Хувьцаа эзэмшигчээ сольсны дараа ашгаа өгнө

2015 оны 10 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан Шилэн дансны хуулийг дагуу төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд санхүүгийн гүйлгээгээ ил тод болгох ёстой. Энэ хууль хэрэгжээд 10 сар өнгөрч байгаа бөгөөд хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн байгууллагууд дансаа шилэн болгоод байгаа юм. Харин энэ хуулийг ашиглан улс төр хийх явдал сөрөг хүчний гол пиар болоод байгааг зарим хүмүүс шүүмжилж буй. Тухайлбал, “Эрдэнэт” хувь нийлүүлсэн үйлдвэр болон “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг дансаа шилэн болгоогүй байна гэсэн шүүмжлэл хэвлэл мэдээлэл болон сошиал ертөнцөөр багагүй гарч байгаа.  Энэ талаар Үндэсний Аудитын газраас тодруулахад “Үндэсний Аудитын газар нэгдүгээр сарын 1-нээс Шилэн дансны  хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хяналт тавиад явж байгаа. Олон улсын гэрээтэй, хувь нийлүүлсэн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын түвшинд ногдол ашгийн шинж чанартай асуудал байгаа учир төсөвт байгууллага, төрийн өмчит орон нутгийн өмчит байгууллагын адилаар шилэн дансанд хамрагддаг шиг шууд хандаж болохгүй байсан. Тэдгээр байгууллагуудад хувь нийлүүлсэн, олон улсын гэх мэт онцлог шинж чанар байгаа учраас Засгийн газрынхаа түвшинд ярьж байж, шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээнд тэдгээрийн онцлогийг тусгасан аргачлал, арга зүйг боловсруулж гаргах ёстой гэсэн зөвлөмжийг өгсөн. Шилэн дансны тухайд хуулиа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг зөвлөмж нь Засгийн газарт хүргэгдсэн болохоор тодорхой аргачлал нь гарахаар дээрх газруудын шилэн дансаа хөтлөх боломж нь бүрдэнэ. Эрдэнэт үйлдвэр нь хувь нийлүүлсэн хувьцаагаа тараах тухайд бүртгэлээрээ хувьцааныхаа ногдол ашгийг олгох бүртгэлтэй бизнесийнхээ зарчмаар л явж байгаа үйлдвэр. Харин хувь нийлүүлэгч нь хувьцаа эзэмшигчээ солих саналаа ирүүлсэн албан бичигний дагуу бол хувьцаа эзэмшигчээ солиогүй явж байгаа. Харин хувьцаа эзэмшигчээ сольсныхоо дараа энэ асуудал нь шийдэгдэж, бүртгэл тооцоо дээрээ байгаа мөнгөө өгөх юм билээ.  ОХУ-ын тал хувьцаа эзэмшигчээ солих талаар мэдэгдлээ ирүүлсэн. Тиймээс  ногдол ашгийн тухайд хувьцаа эзэмшигчээ гэрээний дагуу сольсныхоо дараа  энэ ногдол ашгаа авъя гэсэн албан бичиг ирүүлсэн учраас бүртгэлээрээ байгаа мөнгөө хувьцаа эзэмшигчийн асуудал шийдэгдсэний дараа өгөх ёстой юм. Түүнээс бус Эрдэнэт үйлдвэр дампууралд хүрээд ОХУ-д өгөх ёстой мөнгөө өгч чадахгүй байгаа зүйл огт байхгүй. Мөн энэ мөнгө гэнэт гараад ирсэн зүйл биш” гэв.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна