Авлигатай тэмцэхээ амлаж сонгуульд ялсан Н.Алтанхуяг АТГ-тай тэмцэх нь “мораль”-тай үйлдэл үү

2015 оны 10 сарын 22

УИХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан намыг ялуулахад тэдний мөрийн хөтөлбөрт байсан авлигагүй Монгол, авлигагүй Улаанбаатар гэдэг уриа чамлахааргүй нөлөө үзүүлсэн. “Улс шиг хөгжье, хүн шиг амьдаръя” гэсэндээ намынх нь нэрийн өмнөх тоог дугуйлсандаа харамсдаг хүн ч өнөөдөр цөөнгүй болжээ.

Энэ бүхэн Монгол Улсын иргэд авлига гэгчийг арилгавал чөтгөрийг ч сонгоход бэлэн байгааг харуулдаг юм. Гэвч бурхан, чөтгөр, нэр дэвшигч нарын аль нь ч арилгаж чадахгүй, эсвэл хүсэхгүй зүйл бол авлига юм байна гэдэгт итгэж эхлээд байна.

Н.Алтанхуяг намаа ялуулж Ерөнхий сайд болсон. Эхэндээ тэрбээр авлигын талаар дуугардаг байсаан. Тэрбээр Засгийн газраа байгуулахын өмнө, 2012 оны долдугаар сарын 9-ний өдөр буюу ялалтын дараахан генсек асан Д.Эрдэнэбатынхаа хамт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Процедурын хувьд “Шударга ёс” эвсэлд энэ саналыг тавиад хамтарсан Засгийн газрыг бүрдүүлэх чиглэлээр эхлээд ажиллана. Иргэдээ ажилтай, орлоготой болгох, хээл хахуулийг устгах, шударга ёс тогтоох энэнд л итгэл үнэмшилтэй хандаж хамтарч ажиллаж, чадна, хийж чадна, болно бүтнэ, урт удаан хугацаанд хамтарч Засгийн газартаа ажиллана гэсэн зүйлийг гол болгож байна л даа” гэж ярьсныг хэвлэлийн хуудаснаас харж болно.

Харин ингэж хэлснээсээ хойш хоёр жил 21 хоногийн дараа буюу 2014 оны долдугаар сарын 30-ны орой буюу ахлах зөвлөх Л.Гансүхийг нь хорьсны маргааш мэдэгдэл хийхдээ “...ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна. Тиймээс санаатайгаар, хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно" хэмээсэн юм.

Яагаад гэвэл Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхэд "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 27,500 төгрөгөөр авсан 1 тонн нүүрсийг ард иргэдэд 80,000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олохын зэрэгцээ төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байлаа. Энэ хэргийг олны өмнө шүүж зохих ялыг оноосон. Мөн түүний Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх баруун аймгуудад баригдсан битүү зах, худалдааны төвийн 9.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерийг будилантуулсан, Н.Алтанхуягийн төрсөн охин А.Саранзаяа "Цэвэр агаар сан"-гийн 2.2 тэрбум төгрөг, Ерөнхий сайдын төсвийн багцаас зарлагдсан мэдээлэл технологийн салбарын ТҮЦ машин тендерийг зөвлөх, хүргэн Р.Отгонтулга нь авахын зэрэгцээ үйлчилгээний төлбөрийн орлогыг "Ньюсоник" ХХК, "Аствишн" ХХК-ны дансанд орж байгааг АТГ-аас судалж тогтоосон. Хүргэн дүү гэх Г.Дэнзэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхлээд 17 тэрбумын тендерт ялаад эцэстээ улсаас 4.8 тэрбум төгрөг аваад арилсан нь батлагдаж дуулиан дэгдээсэн. Тэгэхдээ улсад халуун сав, тогоо шанагаа хүртэл шахсан нь илэрсэн, зохих ял шийтгэлээ хүлээхдээ эрх чөлөө эрж, эрүүл мэндээрээ хохирсноо гайхаж захиа бичсэн гэхчлэн Н.Алтанхуяг гэдэг хүнд хамаатай авлигын хэргүүд ёстой л түүнийг тойрон эргэлдэж буй.

Тиймээс Н.Алтанхуяг Өршөөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхааралтай ширтэн, хэрэв “өршөөгдөхгүй” бол гэдэг арга замыг эрэлхийлсэндээ Эрvvгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, эдгээрийг хэрэгжvvлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцvvлэн УИХ-ын даргад өргөн барьсан.

Тvvнийг нь АН-ын бvлэг шvvрэн авч Хууль зvйн байнгын хороо энэ асуудлаар бvтэн өдөржин хуралдсан боловч төслийг УИХ-аар хэлэлцvvлэлгvй буцааж байсан тvvхтэй. Үүнд яагаад энэ хуулийн төслийг баталж болохгүй талаар АТГ-аас ҮАБЗ-д яаран хүргүүлсэн албан бичиг ч нөлөөлсөн. Харин Н.Алтанхуяг УИХ-ын даргад шаардах бичиг хүргүүлэн байж яаж ийгээд хэлэлцэх асуудлын жагсаалтад багтааснаар түүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр болсон. АН-ынхны хувьд экс даргынхаа санаачилгыг дэмжих нь ердөө жилийн өмнө өнгөрсөн онд Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаж, чиг үүргийг нь АТГ-т шилжүүлэхэд “АН-ынхан авлигатай тэмцэнэ, албан тушаалын хэрэгт орооцолдсон хэнбугай ч хуулийн өмнө зогсох ёстой” хэмээн байсныхаа Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Мөрдөн байцаах албыг Прокурорын дэргэд байх ёстой гэж кноп дарах болчихоод байна.

Төрийн хуулийг батлахад нэг жилийн ой санамж нь ч хүрэлцэхгүй байгаа энэ бусармаг алхмыг тэд хийх эсэхийг одоо харцгаая. Тэд хаалттай хуралдаж Өршөөлийн хуулийг батлахаар долгион сарниулагч төхөөрөмж хүртэл зэхчихээд байсан ч сөрөг хүчний зарим гишүүн илчилж өгснөөр зохион байгуулалттай завсарлага аваад байгаа. Үүний нэгэн адил Н.Алтанхуягийн санаачилсан АТГ-ыг “гар, хөлгүй” болгох зорилго бүхий хуулийн төслийг ч ийм маягаар батлаад явчихаж мэдэх тул сэрэмжтэй байхад гэмгүй. Ямартай ч сонгогдод “авлигатай тэмцэнэ” гэж саналыг нь авч ялсан намын хувьд намын дарга, Ерөнхий сайд асан нь ийм хуулийн төсөл зүтгүүлж элдэв шаардах бичиг шидэлж, чуулганы танхимд АТГ-ын үйл ажиллагааг гутаасан, хийж байгаа ажлыг нь гуйвуулан дүгнэсэн үг хэлээд сууж байгаа энэ бүх үйлдэл ёс зүйгүй, наад захын “мораль”-гүй үйлдэл биш гэж үү. Хэрэв түүний санаачилсан хуулийг хэлэлцэхээр шийдвэрлэвэл ашиг сонирхлын зөрчил талаас нь харахад Н.Алтанхуяг гишүүн өөрөө энэ талаар санал өгч болох эсэх нь ч эргэлзээтэй биш гэж үү.

С.МӨНГӨНДӨЛ

Эх сурвалж: www.zaluu.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна