З.Энхболд: Битгий холиод бай

2015 оны 10 сарын 22

УИХ-ын чуулганы хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын 1999 оны  зургадугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлтэй холбоотойгоор гишүүд саналаа хэлж байна.


Б.Гарамгайбаатар:

-Дотоодын үйлдвэрүүдийнхээ бизнесийг яаж хамгаалж байгаа юм бэ?

Ц.Даваасүрэн:

-Архи тамхин дээр нэг долларыг 1450-аар тооцож байсныг бууруулсан. Жирийн бизнес эрхэлж байгаа нөхдүүд 1980 төгрөгөөрөө долларыг тооцож байгаа. Ашигтай бизнес эрхэлж байгаа мөртлөө үхлээ хатлаа гэх юм.  Миний ойлголтоор тухайн өдрийн ханшаар төлдөг болгож өсгөх шаардлага байна уу. Ер нь архи тамхины үйлдвэрлэлийг тэтгээд байх шаардлага байна уу.  Архи, тамхийг бол дэмжээд байх зүйл биш. Төр бол экспортын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа үйлдвэрээ дэмжилгүй яахав. Гэхдээ нэг хэсэг нь ийм эрх эдэлж болохгүй. Энэ нь өөрөө утгагүй муухай зүйл.

Л.Эрдэнэчимэг:

-Архи тамхины татварыг нэмэгдүүлэх хуулийг өргөн баръя гэж бодож байна.Татварыг бууруулснаар архи, тамхины үнэ буурсан юм уу. Бид нар ард иргэдээ хордуулж, хавдар нэмэгдүүлэх арга хэмжээг УИХ-ын танхимд хийгээд суугаад байж болохгүй. Тэр онцгой албан татварыг бууруулснаар 60 тэрбум төгрөг цэвэр архи, тамхи үйлдвэрлэгчдийн халаасанд орсон шүү дээ.

З.Энхболд:

-Хоёр тусдаа асуудлыг битгий хольж яриад бай. Олон улсын гэрээгээ биелүүлэх гэж байгаа юм. Нэг татварыг нөгөөгөөр зохицуулах нь гэж ойлгож байгаа, мөн биз дээ?

Д.Эрдэнэбат:

-Зохицуулалтын хууль оруулж ирж байгаа болохоос татвартай холбоотой асуудлыг оруулж ирээгүй. Үндэсний үйлдвэрлэлийн хэмжээнд архи, тамхи байна уу, бүгдийнх нь  борлуулалт  муудсан.

Д.Дэмбэрэл:

-Онцгой албан татвараа зөв тогтоочихмоор байна. Дараа нь гаалийн тарифаа яримаар байна. Өнөөгийн монголчуудын төсвийн байдал хүнд байгаа. Ашиг олж байгаа байгууллагууддаа зохих хэмжээний юмыг нь үүрүүлэх ёстой шүү дээ.  Оны эхэнд ханшийн зөрүүгээр маш том хожоо гаргасан шүү дээ. Одоо ахиад хожоо гаргахаар сууж байна. Гадаад архины татварыг бууруулна гэдэг дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлнө. Гаалийн тарифыг өсгөж хаана л гэж байна. Хаах ч юм уу бүү мэд.

З.Энхболд:

- Энэ удаад татварын хэмжээг өөрчлөхгүй байгаа. Дүндээ дүн. Энэ удаад олон улсын хууль тогтоомжид нийцүүлж бодлогоо өөрчилж байгаа. Бид хэн нэгэнд илүү дутуу татвар ногдуулж байгаагүй.

Ч.Улаан:

-Үйлдвэрлэгчдээ ялгаварлахгүй гэсэн санал оруулж ирсэн. Байнгын хороон дээр нэг саналаар унасан. Харин аль төвшинд тэнцвэржүүлэх вэ гэдэг дээр саналыг зөрүүтэй байгаа.  Төсвийн байнгын хороон дээр гаргасан Д.Дэмбэрэл гишүүний гаргасан саналыг дэмжье гэсэн санал хурааж олонх нь дэмжсэнгүй.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна