлөгчдийн хөрөнгө үнэгүйдэж, хэн нэг дарга, сайд, улстөрийн намын шахаасны хүмүүсээр төрийн алба дүүрч чадвараа алдаж буй нь худлаа биш. Хэрвээ одоо л дээрх албан тушаалыг байхгүй болгож чадахгүй бол ирэх онд ч үргэлжлээд л татварын мөнгөөр тэднийг тэжээнэ.

Төр бүтцээ цомхон чадварлаг болгох энэ ажлаа толгойноосоо эхлүүлэх цаг болсон. Дахиж ийм хэрэггүй бүтцийг бий болгохгүйн тулд холбогдох хуулиуддаа ч мөн өөрчлөлт оруулж хаалт тавих хэрэгтэй.

Хувийн хэвшлийнхэн нь цаг наргүй ажиллаж, энэ улсын тэр их ачааг үүрээд зүтгэж явахад, төрийн алба нь 180 мянган хүнтэй болж, томорсноос биш ажлынх нь үр дүн сайжирсан бил үү. “Шилэн данс”-аа ч хөтөлчихгүй л байна шүү дээ.

Одоо УИХ Засгийн газрын оруулж ирснээр 2015 оны төсвийн тодотголыг батлаад явуул. Энийг ч хасч болохгүй, тэрийг ч танаж болохгүй гээд матрын нулимс унагаад суувал өнөөх л бахь төсвөө батална. Төрийн их цэвэрлэгээг дэд сайдыг чөлөөлөхөөс эхлэх ёстой. Үүнийг Ардчилсан нам эрх барьж байгаа үедээ хийж чадахгүй бол шившиг болох байх шүү.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна