Б.Батзориг: Анхны медалиа тэмцээнээс биш багшаасаа авч байлаа

2015 оны 10 сарын 21

Олимпийн наадмын хүрэл, бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ий хүрэл, "Дэлхийн цом"-ын мөнгө, оюутны “Универсиад” наадмын алтан медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит олон улсын тэмцээн энэ амралтын өдрүүдэд түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймагт болно.

Чөлөөт бөхийн ноён оргил болсон дөрвөн том тэмцээнээс медаль хүртэж чадсан түүн шиг тамирчин одоогоор Сэлэнгэ аймгаас төрж гараагүй байна. Тэр ч утгаараа Сэлэнгэ нутгийн ард түмэн цуут тамирчнаараа бахархан, очсон газар бүртээ ярих дуртай байдаг биз ээ. “Ховорхон авьяастай бөх” хэмээн үе үеийн спортын мэргэжилтнүүд сайшаадаг эл тамирчин өдгөө Монголын чөлөөт бөхийн хөгжлийг, шавь нараа, найз нөхөд, гэр бүлээ тэнгэрийн орноос харж, нэрэмжит тэмцээнийг нь зохион байгуулж, түүнд зориулан хөшөө босгож байгаад нь талархаж байгаа нь лавтай.

Д.Оюунболд агсны унаган шавь болох ОУХМ Б.Батзориг, “Хангай” клубийн дасгалжуулагч Ц.Баярсайхан нартай дурсамж ярилцлага өрнүүллээ.

-Та бүхэн багшийнхаа нэрэмжит тэмцээн зохион байгуулж, хөшөөг нь босгож байгаа юм байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье. Ажил их байгаа анзаарагдлаа.

Ц.Баярсайхан: Чөлөөт бөхөд элэгтэй олон хүний ач буянаар тэмцээн маань сайхан болох төлөвтэй. Бид бэлтгэл ажлаа төлөвлөгөний дагуу хангаад явж байна. Тэмцээний зохион байгуулалтад хүн бүр чадах чинээгээрээ л тусалж байгаа. Монголын үндэсний олимпийн хороо, Монголын чөлөөт бөхийн холбоо, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутгийн зөвлөл гэх мэт олон хүн Сэлэнгэ нутгийн нэрийг дэлхийд дуурсгасан, үеийн үед гаргаж явах багшийн маань төлөө сэтгэл гарган, бидэнд тусалж байна. Мэдээж Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын хорооны хүн бүр заал чимэглэл, цэвэрлэгээ гээд бүх талаар идэвхтэй дэмжиж байгааг хэлье. Багшийн маань багш Ч.Дамдиншарав дасгалжуулагч маань их нөмөр нөөлөг, тус болж байгаа. Одоо бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан гэхэд болно. Тэмцээн маань эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн дөрөв, эмэгтэйчүүдийн 53, 69 кг-ын жинд аваргуудаа тодруулах юм. Шагналын сангаараа “Монголиан опен” тэмцээний дараа орохоор чансаатай болж байгаа. Мөн бид тэмцээнийг зорьж ирсэн дасгалжуулагч нарынхаа хөдөлмөрийг үнэлснээрээ онцлогтой. Уг тэмцээнд ОХУ-ын Буриад, Хятадын ӨМӨЗО-ы Хөх хотоос баг тамирчид ирэхээ мэдэгдсэн.

Б.Батзориг: Багшид зориулж хөшөө босгоё, багшийнхаа алдрыг дуурсгасан, сайхан тэмцээн зохион байгуулъя гэдэг талаар хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн юм. Сэтгэл гарган дэмжсэн бүх хүнд талархал илэрхийлье. Багш минь өөрөө их нийтэч, зөв хүн байсан нь энэ олон хүнийг нэгтгэж чадаж байгаа байх. Энд тэнд очоод зохион байгуулах гэж буй тэмцээнийхээ тухай ярихад бүгд л дуртай хүлээн авч, эхнээсээ тусалж дэмжиж байна. Тэмцээний асуудлаар хүмүүстэй уулзаж байхдаа багшийнхаа ямар мундаг хүн байсныг улам илүү мэдэрч, бахархах сэтгэл төрж явна.

-Та хоёрыг Д.Оюунболд багшийн анхны шавь нарын нэг гэдгийг олон хүн мэднэ. Багштайгаа анх хэрхэн холбогдож байсан дурсамжаасаа хуваалцвал?

Б.Батзориг: Би 1991 оны зун аав болон аавын найз Дашдаваа ахын хамт багш дээрээ очиж байлаа. Тэр үед би найман настай байсан юм. Түүнээс хойш багшаас салаагүй шүү. Яг л аав, хүү хоёр шиг явсан даа. 1997 онд Улаанбаатарт “Хангай” клубийг байгуулахад Ц.Баярсайхан, Д.Лхагвадорж, Э.Энхбат, С.Батбуян бид хэд багшийгаа дагаад хотод ирж байлаа. Миний багш сайн тамирчин байсан гэдгийг хүн бүр мэднэ. Үүнээс гадна маш мундаг дасгалжуулагч байсан юм шүү. 1997 оны аравдугаар сард клубээ нээгээд, түүнээс хойш зургаахан сарын дараа бид нар багаараа улсын аваргаас алтан медаль авч байлаа. Энэ бол бас нэгэн түүхэн амжилт юм. “Хангай” клуб нээгдсэнээс хойш өсвөрт долоо, залуучуудын улсын аваргад дөрвөн жил дараалан түрүүлсэн. Багш минь ийм л шилдэг дасгалжуулагч байлаа. Бөхөд сонирхолтой хүүхдүүдийг маш богино хугацаанд бэлтгэж, нэгтгэж, өндөр хэмжээний тамирчид бэлтгэсэн. Гайхалтай өндөр мэдрэмжтэй тамирчин, дасгалжуулагч байсан гэдгийг нь олон жишээгээр хэлж болно.

Ц.Баярсайхан: Миний хувьд Сэлэнгийн 1-р арван жилийн биеийн тамирын тусгай сургалттай ангийн сурагч байхаасаа багштайгаа таарсан. Тухайн үед бокс, чөлөөт бөх, хөнгөн атлетикийн секц явуулдаг байв, манай сургууль. Түүний дараа ардын багш С.Магсар, Ч.Дамдиншарав, миний багш, мөн Тогмид гуай нар нийлж, бөхийн “Хангай” клубийг байгуулж байсан юм. Би оюутан байхдаа багшийнхаа туслахаар ажилладаг байлаа. Ер нь багшийнхаа эрдмийг өвлөж, дасгалжуулагч болъё гэдэг шийдвэрээ эрт гаргасан болохоор их зүйл сурсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлэн, клубийнхээ дасгалжуулагч хийгээд явж байгаадаа баярладаг. Шавь нараас нь Цэндийн Баярсайхан, Сэлэнгэд байгаа Э.Энхбат бид гурав дасгалжуулагч болж дээ.

-Д.Оюунболд багшийн олон шавь өнөөдөр ч түүний нэр, алдрыг дуурсгасаар яваа. Тэднээс дурьдвал?

Ц.Баярсайхан: Байлгүй яах вэ. Манай Б.Батзориг гэхэд олимпод оролцлоо. Н.Чанцалнямаа, н.Отгонжаргал, Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Одончимэг, ОУХМ Д.Лхагвадорж, С.Батбуян, Д.Гомбодорж, Д.Түгждорж гээд олон бөх бий. “Хангай” клуб дээр 150-160 хүүхэд хоёр ээлжээр хичээллэдэг байсан үе бий. Улсын гарьд Н.Ганбаатар, начин Д.Лхагвадорж нар бол яалт ч үгүй манай “Хангай” клубийн бүтээгдэхүүн, Д.Оюунболд багшийн шавь шүү дээ. АНУ-ын Лас Вегаст болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Б.Номин хүртэл манай “Хангай” клубт анхны бэлтгэл, сургуулилт, бөх болох гараагаа эхэлж байлаа. О.Пүрэвбаатар ах Б.Номинг өөрөө авчирч өгөөд, “Хангай”-гаас суурийг нь тавиулж байсан.

Б.Батзориг: Энэ тэмцээнийг зохион байгуулж буй гол шалтгаан бол Д.Оюунболд багшийн амжилтыг залгамжилсан олон шилдэг тамирчин Сэлэнгэ нутгаас төрөөсэй гэсэн хүсэл, бодолтой холбоотой юм. Багшийн маань хүсэл мөрөөдөл бол их спортын шилдэг тамирчид бэлтгэх л байсан. Тэр хүсэл нь тасралтгүй үргэлжилж, үеийн үеийн шинэ, залуу тамирчид төрж байгаасай гэж бид ч бас их бодож явдаг юм.

-Д.Оюунболд багшийн дасгалжуулагчийн онцлог юу байв. Зан чанарын хувьд?

Б.Батзориг: Дэвжээн дээр бол багш маань хатуу. Тэгээд бэлтгэл, эсвэл тэмцээн дуусгаад, дэвжээнээс буухаараа их зөөлөн, наргианч хүн. Хүнтэй муудалцана гэж бараг байхгүй. Дэвжээн дээр гарахын өмнө тамирчдаа их сайн хурцалж чаддаг. Өгч байгаа зөвлөгөө нь маш оновчтой. Намайг Эрдэнэтийн тамирчинтай барилдаад эхний үед ялагдаад гараад ирсэн чинь “Батзориг оо, багш нь чамайг ялна гээд өөр дасгалжуулагч нартай бооцоо тавьчихсан. Тэгэхээр чи хожихгүй бол хоёулаа онигоо болно шүү" гэж тоглоом, шоглоомоор  хэлэхэд нь л би заавал хожмоор санагдаж билээ. Дэвжээн дээр гарсан байгаа хүнийг яаж хөдөлгөх вэ гэдгийг багш маш сайн мэддэг.

Ц.Баярсайхан: Биднийг хүүхэд байхад бусдаас илүү бэлтгэл хийлгэнэ. Тэгж их бэлтгэл хийлгэсний хүчинд “Хангай” клубийн тамирчид богино хугацаанд сайжирч, Монголын шилдэг клуб болсон гэвэл илүү үнэнд ойртоно. Цаг сайн барина. Ер нь бид нар багшид загнуулсан үе цөөхөн байх шүү. Загнах үедээ загнаж л байсан байх. Гэхдээ ихэвчлэн урам өгдөг байлаа.

-Б.Батзоригийг багшийнхаа хамгийн хайртай шавь нь байсан гэж ярьдаг. Өвөр дээр нь сууж өссөн ч гэж найзууд нь явуулж байсан?

Ц.Баярсайхан: Бид нар дундаа насаараа хамгийн бага нь байсан учраас их эрхлүүлдэг байсан. Найман настайдаа багшийн шавь болж ирсэн гэхээр эрхлүүлэхээс яах билээ. Тэр үед Баагий “хурандаа” цолтой байлаа шүү дээ.

Б.Батзориг: Багшийн хамгийн сүүлд улсын аваргаас авсан алтан медаль надад байдаг юм. Багш маань улсын аваргад 12 түрүүлсэн цорын ганц бөх шүү дээ. Тэгэхээр 12 дахь медаль нь надад байдаг гэсэн үг. Энэ медаль яаж над дээр ирсэн бэ гэхээр 1995 оны цагаан сарын битүүний өдрийн бэлтгэл тарах үед багш “Маргааш над дээр хамгийн түрүүнд ирж золгосонд нь том, үнэтэй бэлэг өгнө” гэж хэлсэнтэй холбоотой. Багш, манай хоёрынх ойрхон болохоор би өглөө нар мандаагүй байхад л гэрт нь гүйж ороод, багштайгаа золголоо.  Тэгсэн багш шинийн нэгний өглөө өөрийнхөө бүх медалиудыг надад зүүж үзүүлж байгаад Улсын аваргын хамгийн сүүлийн алтан медалиа бэлэглэсэн.  “Багшаасаа олон түрүүлээрэй. Сайн бөх болоорой” гэж хэлээд, алтан медалиа өгч байлаа. Миний баярласан гэж их. Хүмүүст нэг хэсэгтээ л гайхуулсан даа. Тэр үед би ямар ч тэмцээнээс медаль авч үзээгүй, жаахан хүүхэд байсан мөртлөө баахан хүн ялаад, алт авчихсан хүн шиг л баяртай байлаа. Нэг ёсондоо тамирчин болсноос хойшхи анхны медалиа би багшаасаа авч байлаа.

Багштайгаа ер нь их ойр байсан. Бэлтгэл тараад, багштай хамт гэр рүү гээ явна. Багш намайг дандаа гэр хүргэж өгчихөөд харьдаг байсан. Ер нь бид нар багшийнд бүгдээрээ их очино. Гэртээ байгаа юм шиг л байдаг байлаа. Медалиудыг нь зүүчихээд л, бүгд багш шигээ том бөх болно гэж мөрөөддөг байсан.

-Тэр дунд олимп, дэлхийн аваргын медаль хүртэл байгаа шүү дээ. Зүүж үзэхэд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

Ц.Баярсайхан: Багш медалиудаа тоолуулж, нэрлүүлдэг байсан, бид нараар. Өргөж үзээд дийлэхгүй. Багш улсын аваргад 12 түрүүлсэн. Манай Баагий зургаа түрүүлсэн байдаг.

-Сая “хурандаа” цолны тухай ярилаа. Б.Батзоригийг ингэж дууддаг байсан гэж. Яагаад тэгж нэрлэх болсон юм бол?

Ц.Баярсайхан: Би яръя. 1993 онд багш бид нарыг “Хөдөлмөр” зусланд авч явлаа. Тэгсэн манай Баагий чемодан дүүрэн цагаан цамц, цагаан фудболктай, цэмбийтэл угааж, индүүдсэн хувцастай хүн хөдөлмөр зусланд ирэхгүй юу. Жаахан байсан болохоороо зуслан явна гэхээр л амарна гэж бодосон байх. Тэгсэн бусад нь бол үндсэндээ ажил хийнгээ амарна гэдгээ ойлгоод, юун цагаан цамц... Бөөн ажлын хувцас, бахиал, хороом болсон хүмүүс очиж таарлаа. Нэгэнт нэг ч ажлын хувцасгүй, цэмцийсэн цагаан хувцастай хүүхдээр ямар ажил хийлгэх вэ дээ. Бид нар өглөө ажилдаа явдаг, Баагий унтаад хоцордог болсон.

Б.Батзориг: Ер нь бол унтсаар байгаад хурандаа цолтой болсон гэсэн үг л дээ. Манайхан намайг шоглож, унтаж хоцрох болгонд цол өгсөөр байгаад зуслангаас буухдаа хурандаа цолтой харьсан. Үнэндээ би тэр үед "Зуслан явна" гэхээр нь амарна л төсөөлсөн. Хоолны аяга, тавгаа ч аваагүй, ямар ч бэлтгэлгүй явж байлаа. Баяраа багшийн хоолны савны таган дээр хоолоо иддэг байлуу даа. /инээв/

Б.Батзориг: Багшийнхаа амжилтад хүрье гэсэн том зорилго байсан ч хараахан чадаагүй. “Хангай” клубт хичээллэдэг бүх шавь нар нь багшийнхаа дэлхийн аваргаас авсан медалийг авах юмсан гэж хичээсэн. Гэвч биднийг ид амжилт гаргадаг үед багш маань дэндүү залуугаараа бурхан болсон. Хааяа "Бид нэг бодлын азгүй хүүхдүүд юм даа" гэж бодох үе байсан. Хэрвээ багш минь байсан бол гэж бодогдох өдрүүд олон байлаа. Гэхдээ би их спортод бас нэгэн сайхан багштай учирсан. Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн А.Ганбаатар багштайгаа таарч, багш маань бидний төлөө бас олон зүйлийг хийсэн. Би ийм хоёр сайхан багшийн үгийг сонсч, шавь нь болж явсандаа сэтгэл дүүрэн байдаг. Тэр хоёр маань одоо дэргэд байхгүй ч тамирчны хувьд, хувь хүний маань хувьд надад ихийг зааж сургасан. Гол нь одоо бид багш нарынхаа үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлэх нь чухал юм даа.

Д.Оюунболд багшийн маань шавь нараас Ц.Баярсайхан, Э.Энхбат нар дасгалжуулагчийн ажлыг нь өвлөж, амжилттай ажиллаж байгаад баярладаг. Энэ бас их чухал.

-Баяраа багшийн шавь нараас Д.Оюунболд агсны үзүүлсэн амжилтыг давтах ирээдүйтэй залуу тамирчин хэр олон гарч байна вэ?

Ц.Баярсайхан: Дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Номинг нэрлэж болно. Ер нь хэд хэдэн залуу тамирчин бий. Ямар ч байсан сайн тамирчид бэлтгэхийн тулд бид өөрсдийнхөө хэмжээнд ажиллана байна даа. Багш маань чөлөөт бөхөөр хичээллээд, таван жилийн дотор дэлхийн аваргаас медаль хүртсэн байдаг. Энэ бол маш богино хугацааны амжилт л даа. Олимпод оролцсон анхны жилдээ медаль авсныг спорт сонирхогчид мэдэж байгаа байх.

-Таныг багш тань дасгалжуулагч болно гэдгийг эртнээс мэдэж байсан байх. Танд дасгалжуулагчийн арга барилаасаа юуг чухалчилж хэлдэг байсан бэ?

Ц.Баярсайхан: Мэддэг бүхнээ л заасан даа. Багш зааж сургахдаа бүхнийг өөрийн биеэр үзүүлдэг. Мэхний задаргааг их сайн хийж, нарийвчилж өгдөг байсан. Багшийн заасан эрдмийн буянд би өдий зэрэгтэй яваа гэж боддог. Тухайн үед багш надад зааж сургаагүй бол би дасгалжуулагч болохгүй ч байсан байж мэднэ. Өнөөдөр “Хангай” клуб байхгүй байж болох шүү дээ. Бүх зүйлийг маш нарийн заадаг байсан нь багшийн арга барилын давуу тал юм. Багшийг нас барахаас өмнө манай клубт 160 гаруй хүүхэд хичээллэдэг байлаа. Цаг барих соёлд маш сайн суралцсан.

Багш тамирчны ар талтай маш сайн ажилладаг. Заримдаа наргиан болгож “Та нар эхнэр авах бол хамгийн түрүүнд надтай танилцуулаарай. Багш нь нэг хараад л хэлнэ” гэдэг байлаа. Хүнийг их сайн танина. Бид нарыг ч гэсэн хараад л мэднэ. Өлссөн байна, ядарсан байна, сэтгэл санаа нь тийм байгаа юм байна гээд бүгдийг нь л мэдчихсэн, ар дахь асуудлыг зохицуулчихсан байдаг байсан. Цалин мөнгөөрөө хоол хүнс аваад, хэдэн шавь нартаа зориулчихна. Бид нарыг бүгдийг нь гэртээ аваачиж, өөрийн гараар хоол хийж өгдөг байлаа. Тухайн үед агшид гадна, дотноос өндөр цалин, хангамж амлаж байсан ч яваагүй. Ер нь амьдралын их шуналгүй хүн байсан. Гэр бүлээ, хэдэн шавь нарыгаа л гэдэг байлаа.

-Багшийгаа амьсгал хураахад Б.Батзориг та хамт байсан гэж сонсч байсан?

-Тийм ээ. Багшийн маань зүрх жаахан тааруу байсан. Өөд болохынхоо өмнө Хятадын Тяньжинд сар орчим хугацаанд бэлтгэл хийсэн байдаг. Монгол руу буцах хугацаа болоогүй байсан ч багш нэг л яаран буцаж, хүүхдүүдээ аваад Улаан-Үд рүү тэмцээнд явсан юм. Хотынхныг бодвол манай Сэлэнгийнхэн, "Хангай" клубынхэн орос руу хил залгаа гэдгээрээ харьцангуй олон тэмцээнд явдаг байсан. Тэр үед Улаан-Үдэд тэмцээнд оролцож байх үеэр багшийн маань бие муудаж, тэндээ яаралтай эмнэлэгт хүргэгдсэн. Багш бие нь өвдөж, зүрх нь асуудалтай байгааг бид нарт хэлдэггүй байсан юм билээ. Ер нь өөрийгөө өвдлөө, зовлоо гэж ярьдаггүй байсан. Амьсгал хураахаас нь өмнө хамгийн сүүлд би уулзсан байж таардаг юм. Тэгэхэд багш маань намайг танихгүй байсан. Тэгж хурдан мууддаг юм билээ. Сүүлд бодож байхад, багш ие нь тааруу байгааг мэдэж байсан юм болов уу, "Багш нь өнгөрөөд өгөхөөр та нар минь яана даа" гэж их ярьдаг болчихсон байсан. Бид нар хүүхэд байсан болохоор даанч тэрэнд санаа зовж, багшийгаа орхиод явна гэж боддоггүй байж.

-ОУХМ Б.Батзоригийн хувьд одоо ч шигшээ багтаа харьяалагдан, тэмцээн уралдаандаа оролцож байна. Өнөөдөр ингээд та нарыг харж байхад олон сайхан шижигнэсэн залуус багшийнхаа төлөө гэсэн сэтгэлээр цохилж яваа нь их сайхан санагдаж байна?

-Багшийн бүх шавь нар нь хөдөлж байна. Сэлэнгэ аймгаас сонгогдсон төрийн түшээдээс эхлээд олон хүмүүс багшийн маань дурсгалд зориулсан арга хэмжээнд тусалж, дэмжиж байна. Мэдээж, багшийн маань хүрээлэл, нөмөр нөөлөг их болохоор гэр бүл, найз нөхөд, үе үеийн олон шавь нар нь, МҮОХ, Чөлөөт бөхийн холбоо, Сэлэнгэ нутгийнхан тусалж, дэмжиж байгаа. Багшийн олон сайхан найз нарыг би бүгдийг нь хамтатгаж хэлмээр байна. "Хасу мегаватт" компанийнханд баярлалаа гэж хэлмээр байна. Багшийн маань тэмцээнд тусалж дэмжиж байгаа Х.Баттуул ахдаа баярлалаа. Мөн намайг өдий зэрэгтэй тамирчин болж, өдөр бүр багшийнхаа амжилтад хүрэхийн төлөө хичээн хөдөлмөрлөхөд үргэлж хамт байсан "Алтай" констракшны хамт олон Бат-Эрдэнэ захиралд маш их баярлаж явдгаа онцгойлон хэлэхийг хүсч байна.

Багшийн маань сайхан хөшөөг урласан Баярмөнх ахад баярлалаа. Их олон хүнд "Баярлалаа" гэж үгийг зориулахыг хүсч байна. Багшийн маань тэмцээн өргөн дэлгэр болно гэж найдаж байна. Багшийн маань үйл хэрэг хөшөө дурсгалаар дамжин мөнхрөн үлдэж байгаад шавь нар бид нар баяртай байна.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Удахгүй болох тэмцээнд амжилт хүсье.

-Баярлалаа. Сэлэнгэ нутгийнхнаа, спортын хамт олноо Д.Оюунболд багшийн маань тэмцээнийг хүрэлцэн ирж сонирхоорой гэж урьж байна.


ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМГООС:

Б.МӨНХЗУЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна