Автобус компаниудын нэг цагийн хөлс дунджаар 32600 байх уу?

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Автобус компаниудын нэг цагийн хөлс дунджаар 32600 байх уу?

НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан яг одоо Хангарьд ордноо болж байна. Хуралдаанаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж буй юм. Нийслэлээс нийтийн тээврийн нэг цагийн ажлын хөлсийг дөрвөн төрөлд хувааж, дундаж үнэ нь 32 мянга 600 төгрөг байна. Хэрэв нийслэлээс тавьсан энэхүү ажлын хөлсийн тарифыг хувийн хэвшлийнхэн хүлээн авах боломжгүй гэвэл хамтран ажиллах гэрээгээ цуцлахад бэлэн гэдгээ нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа мэдэгдсэн юм. Харин дамжин суултыг үнэгүй болгоно гэсэн саналуудыг оруулж ирсэн юм. "Улаанбаатар смарт карт" компанийн зүгээс сэлгэн суултын төлбөрийн 60 хувийг даах саналыг оруулсан. Харин нийслэлийн удирдлагууд жилд 18 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, дамжин суултыг 100 хувь үнэгүй болгох шаардлагатай гэсэн саналыг гаргасан юм. Хэрэв дамжин суултын төлбөрийн 60 хувь буюу 300 төгрөгийг төр даахаар болвол жилд 10 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг нийслэлийн төсвөөс өгнө гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Хөнгөлттэй зорчих иргэдийн тухайд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картыг харъаялалын дагуу хороогоор дамжуулахаар болж, одоогоор 80 хувьд нь картыг нь тараажээ. Харин оюутнуудын хувьд "Боловсролын тухай хууль"-ийн 43.2.5-д зааснаар хичээлд ирж, буцах зардлыг төр даах зарчмаар хөнгөлөлтийн картыг нийслэлийн Боловролын газраар дамжуулан өгч эхэлсэн юм. Нийт 98 мянга 500 оюутан хөнгөлөлтийн карт авахаас өнөөдрийн байдлаар 47 мянга 877 оюутан картаа авсан байна. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулахаас нааш сурагчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах боломжгүйг хотын удирдлагууд тодотгосон юм.

09.40 цагаас эхэлсэн НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан үргэлжилж байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс сэлгэн суултын төлбөрийг үнэгүй болгохыг дэмжсэн бол оюутныг хөнгөлттэй зорчуулах асуудлыг журмаараа илүү тодорхой зохицуулж, маршрутын өөрчлөлтөөс үүдсэн нэмэгдэл төлбөрийг нь шийдэж өгье гэсэн саналыг гаргалаа. Мөн нийтийн тээврийн цахим шинэчлэлтийн ажлыг гадны компаниар хийлгэх нь буруу. Гэрээ ёсоор "Улаанбаатар смарт карт" компани нийтийн тээврийн нэг өдрийн орлогын 10 хувийг авч зардлаа нөхнө гэдэг нь жилд 13.2 тэрбум төгрөгийг төр хувийн хэвшилд зүгээр өгсөнтэй адил гэж үзлээ.

Ийнхүү нийтийн тээврийн салбарт үүссэн асуудлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчид хэлэлцэж байна. Ээлжит бус хуралдаан дуусахад дамжин суулт үнэгүй болох уу, оюутнуудад өдөрт хэдэн төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх болон хувийн автобус компаниудад буцаан олгох нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцож өгөх вэ гэдэг тодорхой болно.

Хуралдаан түр завсарлалаа. Шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж