Ниргэсэн хойно нь хашгирахын үлгэр

2015 оны 10 сарын 22

Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Гацууртын ордоос алт олборлохоор өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр 500 орчим “нинжа” цуглаад байсан ч эдүгээ 1800-д хүрчээ. Тэдний дунд эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, удаа дараа ял авч шийтгэгдсэн нэр бүхий хүмүүс байсан төдийгүй хэнд аль нүхийг өгөхөө мэддэг, хуваарилдаг байж.

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын өгч байгаа мэдээллээр Гацууртын ордод цагдаагийнхан 20 гаруй удаа очиж ажиллан иргэдийг тараасан ч хамгийн сүүлд буюу энэ сарын 20-нд 150 гаруй “нинжа” 60 гаруй техник хэрэгсэлтэйгээр хамгаалалтын бүс рүү дайран орсон аж. Эрүүгийн нөхцөл байдал ийнхүү хүндэрч буй аж. “Нинжа” нарын энэхүү дайралтыг хэвлэлүүд тусгай зөвшөөрлийг нь эзэмшигч компанийн зүгээс захиалга өгөөд хийлгэж байгаа гэж мэдээлж байна.

Үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд өчигдөр Уул уурхайн сайд Р.Жигжид, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нарт үүрэг өгч, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа. Ерөнхий сайдын Засгийн газрын гишүүддээ өгсөн даалгавар нь анхны тохиолдол биш. Шийдлийн Засгийн газрыг байгуулж ажиллах үеэс Гацууртын ордыг ашиглах шийдлийг УИХ-аар гаргуулахаар болж, хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн ч хоёронтаа буцаасан түүхтэй.

Эхний төслийг УИХ 2015 оны хоёрдугаар сарын 17-нд буцааж байлаа. Тухайн үед Засгийн газрын өргөн мэдүүлсэн дээрх тогтоолын төсөлд Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ 20 хувь байсныг гишүүдийн олонх чамлаж, дахин сайжруулахыг хүссэн юм. Мөн энэ үед иргэний хөдөлгөөнүүд Гацууртын ордыг ашиглах шийдвэрийг УИХ гаргаж болохгүй хэмээн шахалт үзүүлэн, суулт зарласан нь хуулийн төслийг төрхөмд нь буцаах хоёр дахь шалтгаан нь болсон билээ.

Хаврын чуулган эхлэхэд Засгийн газар Гацууртын ордыг ашиглах хуулийн төслөө хоёр дахь удаагаа зүтгүүлж, УИХ-аар хэлэлцэж эхэлсэн ч мөн л бүтэлгүйтэж 2015 оны зургадугаар сарын 18-ны чуулганы хуралдаанаас буцаагджээ. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд 47 гишүүн оролцсоноос 32 нь “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй” гэсэн байр суурь барьж кноп дарсан байдаг.

Уг нь Засгийн газар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Сентерра гоулд” компанитай тохиролцсоны үндсэн дээр тус ордоос төр 34 хүртэлх хувийг эзэмших шийдвэрт хүрсэн юм. Ингэхдээ 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр гэдгээр орлуулж авахаар хоёр талдаа ойлголцсон. Гэвч УИХ энэхүү төслийг хүлээж аваагүй нь төсөл муудаа биш, сайд нарын оролцоо хангалтгүй байсан нь Гацуурт төслийг буцаах шалтгаан болсон билээ. Тэр өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд олон сайд эзгүй байж таарсан бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд “Засгийн газрын 10-аад сайд нь алга. Засгийн газар өөртөө гомдох хэрэгтэй, хохь нь. Хариуцлага байх хэрэгтэй” гэж хэлээд хуулийн төслийг буцааж байв.

Хэрвээ тухайн өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газар ач холбогдол өгч төслөө дэмжүүлэх талаас ажилласан бол өнөөдөр Гацууртын орд “нинжа” нарын гарт сэглэгдэж, цагдаа хүчний байгууллагынхнаар мануулах хүртлээ нөхцөл байдал хүндрэхгүй ч байсан юм бил үү хэн мэдлээ.

Ер нь тэгээд Засгийн газар нь оруулсан төслөө хамгаалж чаддаггүй, УИХ нь Засгийн газрыг эдийн засгийн уналтаа зогсоо гэж шаардах хэрнээ энэ мэт төслүүдээ батлаад гаргахыг хичээдэггүй нь эцсийн дүндээ хууль бусаар амьдраад сурчихсан хэсэг бүлгийнхэнд өгөөш нь болоод байгаа юм биш биз.

Гацууртын орд нь 70 тонн алттай, төр 34 хүртэл хувиа эзэмшээд явахад Засгийн газарт оногдох ашиг нь 265.6 сая ам.доллар, төслөөс шууд болон шууд бусаар 451.6 сая ам.долларын татвар авах тооцоолол тухайн үед гарч байсан.

Одоо харин санхүүжилтийн хэмжээ буурахаар болжээ. Уул уурхайн сайдын хамгийн сүүлд өгсөн мэдээллээр “Сентерра гоулд” компанитай хийсэн хэлэлцээрээр бол төрийн эзэмшлийн хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй, 34 хувь дээрээ тогтоно. Мөн хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувиар орлуулахаар тохирсон. Алтны үнээс хамаарч энэ 3 хувь өөрчлөгдөж байхыг, уг өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдвэрлэнэ. Мөн анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая болгосон. Өөрөөр хэлбэл, санхүүжилтийн хэмжээ 120 сая ам.доллараар буураад байна.

Засгийн газрын хувьд удахгүй Гацууртын ордыг ашиглах хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлнэ. Эл төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжихээ мэдэгдсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдсэний дараа судалж үзсэний үндсэн дээр дэмжих эсэхээ шийднэ. Ийнхүү алгуурлах Засгийн газрыг шамдуулахаар “Сентерра гоулд”-ын хэрэгжүүлэх уран төлөвлөгөө нь “нинжа” нарыг орд руугаа оруулж сандаргах байсан бололтой, харин хэвлэлүүд үүнийг нь мэдээлсэн нь нууц төлөвлөгөөг илчилж орхив бололтой.   

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна