Эх оронч бус банкуудтай болчихлоо

2015 оны 10 сарын 22

-Чуулганы хуралдааны үеэр “Арилжааны банкууд нь таргалаад ард түмэн тураад байна” гэж Ц.Нямдорж гишүүн бухимдав-

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын макро эдийн засгийн дунд, урт хугацааны “шинэ тэнцвэр”-ийг хангах, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилт бүхий төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулж,холбогдох байгууллагуудаас санал авч УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байна.  Монгол Улсын эдийн засаг дэлхийн зах зээл дээрх уул уурхайн супер циклийн үед ашигт малтмалын үнэ, гадаадын хөрөнгө оруулалтаас хэт хамааралтай болж, энэхүү хамаарлыг бууруулах арга хэмжээ нь цаг хугацааны хувьд хоцорсон нь эдийн засгийн бүтцийг олон тулгууртай болж төрөлжүүлэх боломжийг хязгаарлаж, төсөв, мөнгө, валютын бодлого хуримтлалыг бус хэрэглээг дэмжиж ирлээ.

Манай экспортын бүтээгдэхүүний үнийг ердөө хоёрхон жилийн дотор 2.3 дахин нэмэгдүүлж байсан уул уурхайн супер цикл унах мөчлөгтөө оржэкспортын үнэ сүүлийн  жилүүдэд хоёр  дахин буураад байна. Энэ нь хөгжиж буй орнуудаас хөрөнгийн урсгал гадагшилсан сүүлийн  гурван жилийн үйл явцтай давхцан уул уурхайн хамааралтай хөгжиж буй орнуудын, ялангуяа нүүрс, нефть давамгайлсан экспортын бүтэцтэй эдийн засагт цочрол үүсгэж,макро эдийн засгийн бодлогод нь хүнд сорилт болж байна. Тухайлбал, манай улсын хувьд гадаад худалдааны нөхцөл муудах, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011-2012 онд нийт дүнгээр 9.0 тэрбум ам.доллараас 2014-2015 онд ердөө 0.4 тэрбум ам.доллар болж 22.5 дахин буурах, улсын төсвийн орлого их хэмжээгээр тасрах зэрэг сувгаар дамжин эдийн засгийн бүх секторт сөргөөр нөлөөлж, 2013-2014 онд эдийн засгийн хос алдагдал богино хугацаанд ажилгүйдлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтворгүй байдалд хүргэх эрсдэлийг бодитойгоор бий болгосон. Тиймээс төсвийн бодлогын шинэчлэлийг ирэх оноос эхлэн хэрэгжүүлэхдээ улсын дотоод өрийг нэмэгдүүлэхгүй байх, төсвийн төлөвлөлтийг бодитой төлөвлөж, баталдаг байх, төсөв нэгдмэл шинж чанартай байх гэсэн гурван зарчмыг мөрдөх нь зүйтэй байна. Эдгээр 3 зарчмыг баримтлан 2016 оны улсын төсвийн зардлыг 2015 оны гүйцэтгэлийн түвшинд барьж, төсвийн орлого, зарлагын бүтцийн шинэчлэлийг хийж, улсын өрийн тогтвортой байдлыг хангаснаар, хувийн хэвшлийг тэлж, эдийн засгийн өсөлтийг хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Монголбанк ирэх 2016 оны инфляцийг 7 хувьд,2017-2018 онд 5-7 хувийн хязгаарт тогтвортой байлгах зорилт дэвшүүлж байна. Энэхүү зорилт нь УИХ-аас өмнөх жилүүдэд баталсан, одоо хэрэгжүүлж байгаа бодлоготой бүрэн нийцэж байгаа болно” гэв.

Ж.Батзандан: Сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд Золжаргал ерөнхийлөгчийг их л дэмжсэн. Харамсалтай нь, Монгол Улсын мөнгө, санхүүгийн бодлого нааштай өөрчлөлт гарсангүй. Хүүгийн бодлого дээр олигтой том бодлого явуулсангүй.  Монголбанк хэтэрхий “зөөлөн бодлого”  хэрэгжүүлсэн. Эдийн засгийг “зөөлөн газардуулсан” гэж Н.Золжаргал хэлж байгаа.   Бодлогын хүүгээ нойллоод арилжааны банкны зээлийн хүүг гурван хувь дээр барих боломжтой. Монгол Улсад бизнесийн дарамт их байна. Бүх мөнгийг чинь арилжааны банкууд авчихлаа.  17-24 хувийн хүүтэй арилжааны банкуудаа татан буулгаач. Арилжааны банкууд чинь мөлжлөг явуулж байна.  Дэлхий дээр банкны хүү 3-5 хувь байна. Гэтэл манайх шиг 24 хувийн хүүтэй улс дэлхийд хаана ч алга. Банк бус санхүүгийн хүү 30 хувьд хүрээд байна. Таны хяналтад байгаа арилжааны банкууд үндсэндээ дампуурлын ирмэг дээр ирчлээ. Зохиомлоор төрийн мөнгөн дээр Засгийн газрын бондод дээр тогтож байна. Та худлаа яриад байна.

Н.Золжаргал: Монгол Улсын мөнгөний үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцдэг.  Гэхдээ Монголын Улсын төсвийг хэлэлцэж байх үедээ давхцаж байдгаараа нөлөөлөл нь сулраад байна. Мөнгөний бодлогын нөлөөлөл олон сувгаар эдийн засагт очиж нөлөөлдөг. Үр нөлөөлөл нь хамгийн багадаа зургаан сар,  бүр 36 сарыг харах ч шаардлага байдаг. Ер нь мөнгөний бодлогыг улсын төсөвтэйгөө хамт биш  хавар хэлэлцэх шаардлагатай болов уу. Таны хэлж байгаа үнэн, Монголбанк сүүлийн жилүүдэд мөнгөний хатуу бодлого явсан. Учир нь дотоод зах зээлээ шахсан, маш их алдагдалтай, нийт өрийн ¼ цаг  Засгийн газрын өр эзэлж байна.  Гэхдээ хамгийн сүүлийн мэдээгээр жилийн инфляци 4.9 хувь байхад бодлогын хүү 13 хувь байна. Хувийн сектороо дэмжихийн тулд Мөнгөний бодлого дээр шинэ тэнцвэр дээр суурилсан арга хэмжээгээ хэрэгжүүлэх боломж байна. Инфляци 4.9 хувьтай болсон нь урьд өмнөхтэй харьцуулахад хувийн сектороо дэмжих бололцоо бүрдэж байна.  Гэхдээ дотоод зах зээлийн тэнвэр, гадаад зах зээлийн тэнцвэрийн огтлолцол дээр  амьдардаг нь үнэн.  Инфляци  бүтцийн өөрчлөлтөөр буурч байгаа бол энэ өөрөө зөв.

А.Бакей: Төрийн тогтвортой барааны инфляцид үзүүлэх нөлөөлөл ямар төвшинд байна. Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр нөлөө ямар байна.  Төгрөгийн валюттай харилцах ханш бол байнга уруудаж байна.  Монголбанкнаас долоо хоногт хоёр удаа гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулдаг юм байна. Тэр хэр зэрэг нөлөөлж байна.

Н.Золжаргал: Гол нэрийн бараа бүтээгдэхүүний инфляци бол тэг дээр ирсэн. Засгийн газар, Монголбанкнаас авсан арга хэмжээ байгаа оносон гэж бодож байна. Нийт инфляцийн төвшин 4.9 хувьтай болж буурсан. Ханшийн хувьд 13 онд 19 хувиар, 2014 онд 14 хувиар хэлбэлзэлтэй байсан валютын ханш он гарсаар таван хувийн хэлбэлзэлтэй байна. Ханш маань инфляцитай нэлээд дөхсөн тогтвортой байдалд хүрлээ. Гадаад худалдааны тэнцвэр ашигтай гарсан нь нөлөөлсөн.

Д.Ганхуяг: Төсвийн төсөлд  алдагдлыг 3.27 гэж тооцсон байгаа. Засгийн газар зах зээлд байгаа мөнгийг хуу татаад хувийн хэвшлийн орон зайг хумиад байна шүү дээ. Эдийн засгийн өсөлт саарч байгаа нь үнэн.  Зэс, нүүрс, алтны үнэ унасан байна. Энд мянга маргаад нэмэгдүүлж чадахгүй.

Н.Золжаргал: Эдийн засаг 17 хувиар өсч байхад төсвийн алдагдлын хувийн секторт үзүүлэх нөлөө арай бага байсан юм. Гэтэл эдийн засгийн өсөлт саарч байхад төсвийн алдагдал 3.27 хувьд хүрнэ гэдэг хувийн секторт үзүүлэх дарамт нь хэд дахин өснө гэсэн үг.  Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого дээр зайлшгүй  анхаарал тавьж байж дотоод зах зээлээ хөгжүүлнэ. Зээлийн уян хатан байдлыг хангах нь зөв. Эдийн засаг өөрөө мөчлөгтэй. Салбар хоорондын уналт, сэргэлт өөр өөр.  Тиймээс санхүүгийн хувьд зөв бүтэж хэрэгжүүлэх зайлшгүй байна. Цаг хугацааны хувьд яг одоо болсон гэж харж байгаа.

З.Энхболд:  Орон сууцны талаар асуусан байх аа,  статистик тоо хаана байна?

Н.Золжаргал: Хоёр их наяд төгрөгөөр 4.8 их наядын орон сууц зарагдсан байдаг. Найман хувийн ипотекийн зээл бол эрсдлийн хувьд бага, хувь хүн айл өрх хуримлал үүсгэж, эдийн засгийнхаа бүтцийг зөв төлөвлөхөд эерэг нөлөөлсөн гэж үзэж байгаа.

Д.Ганхуяг: Ипотекийн зээлийн тоо  хувь хүн дээрээ байна уу, өрх дээрээ байна уу. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн талаар асуумаар байна.

Н.Золжаргал: Моргэйжийн тогтолцоог өрхийн тоогоор ярьдаг. Одоогоор 78 мянга гаруй хүн моргэйжийн зээлэнд хамрагдсан байна. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүнгийн талаар та бүхэнд тараасан ном илүү дэлгэрэнгүйгээр оруулсан байгаа.  Алт тушаалт нэмэгдсэн.  Хуулийг өөрчилснөөр бол Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 12 мянга болсон. Алт тушаалт дээр ажиглагдаж байгаа нэг өөрчлөлт бол тушаасан алтны дийлэнхийг иргэд тушаадаг болсон. Алтны олборлолтыг нэмэгдүүлэх талаас  УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу алтны олборлолт, тушаалтыг нэмэгдүүлэх ажил явагдаж байгаа. Энэ ажил дунд хугацааны бодлого байх ёстой Алтны санхүүжилтийн тогтолцооны талаар төсвийн хэлэлцүүлгийн үеэр яригдах болов уу.

Ц.Нямдорж: Арилжааны банкууд нь таргалаад ард түмэн, бизнес эрхлэгчид нь тураад байгаа улс даа. Түрүүнд Батзандан хэлж байна лээ.  Дэлхийд байхгүй өндөр хүүтэй байна гэж. Гадны банк оруулах талаар яриад байхаар арилжааны банкуудыг захирлууд нэгдэж аваад ордон дотор гүйгээд байдаг. Өөрсдөө болохоор хүүгээ бууруулахгүй, шулаад суудаг. Ийм эх оронч бус банкуудтай болчихлоо. Одоо тэгээд гадны банкийг оруулж ирдэг юм уу, яадаг юм.

Худалдаа хөгжлийн банк 1990 онд ашиглалтад орсон байшингаа нураагаад ахиад шинэ бүр том байшин барьж байна. Үйлдвэрчний ордны хажууд бас нэг банк өндөр шилэн барилга барьж байгаа  гэж сонссон. Эдийн засаг хямраад байхад банкууд байшингаа томруулаад байдаг. Энэ өндөр хүүгээ бууруулахгүй юм уу. Инфляци хамгийн бага түвшиндээ орсон, 4.9 хувьд хүрлээ сайн байна гэх юм. Үүнийг би муу үр дүн гэж харж  байна. Энэ бол эдийн засаг муу байгаагийн илрэл шүү дээ. Засгийн газар болохоор эдийн засаг муу байна гэх юм. Гэтэл Монголбанк болохоор эдийн засаг сайн байна гэх юм. Эдийн засаг цусны эргэлтгүй болчихлоо.

Н.Золжаргал: Инфляци нам байгаа нь бид нар бололцоо олгож байна гэж харж байна. Уул уурхайн том шок, өсөлт бууралт бид нарт сөргөөр нөлөөллөө. Зээлийн хүү 2007 онд 19.2 хувьтай байсан бол одоо 10.7 хувь болж буурсан.  Зээлийн хүүнд эерэг нөлөө гарах, үүний тулд дотоод,гадаад тэнцвэрээ харах ёстой л доо.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна