Гоо заслын газраа зөв сонгоорой

2015 оны 10 сарын 22

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арьс, гоо заслын 99 эмнэлэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулжээ. Шалгалтад хамрагдсан нийт эмнэлгийн 56 хувь нь зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаггүй нь илэрсэн байна. Мөн байрандаа ариутгал хийдэг 29 эмнэлгээс 58 хувь нь бохир багаж хэрэгсэл, материалыг хүлээн авах, угаалга халдваргүйжүүлэлт хийх зэрэг зориулалтын өрөөгүй гэх зөрчил илэрчээ. Ийнхүү зөрчилтэй 53 байгууллагад шаардлага хүргүүлж, зургаан эмнэлгийг түр хаасан байна. Тухайлбал, “Happy Family”, “Арвин шүүдэр”, “Энх-Од”, “Ирээдүй өнөр бүл”, “Зээ”, “Бүсгүй” зэрэг эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

Хэдийгээр гоо заслын эмнэлгүүдэд дээрх зөрчил илэрч торгууль тавьсан ч иргэдийн хувьд үйлчлүүлэх газрынхаа зориулалтыг мэддэг, зөв газраа үйлчлүүлэх хэрэгтэй гэдгийг албаныхан сануулж байна. Учир нь нийслэлд эмэгтэйчүүдийн гоо заслын чиглэлээр хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдэг газар байдаг. Эмчилгээний гоо засал, гоёлын гоо засал гэсэн хоёр төрөлтэй.

Эмчилгээний гоо заслын эмнэлэгт чих цоолох, хөмсөг шивэх, шивээс хийх, өөх соруулах, косметик хагалгаа, арьсны нөхөн сэргээлт зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Энэ төрлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн дагуу хийдэг 18 газар нийслэлд байдаг аж.

Харин гоёлын гоо заслын газарт дээрх үйлчилгээг хийх ёсгүй. Зөвхөн арьсны иллэг, хөмсөг сормуус наах, будах, гоёлын будалт гэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Эдгээр газруудын хувьд заавал эмнэлгийн чиглэлийн тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй юм.  

Тиймээс иргэдийн хувьд эмчилгээний гоо засал хийлгэх бол тухайн газрынхаа тусгай зөвшөөрлийг нэн тэргүүнд үзэх хэрэгтэй гэдгийг сануулж байна. Учир нь тусгай зөвшөөрөлгүйгээр шивээс, косметик хагалгаа хийж иргэдийн эрүүл мэндийг хохироох асуудал гарах болжээ. Гол нь ингэж тусгай зөвшөөрөлгүй, шаардлага хангаагүй газарт шивээс, косметик хагалгаа хийлгэснээс халдвар авах өндөр магадлалтай хэмээн мэргэжилтнүүд сануулж байна.

Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ч иргэдээс гомдол ирэх болсон байна. Тиймээс иргэдийн зүгээс эмчилгээний гоо засал хийлгэхдээ эмч болоод тухайн газар нь энэ төрлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхэд нягтлах хэрэгтэй гэв. Харин шаардлага хангахгүй газар хагалгаа, шивээс хийлгэснээс хохирсон тохиолд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нэг давхарт өргөдөл, гомдол хүлээн авах цэгт хандах хэрэгтэй юм байна.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна