Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

2015 оны 10 сарын 21

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой зөвшилцсөний үндсэн дээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, зарим дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх шаардлагатай болсон байна.

Үндэсний хороог Засгийн газар, ажилтны болон ажил олгогчдын байгууллагын тэнцүү тооны төлөөлөлтэй байгуулах хуулийн заалтыг үндэслэн тал бүрээс зургаан төлөөлөл оролцуулж, нийт 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулахаар боллоо.

Мөн тус хурлаар Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийн төслийг хэлэлцээд уг Санамж бичигт гарын үсэг зурахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна