Улаанбаатар орчимд газар хөдлөлтийн идэвхитэй 6 бүс байдаг

2015 оны 10 сарын 21

Одон орон, геофизикийн судалгааны төвийн гаргасан судалгаагаар Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн идэвхитэй зургаан бүс байдаг аж.

Гамшигаас хамгаалах төлөвлөгөөг шинээр баталсантай холбоотойгоор Монгол улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Мандахгэрэл нар өнөөдөр мэдээлэл өгөх үеэрээ энэ тухай ярилаа.

Тодруулбал, Хустай, Авдрант, Мөнгөн морьт, Эмээлт, Гүнжийн ам, Шархай гэсэн зургаан газрыг идэвхитэй бүсээр тооцож байна.

Үүнээс хамгийн ойрхон нэгж талбар болох Гүнжийн хагарал нь 10-20 км сунаж тогтсон байдаг бөгөөд энэ хэсэгт 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөх магадлалтайг судалж тогтоожээ. Газар хөдлөлтийн идэвхитэй бүсээр Эмээлт орчмыг мөн нэрлэж байна. Энэ хэсэгт тогтсон хагарал 35 км сунаж тогтсон байх ба 6,5-7 мангитудын хүчтэй газар хөдлөх магадлалтай гэв.

Цаашилбал, Хустайн хагаралын хувьд 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөх, Авдрантын хагарал 50 км урт сунаж тогтсон ба 7,1-7,2 магнитудын хүчтэй газар хөдлөх, Шархайн хагарал 50 км урт сунаж тогтсон ба 7,1-7,2 магнитудын хүчтэй газар хөдлөх магадлалтай гэнэ. Мөн 90 км урт сунаж тогтсон Мөнгөн морьтын хагарал орчимд 7 магнитудын хүчтэй газар хөдлөх магадлалтай гэж Одон орон, геофизикийн судалгааны төвийн судлаачид үзжээ.

Хамгийн сүүлд Ховд аймгийн Ар хөтөлд үүсээд байгаа газар хөдлөлт судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна. Учир нь энэ хэсэгт он гарсаар 2000 орчим удаа газар хөдлөлт тоологджээ.

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөө орон нутагт 3,5 магнитуд ба түүнээс дээш хүчтэй байвал мэдээлэх, Улаанбаатар хотын орчимд 4,5 магнитуд ба түүнэээс дээш хүчтэй газар хөдлөлт болвол сэрэмжлүүлэх ажил хийгддэг юм байна.

Т.ДАВААНЯМ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна