Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

Олон арван жилийн турш шаргуу тэмцэж, үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлаа олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн гол гавьяа тухайн цагийн эрх баригч байсан, одоогийн Монгол Ардын Намд зүй ёсоор оногдоно.

МАН-ын дарга М.Энхболд

Ийм лут үгтэй мэндчилгээг өчигдөр хэвлэлүүдээс хангалттай харсан биз ээ. 1945 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр бол монголчуудын түүхэнд шинэ хуудас нэмсэн, яахын аргагүй чухал өдөр. Эл өдөр болсон санал хураалтад БНМАУ-ын нийт иргэдийн 98.4 хувь нь оролцож, цөм төрийнхөө бүрэн эрхт байдал тусгаар тогтнолыг нэгэн дуугаар батлан гарын үсэг зурцгаажээ.

Сонирхолтой нь, БНМАУ-д анх удаа бүх нийтийн санал асуулга болсон тэр цаг дор Монголын нийт иргэдийн 54 хувь нь бичиг, үсэг мэдэхгүй байсан ч тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулгад оролцож, хурууныхаа хээг дарж санал өгсөн нь улсынхаа дотоод асуудлыг бие даан шийдвэрлэх туйлын сонирхол байсантай холбоотой.

Харин өнөөдөр М.Энхболд мэт нь эл өдрийг өмчлөн, тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулгын үр дүнг өөрсдийн гавъяа мэтээр ичих нүүргүй тайлбарлаж байна.

Тухайн үеийн хийгээд өнөөгийн нам, нэр болоод үйл хэрэг, удирдагчид болоод гишүүд нь, үзэл баримтлалаас гадна үнэт зүйлс нь тэнгэр газар шиг өөрчлөгдсөн. Түүхийн ээдрээтэй, хар бараан бүхнийг бусад руу чихэж, гэрэл гэгээтэй, бахархам явдлыг намдаа өмчилж, өндөрлөгт залрах сонирхол өнөөгийн аль ч улс төрийн хүчний удирдлагаас цухалздаг.

Д.Бодоо, С.Данзан нарын байгуулсан МАН эх орон, тусгаар тогтнолын төлөө зүтгэх туйлын ганцхан сонирхолтой байсан. Тэд цаазын тавцанд очих хүртлээ энэ л үзэл баримтлалдаа тууштай байсаар амь эрсдсэнийг гашуун түүх гэрчилнэ.

Харин тэдний үргэлжлэл хэмээн өөрсдийгөө өргөмжлөөд буй өнөө цагийн улстөрчдөөс тийм зүрх, сэтгэл, үзэл баримтлал өчүүхэн төдий ч үнэртдэггүй. Зөвхөн өөрсдийнх нь хувийн эрх ашиг, сонирхол л тэдэнд чухал болохоос улс орны эрх ашиг үнэндээ сонин биш. Сонгуульд ялалт байгуулахын тулд л ард түмнээ санадаг болохоос иргэдийн амьдрал, ахуй орчныг өөд нь татах шийдвэр парламент гаргах нь ховор.

Ардчилсан нам ч ялгаагүй. 1990 оны хонхны дууны дурсамжаараа 25 жилийг үдлээ. Иргэд итгэл үзүүлж, өөрсдийн сонгосон үнэт зүйлсээ хамгаалуулахын төлөө тэднийг нэгэнтээ сонгоход тэд гэдсэндээ хөлөө жийлцэж, засгаа хэдэнтээ огцруулж итгэлийг нь хөсөрдүүлж байсан. МАН ч ялгаагүй тэднээс дээрдэх зүйлгүй байсан учраас арга барсан ард түмэн дахиад л АН-д итгэл үзүүлж сонгосон. Гэвч өнөөдөр тэдэнд дахиж итгэснийхээ горыг амсаад сууж байна. Тэд дахиад л хөлөө жийлцэж, эрх мэдлийн төлөө улайрахдаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлээд авлаа. Яг үнэндээ МАН, АН биш МАНАН хэмээх шуналын хүүдий эрх мэдэлд цадаж ханахаа мэдэхгүй энэ орныг үгүй хийж дууслаа.

Хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгмийг цогцлоох гэж дүн өвлийн хүйтэнд цементэн талбай дээр өлсгөлөн зарлаж, өөр замыг сонгосны гавъяаг өнөөгийн энэ ашиг сонирхол дээр нэгдсэн нам дамнасан бүлэглэл үгүй хийж байгааг бид нүдээрээ харж, гэрч нь болж байна. Ардчиллыг дэмжигч мянга мянган жирийн гишүүдийн итгэл найдварыг өөрсдийн аминчхан үзлийн төлөө нэгдсэн фракциуд нүдэн дээр минь үгүй хийж байна.

Улсын эрх ашиг яриад хувийн амьдралаа өөд нь татагч улстөрчдийн бүхэл бүтэн “арми” Монголын төрд үүрээ нэгэнт засчихжээ. Тэднийг шунал нэгтгэж байна. Тэдний эрх ашигт нийцээгүй төсөл хөтөлбөр, эдийн засагт үр өгөөж өгөх томоохон бүтээн байгуулалт ямар ч үнэ цэнэгүй болж, гацдаг. Тэдний түрийвчийг түнтийлгэх бол монголоо худалдахад ч бэлэн намаар бамбай хийж гэмт үйлдлээ халхавчилсан, “чөтгөрүүд” олширч.

Авлига, албан тушаалынхаа хэргийг хаалттай хуралдаж байгаад хуулиар хүлээн зөвшөөрүүлдэг, өршөөдөг тийм л “чөтгөрүүд” биднийг удирдаж байна.

Тэдэнд өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөөгүй бол бусад бүх зүйл огт хамаагүй. Эрх ашгийнхаа төлөө засгаар тоглож, ах дүү, хамсаатнаа албан тушаалд тавихын тулд төрийн ажлыг дампууруулах энүүхэнд. Өнөөдөр хууль бус томилгоо, албан тушаалын халаа сэлгээ газар авсан. Нэг сайд солигдож, нэг дарга шинээр томилогдоход төрийн албанаас нэг дор 70 хүнийг үндэслэлгүйгээр ажлаас халах нь байдаг л зүйл болж. Тэдний энэ хууль бус шийдвэр шүүх дээр очоод унадаг. Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хүмүүст ажилгүй байсан хугацааны цалинг нь нөхөн олгож, буцааж ажилд нь томилох шүүхийн шийдвэр гардаг. Яг ийм нөхөн төлбөрөөс үүдээд өнөөдөр төрийн сан дампуурч байна. Хууль бусаар халсан даргын халааснаас бус төрийн сангаас хохирлыг барагдуулах хуультай. Тиймээс ч хэн дуртай дарга нар халаа, сэлгээ хийж, төрийн санг өм цөм хоосолж байна.

Том жижиг гэлтгүй улс төрд шургалсан хүн бүгд л өөр өөрийн хэмжээндээ улсаас идэж, хумсалж, төрийг дампууруулж, төрөөр тоглож байна. Эрх баригч, сөрөг хүчний аль алинд нь улсаа өөд нь татах бодлогоос илүү өнөөдөр оноо авч, эдийн засгийг хүнд байдал рүү түлхээд ч хамаагүй ирэх сонгуульд олонхийн суудалд залрахаар санаархаж сууна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд УИХ дахь намууд сандал, суудлын хэрүүлээр сайд нарын асуудлыг л хэлэлцсэнээс бус Монгол Улсад хэрэгцээтэй хууль баталсан нь ховор. Нүдэнд харагдаж, гарт баригдах ганц хийсэн ажил нь шүүхийн шинэтгэл байлаа.

Харин өнөөдөр түүнээсээ ухрах алхамыг шат дараатай, бүр зохион байгуулалттайгаар хийж эхэллээ. Батлаад хоёр жил ч болоогүй шүүхийн шинэтгэлийн багц хуульд гар хүрэхээр хуйвалдаж байна. Засгийн газар эдийн засгийн хямралаар халхавчлан шүүх засаглалын эдийн засгийн хараат бус байдалд халдахаар хуулийн төсөл өргөн бариад батлуулахаар улайрч эхэллээ. Тэдэнд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хоёр давхар дээл хангалтгүй байгаа бололтой. Шүүх засаглал руу шуналын нүдээр харж эхэллээ. Ай их шунал, арай их шунал.

Л.ТӨГС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж