Монголын эзэгтэй

2015 оны 10 сарын 22

БНМАУ-ыну удирдагч Юмжаагийн Цэдэнбалын гэргий Анастасия Филатовагийн амьдралын талаар "Караван историй" сэтгүүлийн №10 дугаарт Алексей Филипповын нийтлэсэн өгүүллийг “News agency” цувралаар хүргэж байна.


Монголд хамгийн нэр алдартай орос эмэгтэйн үл мэдэгдэх түүх. Улсынх нь тэргүүн хатагтай болоод Анастасия Филатова бүхэл бүтэн орны амьдралыг өөрчилжээ.

Фото: PHOTOLIBRARY/GETTY IMAGES

Энэ бол гунигтай эргэн ирэлт байлаа. БНМАУ-ын удирдагч асан Юмжаагийн Цэдэнбал түүний орос эхнэр хоёрыг тусгай нислэгээр биш Аэрофлотын ердийн онгоцоор 1988 оны наймдугаар сарын 30-нд эргэн ирэхэд нь онгоцны буудалд Улс төрийн товчооны гишүүд, хүндэт харуул, цэцэг барьсан пионерүүд угтсангүй...

Ю.Цэдэнбал улсаа удирдаж байхад түүнийг тэгж л угтдаг байсан. Харин одоо тэднийг Нийгмийг аюулаас хамгаалах яамны ганцхан генерал хүлээж байлаа. Юмжаагийн хүү онгоцны шатны бариулиас барин хөлөө болгоомжтой тавин бууж байв. Нөгөө гараас нь Анастасия Иванова чанга атган барьжээ. Нөхрийнх нь биеийн байдал ихээхэн доройтсон учраас доош унаж,  өнхрөх юу ч биш болсон аж. Тэд хэдэн долоо хоног амрахаар Монголоос яваад дөрвөн жилийн урхинд орсон юм.

Гэрт нь тэднийг юу хүлээж байгааг Анастасия Цэдэнбал-Филатова төсөөлөхөөс ч айж байв. Сейфэнд үлдээсэн нөхрийнх нь одон медаль, үнэт эдлэлүүд бүрэн бүтэн үү? Олон жилийн турш дотно болсон  үйлчлүүлэгч нар нь байна уу?

Генерал Нацагдорж машины хаалгыг онгойлгон суухад нь туслав. “Чайка” машин зөөлөн хөдлөв. Хагас цагийн дараа тэд гэртээ орлоо. Үйлчлүүлэгч нарыг үлдээжээ. Үнэт эдлэлийг оролдсонгүй.  Гэхдээ сейфийг  хэн нэгэн онгижсон бололтой, нэгнийх нь цоож эвдэрсэн харагдав.

Жолооч, тогооч, үйлчлэгч нар нь баяртай, хоол хүнс ширээн дээр өмнөх шигээ л өөрсдөө гарч ирнэ. Гэхдээ амьдрал нь өмнөх шигээ байсангүй. Тэднийг алдах юмгүй болсон эсвэл аль эрт тэтгэвэртээ гарсан хүмүүс л эргэж ирнэ. Цэдэнбалын буянаар дээш гарч ирцгээсэн Монголын шинэ удирдлага үзэгдсэнгүй. Түүнийг залгамжилсан Батмөнх орж ирээд хагас цаг болоод гарсны дараа нь үзэгдсэнгүй.

Иймэрхүү маягаар хоёр долоо хоног өнгөрсний дараа Анастасия Ивановнад далд утгаар төрийн байрыг чөлөөлж, гарах хэрэгтэй сануулсан байв. Эхлээд тэдэнд том биш байр өгнө гэв. Ийм доромжлолыг  тэргүүн хатагтай асан яаж тэсэх билээ. Москва руу буцахаар шийдлээ. Нүүдэлд бэлтгэх ажилд тэднийх дарагджээ. Энд тэндгүй баглаатай номнууд, үнэ цэнэтэй зүйлээ хийсэн хайрцаг, чемодан хөглөрнө. Сав суулга,  хувцсаа  үлдээв. Нөхөр нь буцаад ирнэ гэж бодож байг л дээ.

Явахын урд өдөр Анастасия Цэдэнбал өөрийн шургуулгаа цэвэрлэв. Хэрэггүй зүйлийг  болгар тамхины цаасан хайрцагт шидэлж, хэрэгтэй гэснээ цуглуулж байв. Он цагийн явцад шарласан жижиг зураг тааралдлаа. Дух руу нь туг үс нь унасан өргөн мөртэй, булчинлаг залуу зураг дээр инээнэ. “Настяд Дмитрийгээс: Над шиг намайг чи хайрла” гэсэн бичигтэй 1941 оны зургадугаар сарын өдөр болохыг илтгэн тэмдэглэжээ. Тэрээр гэрэл зургийг өмнөө тавиад  удаан харж суув.

...1941 оны зун,  аз жаргалтай дурлалт хосууд Настя, Дима хоёр Бүх холбоотын Улс ардын аж ахуй ололтын үзэсгэлэнгээр зугаална.  Удалгүй тэдний хурим болно... Хэдэн сарын дараа Настя түүнийг фронтод үдэн мордуулаад захидал хүлээн суух болно. Захидал  ирэх нь улам ховордсоор... Харин 1943 онд Дмитрий гэрлэснээ бичээд өөрийгөө мартахыг гуйжээ.

Цэдэнбал Настяд сэтгэлээ илчлэхдээ “түүнийг хүлээн авах уу” гэдэгт тэр ихээхэн эргэлзсэн  байлаа.  Фото: А. Цэдэнбалын архиваас

Настя Цэдэнбалтай гурван жилийн дараа танилцсан юм. Өөрийн эгчийн нийтийн сууцанд түүнтэй анх зөрсөн Настя Төлөв даруухан монгол залууг анзаараагүй өнгөрчээ.

Тэр үеэр Дмитрий дахиад л түүний амьдралд гараад иржээ. Өөрийг нь авч явах гээд байна уу эсвэл  өөртөө дурлуулчихаад хаях гээд байна уу гэдгийг Настя мэдэхгүй байлаа. Тэрээр фронт дээр хүнд байдалд ороход нь эхнэр нь аварсан гэж яриаад түүнийг, хамаатан садныг нь  боловсролгүй, харанхуй бүдүүлэг хүмүүс хэмээн муулж байлаа. Гэхдээ хүүгээсээ болоод Дмитрий гэр бүлээ орхих хүсэлгүй байв. Тэр үеэр Настя Филатовагийн амьдралд Цэдэнбал гарч иржээ. Анх уулзсанаас нь хэд хоногийн дараа хөрш нь Настяг хүүгийнхээ төрсөн өдөрт урив. Тэнд залуу монгол байсан юм. Тэднийг зэрэгцүүлэн суулгасан байв.  Баяр хүргэн хундага өргөсний дараа төрсөн өдрөө тэмдэглэж байгаа бяцхан хүүд хүслээ илэрхийлэх санал тавихад тэрээр Цэдэнбал, Настя хоёрыг хуруугаараа заагаад “Үнсэлц!” гээд цовоолгоор  хашгирчээ. Тэр үнсэлт нь түүний амьдралыг, Монголын түүхийг өөрчилсөн юм. Гэхдээ Филатова тэднийг танилцуулсан нь тусгай ажиллагаа байсныг мэдээгүй юм.

Зөөлөн, эелдэг,  буулт хийж чаддаг гучин настай Цэдэнбал орос эхнэр авах хүсэлтэй байв. Тэрээр Орост суралцаж, орос ном зохиол уншиж, Оросын соёлыг бишэрч, орос бүсгүйчүүдэд харцаа шидэж иржээ. Харин Улаанбаатарт ажиллаж байсан Зөвлөлтийн  мэргэжилтнүүд охидоо монголтой суулгах хүсэлгүй байв. Юмжаагийн хүү Улаанбаатарт ажиллахаар ирсэн элчин яамны үйлчлэгч, худалдааны төлөөлөгчийн газрын бичээч орос бүсгүйчүүдтэй хайр сэтгэлийн учир ургуулж байсан түүхтэй.

Монгол удирдагч нарт оноогдсон Зөвлөлтийн улс төрийн зөвлөхүүд тэдний эсрэг байв. Улс орны хоёр дахь том даргын эхнэр улс төрийн мэдлэг, соёлтой, яамдын хүлээн авалт дээр биеэ авч явах чадвартай байх ёстой. Тэр зөвлөхүүдийн нэг нь Настягийн эгчийн хөрш Николай Важнов байсан юм. Тэр эртнээс аятайхан, цовоо, энгийн сэтгэлтэй Настяг хараандаа авсан тийм хүүхэн л Цэдэнбалд таарна гэж бодож байжээ. Николай л түүнийг Настятай танилцуулахаар Москвад  авчрах ажилыг зохион байгуулжээ. Харин Цэдэнбал түүнийг нь мэдээгүй юм.

Важновын хүү “үнсэлц” гэж хашгирсан тэр өглөө Настя, Дмитрий хоёр  салам хэрэлдсэн байлаа.  Одоо дөчөөд жилийн дараа хэрэлдсэн шалтгаан бүдэгрэн мартагдсан ч Настя уг хэргийг сайн санаж байв. Нулимас ч унагаж байлаа. “Зайл, чи надад...” гэж хэлж байснаа хүртэл санав. Дима явж, Настя  нүүрээ угаагаад хамартаа энгэсэг тавиад төрсөн өдөрт очжээ. Дараа нь Цэдэнбал түүнийг шөнийн Москвагаар гэрт нь хүртэл үдэж өгөв. Важнов,  эгчийнх нь нөхөр Москвагийн цэргийн командантын туслах хоёр  гадаадын чухал зочныг хамгаалан араас нь даган явж байлаа. Тэд намуун дуугаар хоорондоо ярилцаж явав. Гэхдээ зарим нэг үг нь Настягийн сонорт хүрсэн байв. Тэрээр “ямар гоё хөлтэй юм бэ!” гэдгийг сонсоод амжив.

Анхны хүүхдээ алдсаны дараа Настя өөрийн хөвгүүд Славик,  Зориг хоёрыг  санаанд буух бүхий л аюулаас хамгаалж иржээ. Гэрэл зурагт: Настя нөхөр хүүхдүүдийн хамт. А.Цэдэнбалын архиваас

Төрсөн өдрөөр үнсэлцсэн, хотоор зугаалсан тухай Важнов Төв хороонд мэдээлэхэд “Энэ хосуудыг нийлүүлэхээр ажилла” гэж түүнд хэлсэн талаар Анастасия мэдсэнгүй. Тийм даалгавар авсны дараа тэрээр тэдэнд тавих хяналтаа сулруулав. Цэдэнбал, Настя хоёр хамтдаа зугаалах болсон байв. Тэр үеэр нэг тааламжгүй хэрэг гарав.  Харанхуй бүрэнхий болж хосууд сандал дээр тэврэлдэн сууцгаан Цэдэнбалын нэг гар нь  цээжийг нь тэмтэрч, нөгөө гарна хормойн доогуур нь үеэр цагдаа тааралдаж, үндэсний цөөнхийг сургаад өгөхөөр оролдов. Цагдаагийн газар  хонуулна, биеэ үнэллээ гэх мэтийн үг сонссон Монгол Ардын хувьсгалт намын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн ихээхэн айсан байв. Харин Настя арслан барс шиг үсрэн босоод цагдааг ихээр хараан  хөөжээ.

Тэрээр биеэ үнэлэгч биш Худалдааны яамны эвлийн үүрийн дарга, хажууд нь байгаа хүн бол ах дүү Монголын хариуцлагатай ажилтан, чамайг Чта мужийн бөглүү тосгонд ажиллуулахаар явуулна, чамайг лагерийн тоос болгоно гэсэн ширүүн үгтэй тулгарсан цагдаа ухран уучлалт гуйсаар бутан дундуур алга болсон ч Настя чанга дуугаар үргэлжлүүлэн хашгирсаар байв. Удалгүй тайвширсан  Настя сандалдаа эргэн суугаад алмайрсан Цэдэнбалыг эзэн шигээр үнсчээ. Тэр орой Цэдэнбал түүнд сэтгэлээ илчлэн эхнэрээ болохыг гуйжээ. Харин Настя саналыг хүлээн авах уу гэж  удаан эргэлзэж байсан юм.

Дмитрийг хайрласан хэвээр байсан бололтой... Цэдэнбал түүнд таалагдана. Аз жаргалд таалагдах  нэг л дутагдалтай.  Монголын талаар түүнд элдэв аймшгийг ярьсан байв. Халдварт өвчин, ялангуяа тэмбүү газар авсан, нүүдэлчид хотын талбай гудамжинд хооронд ярьж суугаад хөнгөрч хүндэрдэг. Нас барагсдаа хээр тавин араатан махчинд өгч идүүлдэг. Хэнийх нь яс хурдан цагаарна тэр нь буянтай хүн байсан гэх мэтийн зүйлийг  Настя бишгүй л сонсчээ. Гэхдээ Цэдэнбал Сталин шиг намын Төв хорооны дарга, том байр сууцанд сууж, дэгжин машин хөлөглөх нь лавтай...

Санаа алдаад Анастасия Ивановна Москва руу аваад явахаар Дмитрийн зургийг хавтсандаа хийлээ. Тэрээр геологич байсан ба Филатова Цэдэнбалын эхнэр болсны  дараахан алсын  экспедицид явж байгаад золгүй тохиолдлоор амиа алджээ.  Бардам зангаа дараад түүнийг хэзээ нэгэн цагт сална гэж хүлээсэн бол Настя аз жаргалтай байх байсан уу гэж бодох нь утгагүй. Тэрээр үйлчлүүлэгч нартаа бэлэг өгөв. Явах цаг ойртож, олон зүйлийг амжуулах хэрэгтэй. Нөхөр нь өөрийн өрөөнд суугаад ном уншиж байв. Тэр өрөөнөөсөө бараг гарахгүй, үйлчлэгчид нь намын дарга нэг л өөр, одоо бүх зүйл эзэгтэй дээр тогтох болжээ гэж шивнэлдэнэ.

Дөчин хоёр жилийн өмнө Важнов Цэдэнбалын саналыг хүлээн авахыг Настяд ятгаж байхад тэр огт өөр байсан, харин өөрөө эргэлзээтэй байжээ. Дмитрий утасдаагүй. Түүнийг Худалдааны яамны намын хороо дуудан Цэдэнбалын саналыг хүлээн авахыг тууштай зөвлөсөн байлаа. Цэдэнбал сайн, халамжтай хүн. Настя түүнтэй аз жаргалтай байх болно гэж Николай хэлж, ятгаж байлаа. Настя  түүний саналыг хүлээн авч хуримыг нь Москва дахь Монголын ерөнхий сайдын зусланд хийжээ. Дараа нь Цэдэнбал түүнийг Улаанбаатарт авчирсан эхний шөнө тэрээр дэрээ нэвтэртэл уйлсан байлаа.

Зөвлөлтийн Коммунист намын Төв хороо Цэдэнбалыг зайлуулах төлөвлөгөөг боловсруулдаг байсан ч Брежневын өмгөөлөл түүнийг аварч иржээ. Фото: В. Кошевой/ТАСС

Настя дундад Оросын Сапожок хотод төржээ. Москва түүний мөрөөдөл байв. Гэтэл одоо тэрээр хууртагдсан юм шиг л санагдагдаж байв. Монголын нийслэлийн захаар гэр ярайна. Төв талбайд тэмээгээ уясан харагдана. Монгол хүн зэрлэг юм шиг санагдаж байв. Цэдэнбалын найз нөхөд тэдний эхнэрүүдтэй ярих юм олдохгүй. Настя Москвагаа санаж, зөвлөлтийн иргэнээ хадгалан үлдэх ухаан суулгасан бурхандаа талархаж байв. Залуу эхнэр нь зөөлөн, дандаа буулт хийдэг нөхрийгөө хүртэл ойлгож өгөхгүй л байв.

Шинэ амьдралтайгаа эвлэрэхэд нь, Цэдэнбалын өөрийнх нь төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй ухаангүй хайр, үргэлж “Мамуленька” гэж дуудах, тансаг биш сууцандаа гартаа өргөж, тэвэрч явдаг нь нөлөөлөв. Монголд 1930-аад оны үед улс төрийн карьер хийх нь хутганы ирэн дээгүүр явахтай адил байсныг ярьдаггүй. Түүний олон найз нөхөд буудан хөнөөгдсөн ч дурсахгүй. Болгоомжтой байх нь Юмжаагийн Цэдэнбалын анхаарлаа хандуулах гол асуудлын нэг болсон байлаа. Тэрээр лам болох гэж байсныг Настя дараа нь мэдэж авсан юм.

Жижигхэн Цэдэнбал буддын  буянтнуудын дүр мэт тайван, даруухан, нөхөрсөг, үнэнч хүн байв. Эцэг, эх нь түүнийг  хийдэд шавь оруулах гэж хүсч байсан ч эцэгт нь мөнгө хөрөнгө байсангүй.

Тэдний мөрөөдөл биелэсэн бол Цэдэнбал хийдэд суун номын дуу сонсоод сууж байх байсан биз. Хэрэв тэгсэн бол улсын нэгдүгээр хүн маршал Чойбалсан лам нарт гар хүрэх болсон тэр цагт буудуулсан. Эсвэл “хар гэрт суух” байсан биз.  Гэтэл эцэг эх нь лам дээлийн мөнгө цуглуулж байх зуур  хүүхдүүдийг сургуульд явуулах шийдвэр иржээ. Энэ тухай хэсгийн төлөөлөгч яриад, гэрт нь унд, цай уугаад хүүгийн гараас нь хөтлөн гарч морь унуулаад авч явлаа. Эцэг нь “зугтаад ирээрэй” гэж хэлж амжсан гэдэг. Цэдэнбал түүний үгэнд орон хоёр ч удаа сургуулиас оргож байжээ. Эхлээд хүний морь унан зугтсан бол дараа нь явгаар тал туулан иржээ.

Тэр тоолонд түүнийг бариад эргүүлэн сургуульд нь авчирч байв. Эцэст нь сурах нь түүнд таалагдсан юм. Онц сурлагатан хүүг дараа нь Эрхүүгийн Санхүү, эдийн засгийн сургуульд сургахаар явуулжээ. Тэр үеэр Монголд их цэвэрлэгээ явуулж, хувьсгалын баатруудыг шинэ хүмүүсээр солих ёстой байлаа.  Зөвлөлтөд Монголын залуу кадруудад хандан анхаарч тэдэнтэй намын хороо НКВД-д уулзаж ярилцаж байлаа.  Тэнд юу яригдсаныг тэр хэзээ ч ярьж байсангүй, Цэдэнбал дарга нарын шалгаран үлдэх тоглоомын журмыг  хурдан эзэмшжээ.

 

Анастасия Филатова Хүүхдийн сандаа Брежневээс мөнгө хөрөнгө гуйдаг байлаа. Брежнев “Настя, чи Зөвлөлтийн ард түмэнд өндөр зарлагатай байна шүү” гэж хэлсэн ч хэзээ ч татгалзсан хариу өгөөгүй юм. Фото: А. Цэдэнбалын архиваас

Үргэлжлэл бий...

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна