40 тэрбум фунт-стерлингийн айлчлал

2015 оны 10 сарын 23

 

Хятадын дарга Си Жинпин Их Британид дөрвөн өдрийн /Х.20-23/ айлчлал хийлээ. Хятадын экс дарга Ху Жинтао 2005 онд Их Британид айлчилснаас хойш 10 жил өнгөрчээ. Удаан хугацааны дараа тохиосон өндөр дээд хэмжээний айлчлалаас Хятадын дарга Си Жинпин ганзага дүүрэн нутаг буцаж, Их Британийн тал ч сэтгэл хангалуун үлдсэн байна. Си Жинпиний айлчлалын хүрээнд хоёр орны хооронд нийтдээ 40 тэрбум фунт-стерлингийн гэрээ хэлцэл байгуулсан сураг дуулдана.

 

 

Си Жинпинийг Букингемийн ордныхон гүн хүндэтгэлтэйгээр угтжээ. Айлчлалын эхний өдрүүдэд Си Жинпин эхнэрийнхээ хамт Их Британийн хатан хаан Элизабет болон гүнгийн ахайтан Кейт Миддлтон нартай оройн зоог барьсан байна. Энэ үеэр Азийн хүчирхэг улсын төрийн тэргүүнийг хүндэтгэн Их Британийн ханхүү Уильямийн гэргий Кейт Миддлтон гоёмсог титэмээ зүүсэн байв. Кейт Миддлетон ханхүү Уилльямтай гэрлэснээсээ хойш гурав дахь удаагаа титэм зүүн, олны өмнө гарсан нь энэ аж.

 

 

Үүний зэрэгцээ Си Жинпиний айлчлалын эхний өдөр Букингемийн ордны гадна 200 орчим хүн цуглан Хятадын хүний эрхийг зөрчсөн үйлдлүүдийг буруушаан эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

 

 

Си Жинпиний айлчлалаас Их Британийн тал Хятадын олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг баталгаажуулахыг хичээжээ. Айлчлалын үеэр Английн өмнөд хэсэгт АЦС барихад Хятадын хөрөнгө оруулалтыг авах түүхэн гэрээг байгуулсан аж. Сүүлийн 10 жил дэх Их Британийн анхны АЦС барих  төслийн хувьцааны гуравны нэгийг Хятадын тал авахаар тохиролцжээ. Уг төсөлд Хятадын төрийн өмчийн “CGN” корпораци зургаан тэрбум фунт-стерлингийн санхүүжилт гаргахаар гэрээ байгуулсан аж. “Hinkley” АЦС-ын төслийг Францын эрчим хүчний “EDF” групп тэргүүлж байгаа юм. Уг АЦС-ыг 2025 онд ашиглалтад орсноор 25 мянган хүнийг ажлын байраар, зургаан сая өрхийг эрчим хүчээр хангах гэнэ.

 

Түүнчлэн Их Британийн “Aston Martin” компани Хятадын автомашин үйлдвэрлэгчидтэй такси үйлчилгээний утаа бага ялгаруулдаг автомашин бүтээхэд хамтарч ажиллах 50 сая фунт-стерлингийн гэрээ байгуулжээ. Мөн хоёр орны хооронд газрын тос, байгалийн хийн 12 тэрбум фунт-стерлинг болон автомашин, нисэх онгоцны хөдөлгүүр бүтээгч “Rolls Royce” групптэй 1.4 тэрбум фунт-стерлингийн гэрээг тус тус үзэглэсэн байна.

 

Б.АНХТУЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна