ЭТТ: Ажилчдын эрх ашиг хохирохгүй

2015 оны 10 сарын 22

“Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлийн хурал зарласан юм. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг “Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан 203 хүний ажлын байрны нөхцөлийг дордуулахгүй, цалинг нь бууруулахгүйгээр “TTJVCo” компанид шилжүүлэхээр болсон. Энэ шийдвэрийг өөрчлөхгүй. Ажилтнууд ойлгоно гэж найдаж байна” гэв.

Харин суулт зарласан ажилтнуудын зүгээс эсэргүүцлээ түр зогсоожээ. Тэдний мэдээлснээр компанийн удирдлагууд ажилтнуудтай ямар нэг байдлаар тохиролцоонд хүрээгүй. Тиймээс дараа дараачийн эсэргүүцлийн хэлбэрт удахгүй шилжинэ гэдгээ мэдэгдсэн юм.

Тус компанийн зүгээс өнгөрсөн оны наймдугаар сард Цанхийн зүүн уурхайд гэрээт олборлогчоор ажилладаг “TTJVCo”-той гэрээгээ шинэчлэхээс аргагүй нөхцөл үүсчээ. Ингэж гэрээгээгээ шинэчлэхдээ Цанхийн баруун уурхайд гэрээт олборлогчоор ажилладаг “Монгол уурхайчин нэгдэл”-тэй байгуулсан гэрээний нөхцөлд ойртуулах үүргийг ТУЗ-өөс өгсөн гэв. Улмаар гэрээг өнгөрсөн сард байгуулж Цанхийн зүүн уурхайн 203 ажилтныг “TTJVCo” компанид шилжүүлэхээр болжээ. Ингэхдээ ажилтнуудын цалин, тэтгэмж зэргийг бууруулахгүй хэвээр олгохоор болсон гэв.


“АЖИЛТНУУД ОЙЛГОЛЦОЛД ХҮРНЭ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА”

Эдийн засгийн нөхцөл хүнд үед ажилтнуудаа цомхотгохгүйгээр ийм шийдвэр гаргасан боловч өнөөдрийн эсэргүүцэлд хүрсэн хэмээн компанийн удирдлагууд мэдээллээ. Энэ үеэр “Эрдэнэс-Таван Толгой” компанийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Б.Батбилэг сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулсан юм.

-Суулт зарласан ажилтнуудын зүгээс энэ шийдвэрийг хууль бус хэмээн үзээд байгаа. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Эдийн засгийн нөхцөл хүнд энэ үед бусад ААН-ийн ажилтнууд олноор цомхотголд орж байна. Энэ удаагийн асуудлын хувьд ажилтнуудыг шилжүүлж байгаа болохоос халсан зүйл байхгүй. Ямартай ч өчигдөр бүх ажилчдын хурал зохион байгуулж тодорхой тайлбар өгсөн. Энэ тайлбарыг ажилтнуудын дийлэнх нь хүлээн зөвшөөрч, ойлгосон. Харин цөөн тооны ажилтан өөрсдийн байр сууриа хадгалсаар байна.

Энэ шийдвэрийг Эдийн засгийн байнгын хорооноос чиглэл өгсний дагуу ТУЗ-өөс гаргасан. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэхээр улс орон, компани, ажилтан, хувьцаа эзэмшигч,  гээд бүх талын эрх ашгийг бодсон.

-Ажилтнуудын зүгээс баталгаатай ажлын байртай байхыг шаардсан. Гэтэл “TTJVCo компанид ажилтнууд шилжсэнээр ажлын байранд нь ганцхан жилийн баталгаа өгсөн. Үүнд суулт зарласан ажилтнууд бухимдаж байна?

-“Эрдэнэс-Таван Толгой” компанийн хувьд ажилтнуудын сул зогсолт, ажлын байр хадгалахаас эхлээд бүх зардлыг үүрсээр ирсэн. Ийм байдлаар удаан байж чадахгүй. Цанхийн зүүн уурхайн асуудал бол компанийн ашигт ажиллагаа, ирээдүйд нөлөөлж байна.

Ноднин найман сараас хойш нэг тонн нүүрсний өртгийг хэт өндөр гэж үзсэн. Тухайн үед үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл ч үүссэн. Иймээс гэрээний үнийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарсан. Нөгөө талаас “Чалко” компанид нийлүүлж буй үнэтэй харьцуулахад их хэмжээний алдагдал хүлээх байсан учраас энэ хэлэлцээрийг эхлүүлсэн. Үр дүнд нь нэг тонн нүүрс олборлох өртгийг хоёр дахин бууруулсан.

Мөн олборлогч компани, манай ажилтнуудын хооронд үл ойлголцол ч гарч байсан. Тиймээс энэ удаагийн хэлэлцээрээр маргааныг бүрэн шийдвэрлэсэн гэж үзсэн.

Гэрээнд зааснаар ажилтнуудын ажлын байрыг нэг жилийн хугацаанд баталгаатай байлгана гэж  шийдвэрлэсэн. Манай ажилтнуудын хувьд цалингаа л тус компаниас авна. Түүнээс биш хийж буй ажлыг өөрчлөх, цалин, тэтгэвэр тэтгэмжийг багасгахгүй. “Эрдэнэс-Таван Толгой” компанид авдаг бүх цалин, тэтгэмжийг тэр чигээр нь олгоно. Ингэхдээ эхний жил ажилтны зүгээс ноцтой зөрчил гаргахгүй л бол өөр ямар нэг байдлаар халахгүй.

-“Эрдэнэс-Таван Толгой” компанийн хэдэн ажилтан энэ удаагийн эсэргүүцэлд оролцож байгаа вэ?

-Манай компанийн хувьд нийтдээ 610 орчим ажилтантай. Эдгээрийн 203 нь Цанхийн зүүн уурхайд ажилладаг. Цанхийн зүүн уурхайн 203 ажилтнуудын асуудлыг л энэ удаад ярьж байгаа юм.

-Ойлголцолд хүрээгүй ажилтнуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Энэ асуудлыг ойлгоно гэж найдаж байна.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна