Төмөр зам барих төсөлд Япон улс хамтарна

2015 оны 10 сарын 22

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гэргий Акиэ Абэгийн хамтаар Монгол Улсад албан ёсны ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж хоёр орны Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон байна. Тухайлбал,  Монгол Улс эдийн засгийн чадвараа сайжруулахад Япон улс дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж, эхний ээлжинд хүний нөөцийг бэлтгэх, сургах ажилд дэмжлэг үзүүлэхээр болжээ. Мөн чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд тууштай хамтарч Япон улсаас Монгол Улсад орж ирэх 5901 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ гэдгээ амласан байна. Харин Монголын талаас Япон улс руу экспортлох 8100 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг сав баглаа боодол, аюулгүй байдалд нь хамтран ажиллана гэдгээ Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ. Энэ удаагийн айлчлалын хамгийн чухал хэлэлцээрийн нэг нь Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах санамж бичигт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимүзи нар гарын үсэг зурсан байна. Эхний ээлжинд Тавантолгойн уурхайгаас Сайншанд хүртэлх 455 километр төмөр зам барих техник, эдийн засгийн үзүүлэлтийн судалгааг ирэх арванхоёрдугаар сард Японы тал багтаан хийхээр болжээ.

Д.УЛАМБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна