“Эко бус”-ынхан шахаа хийхийг оролдсон уу?

2015 оны 10 сарын 21

Монголын Цахилгаан тээвэр компанийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханыг салбарынхан нь “Зайтай эр” гэж ярих нь бий. Учир юу вэ гэвэл, төрийн өмчит дээрх компанийг удирдаж байхдаа “Эко бус” компанийг байгуулж амжсан. Нэг ёсны хувийнх нь компани юм даг уу даа. Хэл амнаас айдаг уу, тус компанийн зөвлөх гэдэг албан тушаалтай. Хөрөнгөтэй хүн юугаа хийх нь хүний эрхийн асуудал л даа. Гэхдээ өнөөх зайтай эртэй холбоотой нэгэн маргаан дэгдсэн нь эцэстээ АТГ-т шалгуулахад хүрч байгаа аж.

Уржигдар “Улаанбаатар” автобус нэгтгэлээс нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотойгоор өрнөж байгаа будилааны талаар мэдээлэл хийж, “Эко бус” компанийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаа зарласан.

Тус нэгтгэлийнхний яриагаар бол нийслэлийн нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийх хүрээнд өнгөрсөн жил угсраа автобус 40, их багтаамжийн автобус 120, дунд багтаамжийн автобус 40 ширхэгийг тус бүр урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэйгээр худалдан авахаар болжээ.

Хөрөнгийн тодорхой хувийг Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас гаргаж, үлдэгдэл төлбөрийг нь автобус авсан аж ахуйн нэгж компаниуд нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүргийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгасан байдаг. Дээрх ажлын дагуу тендэр зарлахад “Эко бус” компанийн материал шаардлага хангаагүйгээс энэ асуудал хэсэг хугацаанд саатжээ. Тус тендэрт мөн “Монгол Хьюндэй” компани оролцсон. Эцэстээ асуудал шүүхэд очиж, дээрх компаниуд эвлэрлийн гэрээ байгуулж учир зүйгээ олоод байтал “Эко бус” нь Нийслэлийн тээврийн газартай их багтаамжийн автобус нийлүүлэх гэрээ байгуулж, эвлэрлийн гэрээгээ зөрчжээ. Ингэхдээ тендэрт оролцолгүйгээр шууд Нийслэлийн Тээврийн газартай их багтаамжийн автобус нийлүүлэх гэрээ байгуулан угсарсан автобусаа шахахад бэлэн болоод байсан нь эцэстээ Авлигатай тэмцэх газарт хандахаас аргагүйд хүргэсэн байна.

Мөн дээрх нэгтгэлийнхний хэлснээр “Эко бус” компанийн үйлдвэрлэсэн угсраа автобус нь өндөр үнэтэй. Уг компани угсарсан автобусаа 160 мянган ам.доллараар үнэлж байсан. Харин нийслэлийн нийтийн тээвэрт “шахахдаа” 135 ам.доллараар өмнө нь үнэлж өгч байсан. Гэтэл БНХАУ, БНСУ-д үйлдвэрлэсэн дээрх төрлийн шинэ автобус 45-80 мянган ам.долларын үнэтэй борлуулагддаг. Үнэ нь ийм хол зөрүүтэй байгаа нь “Эко бус” сэлбэг хэрэгслээ Хятадаас авч угсардагтай холбоотой гэнэ. Дээр нь угсарсан автобус нь хүн тээвэрлэх автобусны олон улсын стандартаар баталгаажаагүй, үйлчилгээнд явах аюулгүй ажиллагааны туршилт хийгдээгүй гээд асуудлууд дагуулж буй юм.

Нийслэлийн Тээврийн газрынхан ч гэж яачихсан дүүрчихсэн нөхдүүд байдаг юм, тендэргүйгээр шалгаруулалт хийдэг. Ингэж хэл ам таталсан ажил хийж байхынхаа оронд ядаж нийтийн тээврийнхээ чиглэлийг оновчтой болгох ажлаа хийж суусан бол иргэдэд хэчнээн нэмэртэйсэн. Удахгүй өвөл боллоо, гэтэл иргэд автобусаа хүлээн хөлөө хайруулах болж байна. Богино эргэлт нь уртын урт эргэлт болчихсон зарим нь автобусаа 30-40 минут хүлээгээд амьдралыг ч барзгар л болгож байна шүү.

Г.ХОРОЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна