Завханы Их-Уул сум шинэ эмнэлэгтэй боллоо

2015 оны 10 сарын 21

Сэтгүүлч:
Завхан

Завхан аймгийн Их-Уул суманд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын санаачилгаар 10 ортой эмнэлгийн барилга, угсралтын ажлыг өнгөрсөн зунаас эхлүүлжээ. Тус эмнэлгийн барилгын нээлт өнгөрөгч долоо хоногт боллоо.


Завхан аймгийн Их-Уулын сумын хүн эмнэлгийнхэн сумынхаа 1645 өрхийн 6068 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлэг нь 10 ортой. Найман эмч, дөрвөн сувилагчтай. Жилд 100 гаруй эх амарждаг аж. Хүн ам ихтэй учраас эмнэлгийн ачаалал ихтэй. Тиймээс өөрсдийн хүч бололдоондоо тулгуурлан 10x20 хэмжээтэй буюу 220 мкв талбайтай амбулаторийн барилга барьж ашиглалтад оруулахаар шийджээ. Нийт өртөг нь 56.6 сая төгрөг болсон байна. Зардал төсвөө хэмнэхийн тулд эмч, сувилагч, галч, жолооч гээд бүгд барилгын ажилд оролцсоноос гадна нутгийн иргэд цөмөөрөө гар сэтгэл нийлэн ажиллажээ. Богино хугацаанд багатөсвөөрнутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр сэтгэл нэгдэж байгуулсан эмнэлгийн барилгын нээлт өнгөрөгч ням гаригт боллоо.

Эмнэлгийн нээлтэд оролцохоор манай сурвалжлах баг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Завхан аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн Ш.Батсамбуу нарыг дагалдан өнгөрөгч бямба гарагт нийслэлээс Завхан аймгийн зүг хүлгийн жолоо заллаа. Завхан аймгийн Их-Уул сум хүртэл засмал замаар давхисаар оройн 21.00 цагийн үед зорьсон газраа ирэхэд аймгийн болон сумын Засаг дарга, иргэдийн төлөөлөл нар угтаж авав.

Аян замынхаа тоосоо гөвөн, алжаалаа тайлахаар амрах байр луугаа явцгаав. Манай сурвалжлах багийг өглөө эртлэн босоход шинэхэн цас орж, Их-Уул сумын нутаг нэлэнхүйдээ цасан хөнжлөө нөмөрчээ. Шинэ эмнэлгийн нээлтийг биднээс түрүүлээд цас угтаж байна даа хэмээн иргэд хоорондоо ярилцана. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол шинэ эмнатгийн байрыг нээж үг хэллээ. Тэрбээр, “Их-Уул сумын эмнэлгийг барихад нийт 56.6 сая төгрөгийг улсын төсвөөс гаргаж өгсөн юм.

Улаанбаатарт нэг эмнэлэг барихад тэрбум төгрөгийн санхүүжилт авч барьдаг гишүүд байдаг юм билээ. Өнөөдөр Их-Уул сумын иргэд та бүхэн сэтгэл гаргаад аливаа зүйлийг хийж бүтээж чадна гэдгийн тод жишээ болж чаддаа. Мөн зарим нэг хүмүүст бага төсвөөр чанартай зүйл хийж болдог гэдгийг харуулж чадааа” гэв. Нээлтийн үйл ажиллагаа тууз хайчлах ёслолоор үргэлжилсэн юм. Д.Оюунхорол гишүүн эмнэлгийн хамт олонд өөрийн зүгээс хоёр сая төгрөгийг хандив болгон өгөв.

Будаг нь ханхалсан шинэхэн эмнэлгээ хүлээн авч байгаа эмнэлгийн хамт олонд энэ өдөр олон хүн сэтгэлийн өглөг болгон хандив туслалцаа үзүүлж байлаа. Хүн ардынхаа эрүүлийг хамгаалах буянтай үйлсэд зориулан Завхан аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн Ш.Батсамбуу гурван сая төгрөгийн буцалтгүй тусламж өгсөн бол Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив эмнэлгийн 10 ор авч өгөхөөр болсон юм. Эрүүл мэндийн төвийн өргөтгөл буюу 10 ортой шинэ эмнэлгээ хүлээж авч буй Их-Уул сумын эмнэлгийн ажилчид болон иргэдийн сэтгэгддийг сонслоо.

С.Дарамбазар: Нутгийн гишүүндээ баярлалаа

/Их-Уул сумын Эруул тэндийн төвийн дарга/

-Өргөтгөл нь баригдсанаар иргэдийн хэвтүүлэн эмчлүүлэх тоо нэмэгдэхээс гадна ачаалал буурч иргэдтэйгээ илүү ойртож үзлэг үйлчилгээ явуулахад дөхөм болно гэж найдаж байгаа. Мөн эмнэлгийн үзлэг үйлчилгээний чанар сайжирч цааш цаашдаа сумандаа мэс засал хүртэл хийх хэмжээнд өргөжих болно гэдэг зорилго тавиадажиллажбайна. Нутгийн гишүүндээ баярлалаа.

П.Хорлоо: Сум маань жил ирэх тусам хөгжиж байгаад баяртай байгаа

-Д.Оюунхорол гишүүний санаачилгаар сум маань шинэ эмнэлэг, шинэ гүүр, оёдлын үйлдвэр гэх мэт олон зүйлтэй болсондоо сэтгач хангалуун байна. Манай сум жил ирэх тусам өргөжин хөгжиж байна. Улаанбаатар хоттойгоо засмал замаар холбогдпоо. Зам дагаж хөгжил гэдэгчлэн цааш, цаашдаа илүү олон зүйлийг санаачлан хэрэгжүүлээрэй. Их-Уул сумын иргэд бид чинь гишүүн танд баярлаж, талархаж явдгаа хэлмээр байна.

...Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Их-Уул сумын “Ирээдүй” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. “Ирээдүй” цэцэрлэгийн эрхлэгч А.Булганбаатар цэцэрлэгийнхээ дотоод үйл ажиллагаа танилцуулахын дашрамд цэцэрлэгээ улсын харьяалалтай болгох саналаа эрхэм гишүүнд учирлав. Их-Уул сум нь нийтдээ 570 орчим цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй.

Сумын хэмжээнд хувийн болон хувьсгалын нийлээд хоёрхон цэцэрлэг байдаг юм байна. “Ирээдүй” цэцэрлэг нь 2014 онд ашиглалтад орсон 584 мкв талбайтай, гурван давхар, нийт 250 орчим хүүхэд элсүүлэн суралцуулах бүрэн боломжтой аж.

Энэ талаар цэцэрлэгийн эрхлэгч А.Булганбаатар "Төрийн өмчийн цэцэрлэгийг хоёр тэрбум төгрөгөөр барьдаг бол манай цэцэрлэг 460 сая төгрөгөөр баригдсан. Одоогоор гурван багш, гурван бүлгийн 90 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхэд сурч хүмүүжнхэд зориулсан, найрсаг хамт олон, мэргэжлийн заах арга барил сайтай багш нар, цэвэр, тохилог анги танхим дулаахан орчныг бүрдүүлж чадсан байгаа. Нэг хүүхдийг сарын 30 мянган төгрөгөөр элсүүлж авдаг. Ажилчдын цалин, хүүхдүүдийн хоол ундны мөнгө хүртээмж муутай байдаг. Манай цэцэрлэг нь төрийн өмчийн цэцэрлэг болчихвол энэ асуудлыг шийдвэрлэж чадна гэж найдаж байна” хэмээлээ.

ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН ҮНЭН" СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна