Зүүн чиглэлд төмөр зам барих төсөлд Япон улс хамтарна

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Зүүн чиглэлд төмөр зам барих төсөлд Япон улс хамтарна

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гэргий Акиэ Абэ-гийн хамтаар Монгол Улсад албан ёсны ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж хоёр орны Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон байна. Айлчлалын үр дүн, яригдсан асуудлын талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэл хийлээ. Дөрвөн цагийн албан айлчлалын хүрээнд хоёр тал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг богино хугацаанд ажил хэрэг болгох, эрчимжүүлэх асуудлыг хөндөн хэлэлцжээ.  Тухайлбал  Монгол Улс эдийн засгийн чадвараа сайжруулахад Япон улс дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж, эхний ээлжинд хүний нөөцийг бэлтгэх, сургах ажилд дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Мөн чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд тууштай хамтарч Япон улсаас Монгол Улсад орж ирэх 5901 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлттэй үнээр нийлүүлнэ гэдгээ амласан байна. Харин Монголын талаас Япон улс руу экспортлох 8100 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг сав баглаа боодол, аюулгүй байдалд нь хамтран ажиллана гэдгээ Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ.

Айлчлалын хамгийн чухал хэлэлцээрийн нэг нь  Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах санамж бичигт Монгол Улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимүзи нар гарын үсэг зурсан байна. Эхний ээлжинд Тавантолгойн уурхайгаас Сайншанд хүртэлх 455 километр төмөр зам барих техник, эдийн засгийн үзүүлэлтийн судалгааг ирэх арванхоёрдугаар сард Японы тал багтаан хийхээр болжээ.

Мөн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы талыг шинэ нисэх буудлын менежментэд хамтран ажиллах санал тавьсан байна. Үүнийг Японы тал нааштайгаар хүлээн авахаа илэрхийлсэн байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж