Эрчим хүчний хэмнэлтийн хуулийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний хэмнэлтийн хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ танилцуулж байна. Монгол улс эрчим хүчээ хангаж дийлэхгүйд хүрч байгаа учраас, хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд түлхэц үзүүлэх энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж өгөхийг хууль санаачлагчийн зүгээс хүсэв. Харин Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Телейхан танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Энэ хуулиар байгууллага болгон хэмнэлтийн бодлого гаргахаар болж байгаа юм байна. Хэрэв эрчим хүчний хэмнэлтийн зөв бодлого хэрэгжүүлбэл ямар байдлаар урамшуулах юм бэ?

Эрчим хүчний сайд Д.Зоригт:

-Энэ хууль батлагдвал эрчим хүчний тогтолцоо бий болно. Энэ хуулийн хүрээнд “үүрэг хүлээсэн хэрэглэгч” гэж шинэ нэр томъёо орж байгаа. Үүнд томоохон эрчим хүч хэрэглэгчид оролцоно. Тиймээс энэ байгууллагууд эрчим хүчний хэмнэлтийн бодлогоо жил болгон тайлагнах юм. Түүнээс жирийн иргэд бодлого гаргахгүй. Урамшууллын хувьд хэмнэлт хийснээр эрчим хүчний төлбөр нь багасна. Энэ нь өөрөө том урамшуулал болох юм. Харин эрчим хүчээ онцгой хэмнэсэн айл өрхийн Агаарын тухай хуулийн дагуу урамшуулах юм.

УИХ-ын гишүүн С.Оюун:

-Хэмнэлтийн бодлогыг сайн хэрэгжүүлсэн иргэдийг амьдрал дээр ямар урамшууллаар урамшуулах юм бэ гэдгийг тодорхой тайлбарлаач.

Эрчим хүчний сайд Д.Зоригт:

-Харамсалтай нь эдийн засгийн хүнд байдлын улмаас тэр болгон урамшуулал өгч чадахгүй байгаа. Ирэх оны төсөвт ч суугаагүй. Гэхдээ эрчим хүчээ хэмнэж байгааг заавал урамшууллаар шийдэхээсээ илүү өөрсдийнх нь мөнгийг хэмнэж байна гэдэг нь чухал байгаа юм. Эрчим хүчний байгууллагууд бол зах зээлийнхээ зарчмаар л оролцоно. Өөрөөр хэлбэл, шинээр орон тоо шаардагдахгүй.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Захиргааны шийтгэл ногдуулдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-6 дахин нэмж торгор гээд байна. Заавал хууль гаргах ямар хэрэгтэй байгаа юм. Иргэд угаасаа хэмнэдэг шүү дээ. Татвараа л багасгачих л даа. Энэ хэнд, юунд хэрэгтэй юм бэ?

Эрчим хүчний сайд Д.Зоригт:

-Бид хуулийн төслийг боловсруулахдаа 20-30 жил эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлсэн Япон, Герман зэрэг улсын туршлагыг судалж үзсэн. Хэрэв Эрчим хүчний зөвлөл тэдний зарчмаар ажиллаж чадвал Монгол Улсад хэрэгтэй, аж ахуйн нэгжид ашигтай болох юм. Бид эрчим хүчээ нүүрсээс гаргаж авч байгаа. Энэ түүхий эд хязгаартай шүү дээ. Тэгэхээр хэмнэх нь чухал. Харин энэ торгуулийн хувьд иргэдэд ачаа болж очихгүй. Иргэдэд хамаарахгүй. Харин үүрэг хүлээсэн байгууллагуудад л хэрэгжүүлэх юм.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

-Энэ хуулийг хэрэгжүүлэхэд гарах зардал ямар байх юм бэ. Сэргээгдэх эрчим хүчээ оролцуулж, тэр нь хэмнэлтэндээ орох уу?

Эрчим хүчний сайд Д.Зоригт:

-Энэ хууль батлагдсанаар улсын төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс ямар нэгэн зардал гарахгүй. Харин аж ахуйн нэгжүүдээс тодорхой зардал гарна. Гэхдээ тэрхүү зардал нь эрчим хүчний хэмнэлтээрээ 2-3 жилийн дотор нөхөгддөг. Бидний хийсэн судалгаагаар дулааны их хэмжээний алдагдалтай орон сууцнууд байна.Энэ дулаан алдагдлыг арилгаж, эрчим хүчээ хэмнэх ойлголт харамсалтай нь манайд алга. Энэ бүхнийг л энэ хуулиар зохицуулах юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Бид хэмнээд хэмнээд алдагдалаа бууруулахгүйгээр болохгүй. Хэмнээд хэмнээд алдагдлын хажууд өчүүхэн үзүүлэлт болно. Бид алдагдалд хөрөнгө мөнгө зарахгүйгээр хэмнэнэ гэсэн ойлголт байхгүй. Бид цаг тухайд нь хөрөнгө зарцуулахгүйгээр асуудлаа шийдэхгүй. Сэтгэхүйн өөрчлөлт хийх, сурталчилгаа хийхэд ямар заалт орсон бэ. Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогод айл өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч байх чухал зохицуулалт орсон. Үүнтэй холбоотой зохицуулалт орсон уу?

Эрчим хүчний сайд Д.Зоригт:

-Эрчим хүчний хэмнэлтийн хууль бол хамгийн түрүүнд салбарт хамааралтай. Хоёрдугаарт хэрэглэгчдэд дамжуулж, түгээхдээ маш их алдагдал хүлээж байгаа. Энэ хуулиар аудит компани үүрэг хүлээж алдагдлыг тогтооно. Харин түгээгч байгууллагууд хүлээсэн үүргийнхээ дагуу алдагдлаа арилгана. Энэ хууль тогтвортой хөгжсөн газруудад эрчим хүчний хэрэглээний зэрэг тогтоочихсон, хэрэглэж байгаа цахилгаан хэрэгсэл нь эрчим хүчний хэмнэлтийн шошготой болчихсон байдаг. Энэ нь эрчим хүч, их бага хэрэглэж байгааг үзүүлдэг. Манай эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өснө гэв.

Хуралдаан үргэлжилж байна.

Л.ХАЛИУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж