Зуслангийн газраа шилжүүлж өмчилж болно

2015 оны 10 сарын 22

Монгол Улс газар өмчлүүлэх хуулийг 2002 онд баталсан. Энэ хууль 2003 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд газар өмчлөх тухай хууль хоёр удаа шинэчлэгджээ. 2003-2008 онд нийтдээ 96 мянган нэгж газрыг гэр бүлийн хэрэгцээний дунд өмчлүүлсэн. Харин 2008 онд хуульд өөрчлөлт орж газар өмчлөх хугацааг сунгаж, иргэн бүрт газар өмчлүүлэх шийдвэр гарсан юм. Үүнээс хойш 7000 орчим иргэн эзэмшиж байгаа хашааны газраа өөрийн өмч болгожээ.

Өнгөрсөн 11 жилийн хугацаанд 103 мянган иргэн хашааны газар өмчилсөн байдаг. Энэ нь нийслэлийн хүн амын 8,4 хувьтай тэнцэж байна. Харин 2014 оны наймдугаар сарын 1-нээс эхэлсэн цахим газар өмчлөлийн хүрээнд 70 мянган иргэн өөрийн гэсэн газартай болжээ. Энэ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийгдсэн газар өмчлөлийн ажилтай дүйцэх хэмжээнд хүрсэн гэж үзэж болох юм. Дээр нь нэмээд цаг хугацаа хэмнэсэн, өндөр настай, насанд хүрээгүй, амьжиргааны түвшин доогуур иргэдэд хүрч чадсан шийдвэр боллоо гэж олон нийт дүнэж байгаа гэнэ.

Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил үр дүнтэй болсон учир цаашид зохион байгуулна гэж НИТХ-аас үзсэн. Түүнчлэн зуслангийн газар өмчлүүлэх ажлыг ирэх жилээс хийж эхлэхээр төлөвлөөд байна. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс тодрууллаа.


-Нийслэлийн хэмжээнд зуслангийн газар өмчлүүлэх ажил эхлүүлэхээр төлөвлөөд байна  гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?

-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын холбогдох мэргэжилтнүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зуслангийн газар өмчлүүлэх талаар судалгааны ажил хийлээ. Тодруулбал, зуслангийн газар ашиглалтын нөхцөл байдлыг судлах, байгаль орчны чиглэлээр судалгаа хийх, Монгол Улсын  иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн зүйл заалтыг судлах зэрэг ажлыг хийсэн. Үүний үндсэн дээр зуслангийн газар эзэмшдэг, өмчилдөг иргэд маш олон төрлийн зөрчил дутагдал гаргасан байгааг тогтоолоо.

-Жишээлбэл ямар зөрчил гаргасан байх уу?

-Жишээ нь, орц, гарцын маргаанаас эхлээд дундын зам талбай, зөвшөөрөлтэй газрын хэмжээнээс сунгаж хашаа хатгасан, модон дотор, голын эрэг дээр, намган дээр хашаа хатгасан, барилга, байшин барьсан тохиолдол олон байна. Үүнээс үзэхэд зөрчилтэй, эмх замбараагүй нөхцөл байдал бий болсон байгаа учраас цэгцлэх шаардлага их байна. Шууд үргэлжлүүлээд, өмчлүүлээд явах боломжгүй.

- Одоогоор зуслангийн хэдэн нэгж талбарыг өмчлүүлсэн байдаг юм бэ?

-Хотын ногоон бүс, зуслангийн газруудад 43 мянган нэгж талбарыг өмчлүүлсэн байна.

-Зуслангийн үлдсэн газрыг хэзээнээс өмчлөх төлөвлөгөөтэй байна вэ?

-Өмчлөлийн ажлыг ирэх хавраас эхэлж зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. 

-Зуслангийн газар өмчлөлийн хүрээнд ямар шаардлага тавих вэ. Зуслангийн газрыг давхар өмчилж болох уу?

-Болохгүй. Газар өмчлүүлнэ гэдэг маань тухайн иргэнд туйлын эрх олгож байгаа гэсэн үг юм. Гэр бүлийн болон өөрийн өмчлөлийн газартай бол зуслангийн газар өмчлөх боломжгүй.Тиймээс нэг бол эзэмшилтэйгээ үлдэнэ, үгүй бол гэр бүлийн аль нэг гишүүний нэр дээр шилжүүлж өмчлүүлнэ гэсэн үг юм.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна