Авто захуудын нүүдэл, суудал

2015 оны 10 сарын 21

2015 оны аравдугаар сарын 4-ний өдөр нийслэлийн баруун захад Авто худалдааны цогцолборын эхний ээлж нээлтээ хийсэн.

Энд эхний ээлжинд 6000 гаруй зогсоол түрээслүүлэх боломж байгаа бөгөөд одоогоор 300 орчим иргэн 900 зогсоол худалдаж авсан гэх мэдээллийг Авто худалдааны цогцолборын дарга Д.Байдраг өгч байна. Хэдийгээр энэ хэмжээний зогсоол худалдахаар болсон ч “Авто худалдааны захуудыг хотоос гаргахгүй бол бид тэнд очиж юу хийх вэ” гэх шаардлагыг худалдан авагчид тавьж байгаа. Гэтэл нөгөө талаас автомашины худалдаа эрхлэгчид хотоос гарах сонирхолгүй байгаа. Энэ тухайгаа удаа дараа илэрхийлж, Шар хад орчимдоо машинаа зарж, амьдармаар байна гэсэн асуудлыг хөндөж байна.

Нэгэнт шийдвэр гарч, автомашины захуудыг хотын нэг тал руу төвлөрүүлэхээр болсон л бол хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулж, тооцоо судалгааны үндсэн дээр явуулж байгаа хот төлөвлөлтийг худалдаа эрхлэгчид дэмжих нь чухлыг албаны хүмүүс хэлж буй. Эцэстээ нүүж суухгүй гэсэн илэрхийллийн хариуд тэд "Авто худалдааны захуудыг нэн яаралтай нийслэлээс гаргах" мэдэгдэл хүртэл хүргүүлжээ. 

Авто машины худалдаа эрхэлдэг зах, тодорхой цэгүүдэд яаралтай нүүх тухай тэрхүү мэдэгдлийг бүгдэд нь хүргүүлээд байгаа бөгөөд заасан хугацаанд нүүгээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагыг ч тавьжээ. Гэсэн ч өнөөдрийн байдлаар нийслэлийн авто худалдааны захууд ямар нэгэн хөдөлгөөнд орж, нүүдэл суудалд бэлтгэж буй шинж алга.

  • Энэ талаар Авто худалдааны цогцолборын дарга Д.Байдраг ингэж ярилаа.


“ДА ХҮРЭЭ" ЗАХ. 15:40 ЦАГ........

  • 2015 оны аравдугаар сарын 20-ны өдөр. Шинэхэн эзнээ хүлээсэн автомашинуудыг он дарааллаар нь эгнүүлэн тавьжээ. Цаг агаар хүйтэрсэн болоод ч тэр үү зах хүн цөөтэй байв. Ганц хоёр хүн харагдвал ченжүүд хэдэн талаас нь бүчиж, ямар машин сонирхож байгааг нь шалгаан эргүүлдэнэ. Эндхийнхэн нүүдэл суудал хийх шинж ажиглагдсангүй. “Да хүрээ” захын амьдрал урьдын адил хэвийн үргэлжилж байв.


  • "Энд 5000 орчим түрээслэгч, худалдаа эрхлэгчид үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар түрээслэгчид үйл ажиллагаагаа хумьж, Авто худалдааны цогцолбор руу нүүсэн асуудал байхгүй" хэмээн тус захын маркетингийн менежер Б.Мягмарсүрэн ярилаа.

"Да хүрээ" захад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас аравдугаар сарын 1 гэхэд нүүсэн байх ёстой гэсэн мэдэгдэл ирүүлжээ. Нэмж ямар нэгэн шаардлага, мэдэгдэл одоогоор ирээгүй байгаа гэв. “Да хүрээ” гэлтгүй авто худалдаа эрхлэгчдийн хувьд Авто худалдааны цогцолбор руу нүүхийг эсэргүүцэж, удаа дараа мэдээлэл хийсэн байгаа. Ингэхдээ тэд,

  1. Дэд бүтэц бүрэн дуусаагүй
  2. Хүйтэн, цэвдэгтэй газар
  3. Цэвдэгтэй газар ажиллах нь эрүүл мэндэд хортой
  4. Худалдан авалт буурна
  5. Нийслэлийн түгжрэлийг сааруулах бус баруун чиглэлийн ачааллыг нэмнэ гэсэн тайлбарыг өгч байгаа юм.

Авто худалдаа эрхлэгчид өнөөдөр ч энэ байран суурин дээрээ байгаагаа хэлэв. Хамгийн сүүлд өнгөрөгч даваа гаригт Авто худалдааны захын төлөөллүүд уулзалт хийсэн байна. Энэ үеэр худалдаа эрхлэгчид өөрсдийг нь албадан нүүлгэх гэж буй асуудлыг ярилцжээ.

  • "Да хүрээ" захын менежер Ч.Чимэдцэрэнтэй ярилцлаа.


“МӨНГӨН ХҮЛЭГ” ЗАХ. 16:00 ЦАГ

“Мөнгөн хүлэг” захын хувьд 120 орчим түрээслэгчтэй аж. Анх тус захад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл иржээ. Хамгийн сүүлд дөрөв хоногийн өмнө нийслэлийн Өмчийн харилцааны газраас үйл ажиллагааны зориулалтаа өөрчлөх мэдэгдлийг танилцуулсан байна. Гэсэн ч худалдаа эрхлэгчид"Шинэ худалдааны цогцолбор руу нүүхгүй" гэсэн байр суурьтай хэвээр байгаа аж.

Нийслэлийн замын түгжрэлийг бууруулж, хөрс, агаарын бохирдлыг багасгах зорилгоор гаргасан нийслэлийн удирдлагуудын шийдвэр иймэрхүү байдалтай хэрэгжиж байна. Уул шугамандаа авто худалдааны захууд аравдугаар сарын 1 гэхэд одоо үйл ажиллагаа явуулж буй газруудаа чөлөөлж, шинээр барьсан цогцолбор руу нүүсэн байх учиртай. Гэвч 20 хоног өнгөрөөд байхад байдал хэвээр байна.

Өнөөдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Мэргэжлийн хяналт, нийслэлийн Авто замын газар, ШӨХТГ зэрэг байгууллагуудын төлөөллүүд авто худалдааны бизнес эрхлэгчидтэй уулзалт товлоод байна. Энэ уулзалтаас олон нийтийн болон худалдаа эрхлэгчдийн хэн хэнийх нь эрх ашигт нийцсэн шийдвэр, ойлголцол гарна гэдэг найдаж байна.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна