50 кг гурил 45 мянга, энэ бол цуурхлын үр дүн

2015 оны 10 сарын 21

Юуны өмнө нэг жишээ дурьдая. Өнгөрөгч гуравдугаар сард нийслэлчүүд өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг “Атар” талхаа 1050 төгрөгөөр худалдан авч байв. Харин өнөөдөр 1150 төгрөгөөр авч байна. Талхны үнэ өсөх шалтгааныг үйлдвэрлэгчид гурилын үнэ өссөнтэй холбон тайлбарладаг.

Гэхдээ энэ жил тариаланчид үр тарианыхаа ихэнхи хувийг алдсан нь гурилын үнэ хөөрөгдөхөд нөлөөлсөн гэж харах нэгэн ч байгаа юм. Тиймээс гурилын үнэ одоогийн байдлаар ямар үзүүлэлттэй байгаа хийгээд үнийн өсөлтөд юу нөлөөлж байгааг сурвалжлахаар манай сонины сурвалжлах хэсэг хүнсний захууд, гурил үйлдвэрлэгч компаниуд болон салбар яамыг зорилоо.

“Харин ч нэг үеэ бодвол буурч байгаа шүү”

Манай сурвалжлах хэсгийн хамгийн түрүүнд зорин очсон газар бол гурил хамгийн хямд үнээр худалдаалагддаг гэх “Барс” худалдааны төв байв. “Барс” худалдааны төвд ажлын өдөр болохоор ч тэрүү хөл хөдөлгөөн багатай байлаа. Гурил будааны тасаг руу ормогц л худалдагч нар “Гурил аваарай, ямар гурил авах вэ, машин чинь хаана байгаа юм бэ, дөхүүлээд өгнө шүү” хэмээн хажуугаараа өнгөрөх хүмүүсийг “байцаах” аж. Хүмүүс нааш цааш холхиж, лангуунаас лангуу дамжин гурилын үнийг асууна. Зах руу ороод шууд л эхний лангуунаас гурил худалдаж авсан нэгэн байхад гурилын тасгийг хэд тойрч байж худалдаж авах хүн ч тааралдаж байсан юм. Хүүгийнхээ явуулсан мөнгөөр гурил худалдаж авч байна хэмээн ярих эмээг н.Хорлоо гэдэг. Тэрбээр ярихдаа “Гурилын үнэ нэмэгджээ. Тэтгэврийн бидэнд бол хэцүү л байна. Сая би жоохон ярих уу гэж асууж үзлээ. 500-1000 төгрөг л буулгаж өгч байна. Хямдхан үнэтэй гурил хайгаад бараг хоёр ч удаа тойрчихлоо” хэмээн ярьж байсан юм.

“Барс” худалдааны төвд “Улаанбаатар Гурил” ХХК-ийн нэгдүгээр гурил 6-24 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол “Улаанбаатар” дээд гурил таван кг нь 6500 гэж байв. Харин “Алтан тариа” компанийн дээд гурил 6000-28000 төгрөгийн үнэтэй худалдаалж байсан юм. Мөн “Алтан тариа” нэгдүгээр гурил 5.5-24 мянган төгрөгийн үнэтэй байв. Эргэн тойронд гурил худалдаж авч буй хүмүүс гурилын үнэ өссөн байна хэмээн хоорондоо ярьж байв. Иргэн н.Бат-Өлзий “Төрөөс уг нь гурилын үнийг бууруулах бодлого барьж байгаа гэж сонссон. Гэхдээ амьдрал дээр үнэ буурахгүй байна шүү дээ.

Би сая “Хишиг”-ийн 50 килограммтай гурилыг 45000 төгрөгөөр худалдаж авлаа. Эдийн засаг хямралтай байгаа үед гурилыг ийм үнээр авна гэдэг хэцүү л байна. Бид чинь ганцхан гурил аваад л амьдардаг улс биш шүү дээ. Цаана нь өмсөх хувцас, байр, гэрлийн мөнгө, хүүхдийн сургалтын төлбөр гээд их л хэрэглээ байдаг. Улсаас явуулж байгаа бодлого хэрэгжихгүй байна. Гурилын худалдагч нар нь үнээ өсгөж зараад байдаг юмуу, үйлдвэрүүд нь үнэтэй гаргаад байдаг юм уу сайн мэдэхгүй юм” гэв.

Мөн тус захад “Цесна” орос гурил 9-39 мянга, “Алейка” гурил 9-38 мянган төгрөгийн үнэтэй байсан бол, “Атар” бүхэл үрийн гурил таван килограмм нь 6500 төгрөгөөр худалдаалж байсан юм. Гурил худалдаж авахаар ирсэн хүмүүс гурилын үнэ өссөнийг гайхаж байхад гурилын худалдагч нар “Харин ч нэг үеэ бодвол буурсан шүү” хэмээн хүмүүсийн амыг таглаж байх. Тус захын худалдагч “Гурилын үнэ үйлдвэрээсээ ирэхдээ л ийм үнээр ирж байгаа. Бид үнийг нь нэмж зардаггүй юм. Хүмүүс “Хурх”, “Өег”, “Алтан тариа” гурилыг сайн худалдаж авч байгаа. Нэг үеэ бодвол харин ч гурилын үнэ буурсан шүү дээ” хэмээлээ. Иргэдийн гурил худалдан авалт сайн байгаа гэж худалдагч ярих авч, тус захад худалдан авагчид цөөхөн харагдаж байсан юм. Ингээд энд тэндгүй “Гурил аваарай, ямар гурил авах вэ” хэмээх худалдагч нарын дуу чимээ, гурилын үнэ өссөн байна хэмээх хүмүүсийн гайхашралтай хамт “Барс” худалдааны төвийг орхиж, манай сурвалжлах баг “Миний зах” сүлжээ дэлгүүрийг зорилоо.

Барс худалдааны төв дэх гурилын үнэ

Д/д

Компанийн нэр

Гурил

Килограмм

Үнэ

1

Улаанбаатар ХХК

Нэгдүгээр гурил

5

6000

2

Улаанбаатар ХХК

Нэгдүгээр гурил

10

11000

3

Улаанбаатар ХХК

Дээд гурил

5

6500

4

Улаанбаатар ХХК

Дээд гурил

10

13000

5

Улаанбаатар ХХК

Дээд гурил

25

24000

6

Милл Хаус ХХК

“Атар” бүхэл үрийн гурил

5

6500

7

Милл хаус ХХК

Дээд гурил

25

23000

8

Милл Хаус ХХК

Нэгдүгээр гурил

5

5.500

9

Милл Хаус ХХК

Нэгдүгээр гурил

10

12.500

10

Милл Хаус ХХК

Нэгдүгээр гурил

25

24000

11

Орос компани

Алейка гурил

5

9000

12

Орос компани

Алейка гурил

10

12000

13

Орос компани

Алейка гурил

25

38000

14

Орос компани

Цесна орос гурил

5

11000

15

Орос компани

Цесна орос гурил

10

15000

16

Орос компани

Цесна орос гурил

25

39000

17

Алтан тариа

Дээд гурил

5

6000

18

Алтан тариа

Дээд гурил

10

12000

19

Алтан тариа

Дээд гурил

25

28000

20

Алтан тариа

Дээдийн дээд гурил

25

34000

Тус дэлгүүрт ч үйлчлүүлэгч цөөхөн байна. Гурилын тасагт нь ердөө хоёр гуравхан хүн харагдах аж. Тэдний нэг болох хижээл насны н.Туул гэгч эмэгтэй “Гурилын үнэ харьцангуй гайгүй байна. Надад хүнсний захаас илүү супермаркетууд илүү найдвартай бас чанартай юм шиг санагддаг юм. Бас бизнес цагийн үеэрээ 1000 төгрөгөөр хямдраад байдаг” хэмээн ярьж байв. Мөн “Төрөөс гурилын үнийг нэг төвшинд барих бодлого барьж байгаа талаар сонссон.

Гэхдээ зах дээр ч супермаркетуудад ч адилхан үнэтэй байна” гэж ярих хүн ч тааралдаж байлаа. “Миний зах” сүлжээ дэлгүүрт “Улаанбаатар” компанийн нэгдүгээр гурил таван килограммтай нь 5680 төгрөгийн үнэтэй байв. Харин тус компанийн дээд гурил 6960-13670 төгрөгөөр, хоёрдугаар гурилыг 3900 төрөгөөр худалдаалж байсан юм. Мөн “Атар” компанийн гурил 13220-25770 төгрөг гэж байв. Мөн “Алейка”, “Цесна” гурил 2710-25000 төгрөгөөр тус тус худалдаалж байсан юм. “Миний зах” сүлжээ дэлгүүрт “Барс” худалдааны төвийг бодвол шуудай гурил төрлөөсөө хамаараад дунджаар 4-5 мянган төгрөгийн илүү үнэтэй байна. Харин тансаг зэрэглэлийн гэх тодотголтой “Меркури” худалдааны төвд хоёрхон төрлийн л гурил зардаг юм билээ.

Миний сүлжээ дэлгүүр дэх гурилын үнэ

Компанийн нэр

Гурил

Килограмм

Үнэ

 

Улаанбаатар

 

Нэгдүгээр гурил

5

5680

 

Улаанбаатар

 

Дээд гурил

5

6960

 

Улаанбаатар

 

Дээд гурил

10

13670

 

Милл хаус

Атар бүхэл үрийн гурил

5

6670

 

 

Милл хаус

Дээд гурил

10

13220

 

Милл хаус

Дээд гурил

25

25770

 

Милл хаус

нэгдүгээр гурил

10

11320

 

 

Орос компани

Цесна орос гурил

 

 

5

 

10000

 

Орос компани

Цесна орос гурил

10

20000

 

Алтан тариа

Дээд гурил

25

31200

 

Алтан тариа

 

Дээдийн дээд гурил

10

16940

 

Алтан тариа

 

Дээдийн дээд гурил

25

40790

 

Алтан тариа

 

Ширхэгтэй дээд гурил

 

10

16940

Тэр нь Үндэсний үйлдвэрлэгч компанийнх бус ОХУ-д үйлдвэрлэгдсэн гурил байсан нь бидний анхаарлыг татсан. Худалдагч нарынх нь хэлж буйгаар тус төвд ихэвчлэн 10 кг-аар савласан гурил худалдаалдаг гэнэ. Үнийг нь сонирхож үзвэл, 10 кг-ын савлагаатай “Алейка” гурил 17, “Цесна” гурил 25 мянган төгрөгийн үнээр тус тус худалдаалагдаж байв. 10 кг-ын “Цесна” гурил “Барс” худалдааны төв дээр 15 мянган төгрөгийн үнэтэй борлуулж байсан бол энд 10 гаруй мянган төгрөгийн илүү буюу 25 мянган төгрөгөөр худалдаалж байсан юм. Захын байршил, лангууны үнэ болон оршин суугчдын хэрэглээнээс хамаарч, гурилын үнэ 5000-7000 төгрөгийн зөрүүтэй худалдаалж байгаа нь үүнээс харагдаж байна.

Үйлдвэрлэгчид улаанбуудайн үнэ дэлхийн зах зээлээс хоёр дахин их байгаад сэтгэл дундуур байна

Статистик үзүүлэлтээс үзвэл, савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 0.4 хувь, савласан дээд гурилын үнэ 0.3 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 3.8 хувиар буурч, задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.3 хувиар өсчээ. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад, савласан хоёр­дугаар зэргийн гурилын үнэ 2.9 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Ямартай ч, сүүлийн саруудад гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өссөн шалтгааныг худалдаа эрхлэгчид үйлдвэрээс гурилын үнээ өсгөсөнтэй холбон тайлбарлаж байсан юм.

Тиймээс эл асуудлаар гурил үйлдвэрлэгчдийн байр суурийг сонирхохоор манай сурвалжлах хэсэг “Милл Хаус” ХХК болон “Алтан тариа”ХХК-ыг зорьсон юм. Нэгэнт зорилгын маань нэг хэсэг нь гурилын үнийн өсөлтийн талаар гурил үйлдвэрлэгч компаниуд ямар байр суурьтай байгааг сонирхох байсан учир эхлээд “Милл Хаус”ХКК-ын борлуулалтын албаны мэргэжилтэн Г.Мөнх-Оргилтой уулзлаа. Тэрбээр “Манай “Атар” гурилын үйлдвэр нэг килограмм гурилаа 850 төгрөгөөр худалдаа эрхлэгчдэд нийлүүлж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард 790 төгрөгөөр худалдаалдаг байсан. Энэ үнийн өсөлт нь улаанбуудайн нийлүүлэлт болоод эдийн засгийн нөхцөл байдалтай шууд холбоотой” гэх хариултыг өгсөн юм. Түүнчлэн өнгөрсөн зургадугаар сараас хойш “Атар” гурилын үнэ нэмэгдээгүй гэдгийг тэрбээр онцолж байв.

Мөн тус компани гурилын үнийг тодорхой төвшинд хадгалах чиглэлийг баримтлахын зэрэгцээ дотоодын тариалан эрхлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэлж байсан юм. Бидний дараагийн очсон компани бол “Алтан тариа” ХХК. Гэвч биднийг очих үед холбогдох албаныхан хөдөө томилолтоор явсан байгаа тул эл асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй гэсээр үүдний жижүүр нь угтсан. Гэхдээ тус компанийн Ерөнхий захирал П.Цэнгүүн хэвлэлд тариалан эрхлэгчдээс дэлхийн зах зээл дээрх үнээс хоёр дахин их үнээр улаанбуудай худалдан авч буйдаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байсан юм. Тодруулбал, “Дэлхийн хүнсний байгууллагаас дэлхийн хүнсний бүтээгдэхүүний инфляци буюу индексийг сар бүр гаргадаг юм.

Сүүлийн таван жилийн турш хүнсний бүтээгдэхүүний үнэ унаж байгааг тэдний гаргадаг индексээс харж болно. Дэлхийн үр тарианы зөвлөл гэж бий. Сар бүр үнэ, нийлүүлэлтийнхээ статистикийг гаргадаг. Эндээс харахад, үр тарианы үнэ жил ирэх бүр унаж байна. Зүй нь бид үүнийг дагах ёстой. Дэлхий даяар ийм уналт болж байхад Монголд эсрэгээрээ өсч байгаа нь гажуудал. Би 1100 төгрөгөөр гурил зарж байгаадаа ичиж байна” хэмээн ярьжээ. Мөн П.Чингүүн захирал гурил, гурилан бүтээгдэхүүний хямд үнийг тогтоохын тулд гадаад худалдааг чөлөөтэй болгох хэрэгтэй гэж үзэж байгаагаа нуугаагүй юм.

Манай улс 106 мянган тонн улаанбуудай импортолно

Гурилын худалдаа эрхлэгчид болон иргэд, компаниудын байр суурийг цухас дурьдахад ийм байна. Харин салбар яамны зүгээс дотоодын гурилын үйлдвэрүүдээ тариаланчдынхаа буудайг 100 хувь худалдаж авах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж буй аж. Яамны зүгээс үнийн дүнд нь нөлөөлөхгүй байхаар зохицуулалтыг хийж, гурилын үнийг өсгөхгүй байх үүднээс бүтэн жилийн нөөцийг бүрдүүлэхийн тулд нэг цонхны бодлогоор импортын буудай авахаар төлөвлөж байгаа тухай албаныхан хэлж байна. Энэ жилийн ургацын урьдчилсан балансын мэдээлэлд тулгуурлан тооцоход дотоодын гурилын хэрэгцээг хангахад 106 мянган тонн улаанбуудай дутагдах төлөвтэй байгаа аж. 2013 оноос улаан буудайг стратегийн хүнсэнд тооцдог болсноор импорт, экспортын асуудлыг Ерөнхий сайдын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, квот тогтоодог болсон.

Ингэхдээ тухайн жилийн ургац хураалтын дүн, хүнсний хэрэгцээт хэмжээнд тулгуурлан квотыг жилд хоёр удаа тогтоож, аж ахуйн нэгж компаниуд өөрсдөө худалдаагаа хариуцан нийлүүлэлт хийдэг байсныг энэ оноос ХХААЯ хүнсний нөөц бүрдүүлэх, тарианы үр, улаанбуудайн гадаад худалдааны үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор зохицуулахаар болсон юм. Энэхүү чиг үүргийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд хариуцуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд ингэснээр хүн амын хэрэгцээний гурил үйлдвэрлэлд стандартын шаардлага хангасан хүнсний болон үрийн улаан буудайн нөөцийг дотоод, гадаад зах зээлээс бүрдүүлэх замаар гурилын үнийг тогтвортой байлгах боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж буй.

Гэхдээ одоогоор энэ жилийн ургац хураалт эцэслээгүй байгаа тул хэдий хэмжээний улаанбуудайг, хаанаас, ямар ханшаар импортлох асуудал тодорхойгүй байгаа аж. Ерөнхий сайдын зүгээс нэг цонхны бодлогоор уг асуудлыг шийдэхдээ улаанбуудайн үнэ ханш гадаад зах зээлд хамгийн хямд байгаа үед импорт хийх хэрэгтэй гэж харж байгаагаа илэрхийлсэн юм. Одоогоор олон улсын зах зээлд улаанбуудайн үнэ бууралттай байгааг дээр дурьдсан. Улаан буудай үйлдвэрлэлтээрээ тэргүүлэгч таван орны нэгд багтдаг манай хойд хөрш ОХУ-д гэхэд үйлдвэрлэлүүдийн шаардлагад нийцсэн чанартай нэг тонн улаан буудайн үнэ ойролцоогоор 350 мянга орчим төгрөгийн үнэтэй байна. Гэтэл дотоодын тариалан эрхлэгчид нэг тонн буудайг 650 мянгаас буулгахгүй хэмээж буй.

Дэлхийн зах зээлд Улаанбуудайн үнэ буурсан үзүүлэлттэй байна

Дэлхийн зах зээл дээр Улаанбуудайн үнэ өнгөрөгч гуравдугаар сараас хойш тасралтгүй буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, Чикагод улаанбуудайн жишиг ханш он гарсаар 20 хувиар хямдарсан, цаашид дэлхий даяар улаанбуудайн нийлүүлэлт өсөх төлөвтэй байгаа тул ханш үргэлжлэн буурах хандлагатай гэж шинжээчид таамаглаж байгаа аж. Мөн энэ онд ОХУ тэргүүтэй Хар тэнгис орчмын тариаланчдын ургац нэмэгдэж, газрын тосны үнэ хямдарсан нь тээвэрлэлтийн зардлыг бууруулснаар, илүү хямд үнэтэй улаанбуудай худалдаалагдах боломж бүрджээ. Гэвч манай улсын хэмжээнд гурилын үнэ буурахгүй, харин ч өнгөрсөн сарын сүүлч хүртэл өссөн үзүүлэлттэй байгааг бидний бэлтгэсэн дээрх сурвалжлагаас харж болно.

Энэ зун ихэнхи нутгаар гантай байсан бөгөөд энэ үед тариалан эрхлэгчид Монгол Улс үр тарианыхаа 80 хувийг алдсан гэх сүржин мэдэгдлийг хийсний дараа гурилын үнэ тодорхой хувиар өссөн байна. Харин салбар яамны сайд “Зургаадугаар сард нийт нутгаар хэт халалттай байсан тул тариалалтын өсөлт зогсч, ихэнх талбай бутлаагүй тул нийт ургацын 40 хувийг алдах магадлалтай байна. Улсын хэмжээнд нийт ургацынхаа 80 хувийг алдана гэсэн яриа бий.

Энэ бол нийт тариаланчдын үг биш. Цөөн тооны хэдэн хүн л хэвлэлээр ингэж мэдэгдсэн. Ямар ч тооцоо судалгаа, үндэслэлгүй, хариуцлагагүй мэдэгдлээс болж зарим нэг гурилын үйлдвэрүүд үнээ нэмсэн. Гурилын үнээ кг тутамд 80-150 төгрөгөөр нэмсэн байгаа. Цаашлаад гурилан бүтээгдэхүүн, талх, боовны нэмэгдэх аюултай. Иймд тооцоо судалгаагүй, болчимгүй үгэнд итгэж дэвэргэх хэрэггүй” хэмээн “сайдын цаг” уулзалтын үеэр тэмдэглэсэн юм.

Тариаланчид дэлхийд байхгүй үнээр улаанбуудай нийлүүлэх үү

Аливаа бизнест эрсдэл гэж бий. Газар тариалан эрхлэлтэд ч тодорхой хэмжээний эрсдэл байх нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ эрсдэл хүлээхгүй болтлоо төр засгаар дэмжүүлж, халамжлуулж, зуны гуравхан сарын хугацаанд оруулсан хөрөнгөө хэд дахин нугалаад олчихдог салбар Монголд газар тариалангаас өөр байхгүй гээд хэлчихэд хэтийдэхгүй. 2012 оноос өмнө улаанбуудайн нэг тн-д улсаас 50 мянган төгрөгийн урамшуулал өгдөг байсан.Үүнийг шинэчлэлийн Засгийн газар 100 мянган төгрөг болгон нэмсэн. Нэмсэн шалтгаан нь гурилын үнийг тодорхой хэмжээнд барих зорилготой байсан юм. Нэг ширхэг үрийн буудай 8-10 болж ургадаг. Тэгээд ч жил бүр ган болдоггүй. Харин Засгийн газар хөнгөлөлт, зээл тусламж, урамшууллаа жил бүр өгдөг.

ААН-үүд цаг агаар тааламжтай байсан өнгөрсөн жилүүдэд нэг удаагийн ганд сөхөрчихгүй байх хэмжээний нөөцөө өөрсдөө бүрдүүлэх ёстой байсан. Гэтэл одоо тэд ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр бизнестээ гарсан алдагдлаа нөхөх гэж улайрч эхлэв. Дотоодын тариалан эрхлэгчид тонн буудайг 600 мянга гэж үнэлж буй бол Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг “850 мянга” гэж хүртэл дуугарсан удаатай. Засгийн газар дотоодын хэрэгцээгээ хангах 100 000 тонн улаан буудайг л импортлохоор зэхэж буй энэ үед тэд тариалсан бүх буудайгаа зарах нь ойлгомжтой болсон.

Гэсэн ч ургац алдсан алдагдлаа улаанбуудайн үнэдээ шингээхийг эрмэлзэж буй тариаланчид хэт давраад байна уу гэх хардлага ч нийгэмд байгаа нь нууц биш. Гэхдээ Л.Цандэлэг үү эсвэл тариаланчид уу. УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үед тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг түүнийг сар зовоосон тухай дурьдсан байсан юм. Тодруулбал, Х.Золжаргал “Цандэлэгийг би сайн мэднэ. Р.Бурмаа сайдыг үгүй мөн их зовоох юм аа. Цагтаа намайг бас нэг сар орчим тамласан. Яг ний нуугүй хэлэхэд П.Цандэлэг жаахан давраад байгаа л даа. 2012 оноос өмнө улаанбуудайн нэг тн-д улсаас 50 мянган төгрөгийн урамшуулал өгдөг байсан.Үүнийг шинэчлэлийн Засгийн газар 100 мянган төгрөг болгон нэмсэн. Гурилын үнийг өсгөхгүй гэсэндээ.

Гэтэл Цандэлэг Улаанбуудайн үнийг 700 мянга болгохыг шаардаж, бослого гаргасан. Тухайн үед нэг тонн улаан буудай 450 мянга байсан. Гурил талхны үнийг хямд байлгахын тулд нөгөөдүүлд 100 мянган төгрөгийн урамшуулал олгоод байдаг. Нөгөөдүүл чинь 100 мянгыгаа ч авна, үнээ ч өсгөнө гээд дайрчихсан.

Ингэвэл хэдэн тариаланч хожоод ард түмэн хохирно биз дээ. Тийм учраас бидний хооронд зөрчил гарсан. Зөрчил нь сүүлдээ намайг гурилын үйлдвэрийн эрх ашгийг хамгаалагч болгоод л дууссан даа. Одоо Бурмаа сайд дээр үргэлжлээд явж байна. Гэхдээ бүх тариаланч Цандэлэг шиг биш юм шүү” хэмээн ярьжээ. Үүнээс дүгнэж хэлэхэд, гурил үйлдвэрлэгч компаниуд инпортын хямд улаанбуудайгаар дотоодын хэрэгцээгээ хангаж, харин хэрэглэгчид хямд үнэтэй гурил хэрэглэх боломж байтал,тариаланчид дэлхийд байхгүй үнээр бүтээгдэхүүнээ борлуулахаар мэрийж байна.

Ургац хураалтыг энэ сард дуусгахаар төлөвлөжээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа намрын ургац хураалтын талаар мэдээлэл хийсэн юм.Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянгаг га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн байна. Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч гурил үйлдвэрлэлд 186.3 мянган тонн буудай нийлүүлэх төлөв гарчээ.

Төмс, хүнсний ногооны хураалт наймдугаар сарын 25-наас, үр тариа, тэжээлийн таримлын хураалт есдүгээр сарын 08-наас жигдэрч эхэлсэн. Энэ сарын 2-ны байдлаар улаанбуудайн хураалт 37.6, төмсний хураалт 75.6, хүнсний ногооны хураалт 74.7 хувьтай байгаа аж. Нийтдээ 108.3 мянган га-гаас 92.0 мянган тонн буудай, 9.2 мянган га-гаас 112.5 мянган тонн төмс, 4.8 мянган га-гаас 52.8 мянган тонн хүнсний ногоо, 10.8 мянган га-гаас 16.5 мянган тонн тэжээл, 8.2 мянган га-гаас 4.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Ургац хураалтын талбайн ажлыг энэ сардаа багтаан дуусгах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа гэнэ.

Бэлтгэсэн: Т.АРИУНБАЯР, Н.БАТЗАЯА, Б.ДАВААХҮҮ

ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна