“Сонгуулийн төсөв” үнэртээд байна

2015 оны 10 сарын 22

2016 оны улсын төсөв “сонгуулийн төсөв” болчих вий гэсэн хардлага эдийн засагчдын дунд бий. Гэтэл энэ хардлага ор хоосон зүйл биш гэдгийг улсын төсөвт суулгахаар оруулж ирсэн зарим нэг асуудал батлав бололтой.

Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант суманд төрийн далбааны өндөрлөг барихад зориулж 200 сая, Сэлэнгийн Мандал сумын “Шонхор” хүүхдийн зусланд халуун усны төв барихад 32 сая, Орхон аймгийн Баян-Өндөр сумын угтах хаалга барихад 292 сая, Ховдын Эрдэнэбүрэн, Бүрд, Манхан сумын гэрэлтүүлэгт хоёр тэрбум, Архангайн Цэцэрлэг сумын Соёлын төв барихад нэг тэрбум төгрөгийг тусгасан асуудал яригдаж байна. 2015 оны төсөв 800 орчим тэрбум төгрөгөөр тасарч, ирэх оны төсвийн 50 хувиар зөвхөн өрөө төлөх тооцоотой байгаа энэ хэцүү үед тансаглалаа танаж ашигтай ажилдаа хувиарлаасай гэж татвар төлөгчид хүлээж байгаа нь мэдээж.


Хүүхдийн зуслангийн халуун ус, гэрэлтүүлгийн асуудлыг орхиод Орхон аймгийн “Аз жаргалын угтах хаалга”, Ховд аймгийн Жаргалант суманд далбаа мандуулах өндөрлөг барих ажлыг дэмжиж байгаа эсэхийг зарим гишүүдээс тодрууллаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН:

-Угтах хаалга, туг гэсэн ач холбогдолгүй юмнуудыг бол зөвшөөрөхгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УЛААН:

-Орхон аймгийн угтах хаалганд 292 саяыг зарна гэдэг бол байж боломгүй асуудал. Үүнийгээ болих хэрэгтэй шүү дээ. Төсөв мөнгө хүрэлцэхгүй байхад чинь угтах хаалга, далбаа мандуулах өндөрлөг энэ тэрийг бол би огт дэмжихгүй гэв.


Тэгвэл улсын төсвийн талаар эдийн засагч Ц.Даваадоржтой ярилцахад ирэх оны төсвийг сонгуулийн төсөв болчих вий гэж болгоомжилж байна.

-Ирэх онд сонгууль болно. Сонгуулийн төсөв баталчихгүй байгаа даа гэсэн хардлага байна. Энэ тал дээр?

-Сонгуулийн жилд зориулсан төсөв батлах гээд цухалзаад байгаа. Зарим гишүүд тойрогтоо аль болох их юм хийх гээд нэмэгдэл зардал гаргуулах гэж хүсээд байдаг. Энэ жилийн хувьд “сонгуулийн хөөрөгдсөн төсөв” батлахгүй байгаасай гэсэн хүлээлт байна. Хий зардал гаргах нь одоогийн нөхцөлд хэрэггүй зүйл юм. Үүнийг УИХ-ын гишүүд бүгд ойлгож байгаа ч хэлэлцүүлгийн дөрөвдүгээр шатанд оруулаад баталчихдаг өмнөх туршлагаас үзэхэд юу гэж дүгнэхээ мэдэхгүй байна. Ер нь бол хий зардал битгий нэмээсэй хамгийн гол нь эдийн засгаа хөгжүүлэхэд ямар салбар илүү хөрөнгө оруулж ирэх боломжтой байна тэр салбараа дэмжих хэрэгтэй.

Эдийн засгийн хямралтай энэ хүнд үед бүсээ чангалаад, боломжоороо хэмнэе гэж УИХ-ын гишүүд санал нэгтэйгээр гараа өргөсөн. Тиймээс ядаж хэрэгтэй шаардлагатай зүйлдээ мөнгөө шийдээсэй гэж хаана хаанаа харж сууна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна