Гүнгийн авхай титмээ зүүлээ

2015 оны 10 сарын 21

Хятадын Ерөнхийлөгч Си Жинпиний Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад хийж буй айлчлалтай холбогдуулан өчигдөр Букингхэмийн ордонд өндөр хэмжээний хүлээн авалт зохион байгуулав.

Дээд хэмжээний 170 гаруй зочдыг урьсан энэхүү хүлээн авалтын үеэр олны харцыг хамгийн ихээр булаасан хүн яах аргагүй гүнгийн авхай Кэйт Миддлетон байлаа. Тэрбээр энэ өдөр Хятадын билэгдэл болсон улаан өнгийн даашинзыг сонгон өмсжээ.

Хамгийн чухал нь Кэйт Миддлетон ханхүү Виллиамтай гэрлэснээсээ хойш гурав дахь удаагаа титэм зүүн, олны өмнө гарсан явдал өчигдөр боллоо.

Үүнээс өмнө Кэйт анх удаа хуримынхаа үеэр буюу 2011 онд "Cartier Halo" нэртэй титэм зүүж байжээ. Энэ титэм нь VI Жорж хааны хуримын ойгоороо Хатан Хаан II Элизабетад бэлэглэсэн титэм бөгөөд хатан хаан энэхүү титмээ Кэйт Миддлетонд хуримын бэлэг болгон өгч байсан юм.


Үүний дараа буюу 2013 онд Букингхэмийн ордонд болсон дипломатуудад зориулсан Хүндэтгэлийн зоогийн үеэр Кэйт Миддлетон "Бадамлянхуа" титэм зүүж байжээ. Энэ үед Кэйт Миддлетон титмийг хатан хаанаас зээлэн, зүүж байсан гэдэг.

Бадамлянхуа нэрээрээ алдартай энэхүү титэм нь Хатан Хаан II Элизабетын цуглуулгын хамгийн хайртай гоёлын нэг юм байна. Ийнхүү Кэйт Бадамлянхуа титмийг зүүсэн хоёр дахь тохиолдол нь өчигдөр болж өнгөржээ.

"Бадамлянхуа" титмийн түүх

1920 онд Уэльсийн Хатан Мэри энэхүү титмийг I Элизабетэд бэлэг болгон өгснөөс хойш уг титэм Хааны гэр бүлийн өмч болжээ. Тухайн үед титмийг толгой дээрээ биш, харин духан дээрээ байрлуулан зүүдэг уламжлалтай байсныг Элизабетын дүү, гүнж Маргарет 1960 онд толгой дээрээ зүүснээр уламжлалыг эвдсэн гэдэг.

Маргарет гүнж 1993 онд болсон хүүгийнхээ хуримд зориулж, мөн л хатан хаанаас зээлж, өөрийн бэр Серена Стэнхопод зүүлгүүлж байсан түүх бас байдаг.

 

Бэлтгэсэн: Г.СҮМБЭЭ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна