МАН-ын даргын харуусал

2015 оны 10 сарын 21

УИХ-аар 2016 оны төсвийн хууль, 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн нь сөрөг хүчнийхнийг ярих зүйлтэй болгоод байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд харамсч байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрээр “Засгийн газар татвар нэмэлгүйгээр бизнес эрхлэгчдэдээ таатай боломж олгон, эдийн засгаа өөд нь татах ёстой атал цалин хасах, татвар нэмэх байдлаар хамгийн хялбар арга сонгож орж ирэх юм. Төсөв бол тухайн Засгийн газар ямар үйл ажиллагаа, бодлого явуулах вэ гэдгийн илэрхийлэл юм. Нефть бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлж байгаа нь жижиглэн худалдаалах үнийг одоогийн төвшинд цаашид үргэлжлүүлж барих л бодлого байна. Бензин шатахууны жижиглэн худалдаалах үнээ бууруулж, шинээр татвар нэмэлгүйгээр бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэн эдийн засгаа өөд нь татъя гэсэн бодол Засгийн газарт ерөөсөө алга. Би Ерөнхий сайд байхдаа наад татварыг чинь дээш доош нь болгох Засгийн газрын тогтоол гаргаж байсан юм. Ойлгоод тогтоол гаргаж байсан юм шүү. Ер нь ачаа бараа, татлага татах цаг дөхлөө, үнэ тогтворжуулах хөтөлбөрт 3.7 хувийн хүүтэй баахан мөнгө тараасан, үүнийхээ хагас хугасыг буцаагаад улсад төлүүлье, энэ боломжийг нь нефтийн компаниудад олгоё гэдэг байдлаар асуудалд хандаад байна уу даа. С.Баярцогт та сүүлийн үед нефть бүтээгдэхүүний асуудалд илүү анхаарал тавиад байх юм. Энэ бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын эрхлэх асуудалд хамааралгүй. Энэ талаар холбогдох сайд нар нь үндэслэлээ ярих ёстой. Ийм байдлаар асуудалд хандаж байгаад харамсч байна. Засгийн газар цалин, тэтгэврийг энэ жил нэмэгдүүлэхэд зориулсан 90 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор хасах, төрийн албан хаагчдын цалинг 10, 30 хувиар бууруулах санал гаргаж. Цалин хасаад бид хямралт байдлаас гарч чадахгүй. За яахав, УИХ, Засгийн газрын гишүүдийн цалинг бууруулдаг юм байж. Төрийн албан хаагчдын цаана олон мянган өрх айлын амьдрал байгаа шүү дээ. Ингэж цалин хасахын оронд 2015 онд байгуулагдсан 119 төрийн болон орон нутгийн өмчит компаниудаа татан буулгаач. Бизнес эрхлэгчдийн ажлыг булааж авдаг тэр компаниудаа татан буулгаж эдийн засаг, бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй. Ингэж чадвал хямралаас гарахад тус дэм болно” гэж бухимдлаа илэрхийлээд авсан.

Засгийн газрын боловсруулсан төсвийн хуулиуд одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Эцсийн шийдлийг УИХ гаргах учраас цалинг бууруулах уу, хэвээр үлдээх үү гэх шийдэл нь сөрөг хүчний хийх улстөрөөс ч бас хамаарах л болж буй юм.

Г.ХОРОЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна