Надад таалагдахгүй байна

2015 оны 10 сарын 22

Гэхдээ заавал ч таалагдах албагүй л дээ. Үнэлж зохиодог нь би биш. Тэгээд юу нь таалагдахгүй байна вэ? гэж та бүхэн асууна биз. Ингээд...

  • Улаанбаатарын түүхэн нүүр царай гэдэг юм алга болсон нь огт таалагдахгүй байна. Хот өргөжиж хөгжилгүй яах вэ. Гэтэл одоо байр байшингуудын хашаан дотор өндөр байшингууд босох боллоо. Таван машин зэрэгцээд зогсох талбайгүйгээр тэднийг сүндэрлүүлж байна. Машины зогсоол гаргах гээд ойр хавийн явган хүний зам, ногоон талбайгаас нь хулгайлан цементлээд өөрийн болгож байх юм. Итгэхгүй бол Twin tower хоёр  цамхгийг хараарай. Гал усны гамшиг гарвал яана даа.

  • Гадаад дотоодын хэвлэлээр мөнгө угаасан гэх хүнээ эргүүлээд сайд болгож байгаа нь бас таалагдахгүй байна. Монголдоо болдог юм аа гэхэд гадаад орнуудад тэр хүн хэрхэн Монголыг төлөөлөх вэ? Гайхмаар.

  • Яам, тамга, татварын албад зэргийн зогсоол, ойр хавь “Тоёото”, “Лексус” гэх том том машинуудаар дүүрсэн нь огт таалагдахгүй байна. Над мэтийн амьтад яаж ч бодсон тэндхийн бүх ажилтнууд мөнгөө яаж ч хэмнээд ганц, хоёр жилийн дотор тийм том машинуудыг худалдан авна гэж төсөөлөхгүй. Ажлыг нь бүтээж өгсний “шан” байх гэж сэжиглэхээр. Сэжигтэй учраас л таалагдахгүй байна.

  • Подвалын жижиг мухлаг хүртэл “Supermarket” гэх мэтийн англи нэртэй нь бас үл таалагдана. Гадны хүмүүсээс ганц нэг доллар салгах гэсэн арга байлгүй дээ хөөрхий.

  • Авлигатай тэмцэх газраас сүүлийн жилд ямар нэгэн хэрэг шүүхэд шилжсэн сураггүй байгаа нь бас таалагдахгүй байна. Нөгөө муу Энхбаярыг эх орондоо ирэхээр тэр даруйд нь айлгаж байснаас өөр ажил хийсэнгүй юу даа, хийлгэсэнгүй юу. Хачирхалтай.

  • Хамгийн мэдлэг дорой хүмүүс сайд нар болоод өөрийн сүргийг дагуулаад яаманд ирэх нь надад огт таалагдахгүй байна. Бодлогоо боловсруулахаас илүү дараагийн сонгуульдаа бэлтгэн хэдэн төгрөгийг нь үрэх арга гэмээр. Ямар сайндаа Ерөнхий сайд нь Сангийн сайдтайгаа нийлж байгаад бусад яамдын төсвөө хийж байх вэ дээ. Өөрийн сайд нараас асууж зөвлөөд нэмэргүйг сайн мэдэж байгаа байлгүй. Ёстой л яамай даа.

  • Хотын эрх мэдэлтнүүд дуу чимээний бохирдол гэж байдгийг мэддэггүй нь надад огт таалагдахгүй байна. Бүтэн жилийн турш хотын төвд хэзээ ч хамаагүй ёслолын буудлагыг орон сууц, эмнэлэг, асрамжийн газруудын дэргэд хийн эх нялхас, өвчтөнүүд, хөгшдийг цочоох аж. Чааваас даа.

  • Хотынхон бие биенээ үл хүндэтгэн орилж, харааж, хамар амаа хаа тааралдсан газраа суллаж явах нь надад бас таалагдахгүй байна. Ханиад томуу хэрхэн тасрах билээ дээ. Хачин шүү.

  • Гэрлэн дохиотой газар цагдаа зогсоод таалагдсан урсгалаа тасралтгүй өнгөрөөн явган зорчигчдыг гарцаар гаргахгүй хясах нь надад үл таалагдаж байна. Тэвчихээс.

  • Нийтийн тээврийн нэг автобусны урд талын цонхон дээр “нисэх бригад” гэсэн үг байгаа нь надад огт таалагдсангүй. Автобус хэрхэн давхидгийг эрх биш мэднэ. Харин ч болж өгвөл нисэхгүй юмсан гэж бодном.

Эхлээд би хэлсэн. Заавал ч надад таалагдах албагүй л дээ. Гэхдээ элдэв ийм жижиг сажиг зүйлээс бидний амьрал бүрэлддэг гэдгийг санаж, миний таалаагүй зүйлийг та нар зөвшөөрөх байх гэж найдсан.

Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна