Чуулганы хуралдаан өндөрлөв

2015 оны 10 сарын 22

УИХ-ын чуулганы хуралдаанд Тариалангийн тухай хуулийн төсөл  болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Р.Бурмаа танилцуулав.

Д.Оюунхорол: Тариалангийн бүс нутаг бий болгож байгаа нь маш зөв. Ер нь тариалангийн бүс нутгийн хөрсний үржил шимийг сайжруулна гэдгийг дэмжиж байна. Харин отрын бүсийг яаж зохицуулж байна. Отрын бүсээс болж малчдын дунд багагүй маргаан үүсдэг.  Энэ асуудлыг малчид өөрсдөө зохицуулах ёстой гэж орхиж болохгүй. Хөдөө аж ахуйн яамнаас эрчимжсэн мал аж ахуйд онцгой үүрэгтэй байна гэж томъёолж аймаг сумын удирдлагуудтайгаа ярилцах ёстой.

Р.Бурмаа: Би тантай санал нэг байна. Ургац бүрэн алдсан талбай 2013 онд 17.3 мянган га болсон. Энэ жил ган, мөндрөөс болж ихээхэн хэмжээний ургац алдахаар байна.  Тиймээс усалгаатай газар тариаланг хөгжүүлэх асуудлыг тусгасан байгаа. Отрын бүстэй холбоотой тодорхой санал байвал Оюунхорол гишүүн бидэнд өгөөрэй.

Ж.Эрдэнэбат: Р.Бурмаа сайдаа та амьдралгүй хууль оруулж ирлээ. Энэ хууль Монголд хэрэгжихгүй. Жишээ нь Сэлэнгэ аймгийн нэг сумыг тариалангийн бүс болгоё гэж бодъё. Энэ суманд мал аж ахуй эрхлэхгүй байж чадах уу, хөдөө аж ахуйн салбарынхан минь. Бэлчээрийн мал аж ахуйг шууд устгаад тариа тарина гэж болохгүй шүү дээ.

Ингээд олонхийн дэмжлэгээр уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Пүрэв гаригийн чуулганы хуралдаан өндөрлөв. “Өршөөлийн хууль ирэх долоо хоногийн чуулганаар орно” гэж З.Энхболд дарга хэллээ.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна