Шүтээнд зориулж 464 сая төгрөгөөр дугана барьжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

Шүтээнд зориулж 464 сая төгрөгөөр дугана барьжээ

Аграмба Р.Санжайжавын мөнхийн бясалгалт шүтээн биеийг Гандантэгчинлэн хийдийн хамгийн том дуганд өнөөдөр залж, сүсэгтэн олонд авшиг жанлав хүртээж эхэллээ.

Аграмба нь 1826-1905 оны үед амьдарч байжээ. Сүсэгтэн олон өнөөдөр, маргааш хоёр өдөр 09-17 цагийн хооронд уг мөнхийн бясалгалт шүтээнд залбирч, буян заяагаа даатгах боломжтой юм.

Улмаар энэ сарын 24, 25-ны өдрүүдэд шүтээнийг төрөлх нутаг Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулнаа /далайн төвшнөөс дээш 2733 метрийн өндөр/ залахаар төлөвлөжээ.

1894 оноос хойш саяхныг хүртэл Архангай аймгийн Цахир сумын иргэд дээрх багш, шавийн мөнхийн бясалгал хийж гэгээрсэн хоёр шүтээнийг нууцаар залж, шүтэж ирсэн түүхтэй аж. Харин өнгөрсөн нэгдүгээр сард нууцалж байсан шүтээн биеийн нэг нь алдагдаж, энэ үеэс олон нийт 200 орчим жилийн түүхтэй, шүтээн биесийн талаар мэдэх болсон юм.

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц "Энэхүү шүтээн биеийн увидас Итгэл хамбынхтай адил" гэж тодорхойлсон.

1960, 2002 онд багш, шавь хоёрын шүтээн бие байрлаж байсан Содномдаржаа ууланд түймэр гарчээ. Хачирхалтай нь, түймэр шүтээн бие байсан газраас нэг төө хэмжээтэй холуур дайрч өнгөрсөн гэдэг.

  • Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц ийн ярилаа.

  • Аграмба Р.Санжайжавын шүтээн бие олонд ил болсноос хойш төр, шашны байгууллагууд хамтран ажиллаж, түүнийг сэргээх, шинжлэн судлах ажлыг хийжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн "Шүтээн биеийн нугас, тархи амьсгалж байна. Тиймээс бусад эрхтэнг шинжлэх шаардлагагүй" гэж үзсэн байна. Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам үндэсний соёлын өвд албан ёсоор бүртгэж, гэгээрсэн багш, шавийн шүтээн байрлах дуганыг шинэчилэхэд зориулж, нийт 464 сая төгрөгөөр чулуун дугана босгожээ. Дугана барих нийт хөрөнгөөс 164 саяыг нь Засгийн газрын нөөц хөрөнгөөс, үлдсэн 300 саяыг нутгийн иргэдийн хандиваар бүрдүүлсэн байна.

  • Дээрх шүтээн биеийг занданшуулсан шарилтай зүйрлэх учиргүйг нутгийн иргэд тайлбарлав. Товчхондоо бол эдгээрийг зуун дамжин, эрдэм номын оргилд хүрч, удаан хугацаанд бясалгал хийж, гэгээрсэн багш, шавийн шүтээн гэж учирлав. Арав гаруй сарын хугацаанд багшийнхаа шүтээн биеэс холдсон шавийнх нь бие ийн тун удахгүй нутагтаа буцаж залрахаар болж байна. Үүний дараа дээрх шүтээнд сүслэх, зам мөр олноо нээлттэй болох юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж