Хөрөнгө оруулалтыг зөв зохистой зүйлд зарцуулахыг хүссэн юм

2015 оны 10 сарын 21

НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва: Хөрөнгө оруулалтыг зөв зохистой зүйлд зарцуулахыг Хотын даргаас хүссэн юм


-Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг Нийслэлийн Засаг даргыг огцруулах бичгийг өргөн барьсан ч хүлээж авсангүй. Засаг даргыг ямар шалтгаанаар огцруулах шаардлага тавьсан юм бэ?

-Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг үнэлэлт дүгнэлт өгсөн. Энэхүү дүгнэлтийн хүрээнд Засаг даргын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр болон тухайн  жилийн эдийн засаг, нийгмийн байдлын зорилтын үр дүнг харьцуулан судалж, тодорхой шийдвэрт хүрсэн юм. Уг дүгнэлтээр  өнгөрсөн гурван жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн зарим салбарт ямар ч үр дүн гараагүй гэдэг нь тодорхой болсон.  Өмнө нь манай бүлгийнхэн дээрх ажлыг үр дүнтэй болгох зорилгоор Нийслэлийн Засаг дарга болон түүний удирдлаган дор байх харьяа газар, агентлагууд, мэргэжилтнүүд тодорхой арга хэмжээ авч ажиллах ёстой гэсэн байр суурьтай байсан. Харамсалтай нь, Нийслэлийн Засаг дарга тодорхой хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан.  Тиймээс нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг Хотын даргыг огцруулах шаардлагыг  нийслэлийн ИТХ-ын даргад албан ёсоор хү­лээлгэн өгсөн. Бидний тавьсан энэхүү шаардлагыг нийслэлийн ИТХ-ын дарга хэлэлцэх боломж­гүй гэсэн хариуг одоо­гоор өгөөд байгаа. 

-Ямар салбарт оруулсан хөрөнгө оруулалт үр дүнгүй  болсон байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын эрх мэдлийн хүрээнд зарцуулах тоо хэмжээг ярих юм бол их хэмжээний мөнгөн дүн сонсогдоно. Бидний сайн мэдэх хогны ногоо уутны хэрэгцээ шаардлага хангасан нь зөв үү, буруу юу гэдгийг бодох хэрэгтэй. Өнөөдөр ногоон уутыг 12.7 тэрбум төгрөг, гуравхан сартай нэг наст цэцгийг хотын тохижилт нэрээр 95 тэрбум төгрөгөөр тарьсан. Гэр хорооллын дахин төлөвлөлт 158.3 тэрбум төгрөг, нийтийн тээврийн ухаалаг систем 30 орчим тэрбум, угсраа автобус 20 тэрбум, рейлбус найман тэрбум гээд тоочвол олон зүйл бий.  Хотын удирдлагууд бондын хөрөнгийг улсын болон нийслэлийн төсөвт ирэх онуудад төсвийн дарамт учруулахад эдийн засгийн үр ашиггүй хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид зар­цуулж байгаад иргэд одоо ч дургүйцсээр байгаа.

-Танай бүлгээс  Засаг дарга Э.Бат-Үүлийг нийс­лэлийн төсвийн зарцуу­лалтыг буруу хийсэн гэж үзжээ. Гэхдээ зарим иргэд Хотын даргыг сайн ажилласан гэсэн байр суурийг илэрхийлж байна. Та энэ тал дээр юу хэлэх бол?

-Хувь хүн бүр өөр өөрийн­хөөрөө тайлбарлаж байгааг үгүйсгэх аргагүй. Зөвхөн Нийслэлийн төсөв биш, “Чингис” “Самурай” бонд, Хөгжлийн банкнаас гарсан хөрөнгө оруулалтын хэмжээг ярих юм бол 1.3 тэрбум доллар буюу 2.1 нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн байдаг. Энэ их том дүнтэй хийсэн бүтээн байгуулалтын ажлыг харвал харьцангуй чамлалттай санагдаж байна.  Нийслэлийн төсвийн орлого 2014 оны гүйцэтгэлээр 556.7 тэрбум төгрөг болж, 2012 оныхоос 160 гаруй хувиар, нийт зардал 536.3 тэрбум төгрөг болж, 2012 оны гүйцэтгэлээс хоёр дахин, хөрөнгө оруулалт 227.5 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 130 гаруй хувиар тус тус өссөн гэсэн үзүүлэлт байна.

Нийслэлийн иргэдийн таашаалд нийцсэн нэг ажил бол зам, уулзварын асуудал бий. Энэ зам уулзварын хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулаад “Чингис” бондын мөнгөөр хийсэн болохоос Нийслэлийн төсвөөр хийгээгүй. Энэ бол Хотын даргын ажил гэхээсээ илүү  Засгийн газрын хийсэн ажилд хамаарагдана. Мөн нэг наст ургамал  бол богинохон хугацаанд Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ үүнээс илүү хотын тулгамдсан асуудлыг хэд болох уу гэдгийг жагсаагаад бичвэл зөндөө байна. Удахгүй өвлийн улирал эхэлнэ. Гэр хорооллын хальтиргаа гулгаа сургууль  цэцэрлэгийн хүртээмж, сургуулийн сурагчдын суудлын тоог ихээр нэмэх шаардлагатай.  Хотын хамгийн их тулгамдсан асуудлыг эхлээд шийдэхийг бид хүсч байна.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Засаг даргыг огцруулахтай холбогдуулан нийслэлийн удирдлагууд энэ тал дээр их эмзэглэн хүлээж авч байна. Сөрөг хүчин шүүмжилж байхад хийсэн ажлаа тайлагнаад энэ хөрөнгө оруулалтынхаа ажлыг ил тод тайлагнах хэрэгтэй. Бидэнтэй бидэнгүй нийслэлийн иргэд өөрсдийнхөө дүнг тавьчихна.  Энэ бол улстөржүүлэлт биш, бусдын үгийг сонсохоо больчихсон, одоо харин хийсэн ажлаа эргэж харж байна.  Өдөр бүр хэвлэлд хандаад байгаа нь дэмий юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг анхнаас нь бид дэмжсэн. Улаанбаатар хотын тулгамдсан асуудал мөн. 20 гаруй тэрбум төгрөгийн дэд бүтэц батлагдаад явсан. Дангаараа шийдэхгүй. Оюутолгой, Тавантолгой гэж чухалчилж ярьдаг шиг Монгол Улсын суурь болсон асуудлыг шийдвэрлээч гэсэн. Хөрсний бохирдол, агаарын бохирдол байна. Хот ганцаараа санаа тавихгүй, УИХ, Засгийн газрын оролцоо хэрэгтэй гэдгийг хэлж байгаа. Та нарын  хийсэн ажлыг үгүйсгээгүй. Иргэдийн бодол санааг сонсчих. Хэн нэгний бүлэг ярьсан гэдгээр хандаж болохгүй. Хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай. Дахин төлөвлөлтөд хамрагдсан 40 компаниуд бий. Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байна.  Хөрөнгө оруулалтыг олох гэж их үзсэн. Засгийн газрын баталгааг гаргаж өг гэдэг. Эргээд ямар баталгаа байна. Хувийн компаниуд чаддаггүй. Гаднын хөрөнгө оруулагчид баталгаа шаардана. Гэр хорооллын дахин төлөвлөлт иргэдийг их хүлээлгэсэн.

О.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна