Ө.Энхтүвшин: 1.6 тэрбумаар байшин барих гэлээ

2015 оны 10 сарын 21

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Үүнтэй холбоотойгоор агентлагуудыг нэгтгэх асуудал хөндөгдөж байгаа юм. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд "Засгийн газар төсвийн хуулиудыг боловсруулахдаа хэд хэдэн агентлаг нэгтгэх, татан буулгах, төрийн захиргааны албан тушаалтнуудын цалинг бууруулах зэрэг арга хэмжээ авахаар оруулж ирсэн нь өөрсөд рүүгээ чиглэсэн галыг түр ч болов намжаах арга ядсан арга юм. Төсвийн үргүй зардлыг бууруулъя гэвэл угтах хаалга барих, нэг хүнд зориулж байшин барилга барьж байгаагаа зогсоох ёстой" хэмээн шүүмжиллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Хайрхан суманд нэг хүнд зориулж 1.6 тэрбум төгрөгөөр байшин бариулах, 2900 хүний цалинг бууруулж, 1.8 тэрбум төгрөг хэмнэх хоёрын аль нь зөв сонголт вэ. Сангийн сайд аа, та нэг хариулт өгөөч” гэв.

Энэ үед гишүүд “Хайрхан сум аль аймгийнх юм бэ. Ө.Энхтүвшин гишүүн ээ, аймгийг нь хэл” гэж байлаа. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин  “Монголд Хайрхан нэртэй сумтай ганц аймаг бий” гээд тодруулсангүй.

Сангийн сайд Б.Болор дээрх асуултын хариуд “Архангай аймгийн Хайрхан суманд баригдаж байгаа байр. Сайд С.Эрдэнээс асуу” гэв.

Тэгвэл дээрх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан “Зарим агентлагийн чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлж болохоор байгаа. Гэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн бүтцийн өөрчлөлтөөр Үндэсний статистикийн хороог Засгийн газар мэдэлдээ авах нь. Эдийн засаг, нийгмийн төлөв байдлын талаар судалгаа хийж мэдээлэл гаргаж байх ёстой байгууллага. Энэ байгууллагыг 2000 онд Засгийн газрын нөлөөллөөс гаргаж, УИХ-ын харьяанд авчрах хуулийн төслийг тухайн үед би хэсэг гишүүдтэй санаачилж, хуулийг нь батлуулж байсан. Уг байгууллагыг Засгийн газрын харьяанд шилжүүлэх нь учир дутагдалтай. Засгийн газар нь УИХ-ын харьяа байгууллагыг шууд татан буулгаж нэгтгэх эрх байна уу.

Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн газартай нэгтгэсэн нөхцөлд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг Газрын харилцаа геодези зураг зүйн газарт шилжүүлэх нь зөв болов уу” гэсэн санал хэлж байлаа. Улмаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг газрыг нь дагуулж Газрын харилцаа геодези зураг зүйн газарт шилжүүлж, эрхлэх асуудал нь Барилга хот байгуулалтын сайдын мэдэлд байх санал гаргаж, түүнийгээ хураалгахаар болсон юм.

Гэвч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Улсын бүртгэлийн газарт хүний бүртгэл мэдээллээс эхлээд нарийн мэдээллүүд бий. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нарийн мэдээллүүд ч бий. Үүнийг зөвхөн саналын томъёолол гаргаад шийдэж болохгүй. Тодорхой судалгаа хийлгэж нягтлах ёстой. Ингэхгүй бол дунд нь янз бүрийн юм гарчихаж магадгүй. Санал дэмжлэг хүлээчихвэл тэгээд л шууд бужигнуулна. Тийм учраас Хууль зүйн яамныхаа харьяанд буюу Улсын бүртгэлийн газартаа төвлөрч байг” гэж хэлснийг Ц.Баярсайхан гишүүн үндэслэлтэй хэмээн үзэж, горимын саналаа татав.


Улмаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад олны анхаарлын төвд байсан хоёр ч санал олонхийн дэмжлэг хүлээлгүй унав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ц.Баярсайхан, Ө.Энхтүвшин нар “Цалинг бууруулах Засгийн газрын санал нь хуулийн зөрчилтэй тул дэмжих боломжгүй” хэмээн санал гаргасан нь олонхийн дэмжлэг хүлээгээгүй тул төрийн захиргааны албан тушаалтнуудын цалинг 30 хүртэл хувиар бууруулах санал дэмжлэг хүлээгээд байна. Үүнд 2900 хүний цалин хамаарах юм.

Мөн Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрыг нэгтгэхгүй хуучнаар нь үлдээх саналыг дээрх гишүүд гаргасан нь олонхийн дэмжлэг хүлээсэнгүй. Ингэснээр Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар хоёрыг нэгтгэн Үндэсний орлогын татварын газар байгуулах Засгийн газрын санал хэвээр үлдээд байна.

Түүнчлэн Үндэсний статистикийн хороо хуучнаараа буюу одоогийнхоороо үлдэх санал хэвээр үлдлээ.

Цалинг бууруулах тухай санал хуулийн зөрчилтэй орж ирсэн нь Засгийн газар энэ талын холбогдох хуулиуддаа өөрчлөлт оруулахаар өргөн бариагүйтэй холбоотой аж. Төрийн албаны тухай хуульд төрийн албаныхны цалинг өнөөгийн төвшнөөс нь бууруулж болохгүй гэж заасан байна. Тиймээс энэхүү заалтад өөрчлөлт оруулаагүй цагт УИХ-аас цалинг 30 хүртэл хувиар бууруулах хууль батлахад хуулийн зөрчилд орох юм байна.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна