Япончууд төмөр замд хамтарна

2015 оны 10 сарын 23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, түүний гэргий Акиэ Абэ-гийн хамтаар өчигдөр манай улсад ажлын айлчлал хийлээ. Улаанбаатар хотод дөрвөн цаг саатсан тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохдоо энэхүү уулзалтыг хийхээр товлосон байна.   

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ айлчлалынхаа эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөөнд бараалхаж хоёр орны Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн гэрт зочилсон анхны гадаад улсын Төрийн тэргүүн болж байсан бол ийнхүү ноён Шинзо Абэ гэр бүлийн хамт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрт зочилсон анхны гадаад орны Засгийн газрын тэргүүн боллоо.

Энэ үеэр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт хоёр улс гарын үсэг зурсан. Мөн УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай гурван ч хуулийн хоёр дахь шатны хэлэлцүүлгийг хийсэн нь ирэх оны эхнээс тус хэлэлцээр бэлэн болж байгаа хэрэг юм. Уг хэлэлцээр нь Монгол Улсын зүгээс чөлөөт худалдааны чиглэлээр хийж буй анхны хэлэлцээр гэдгээрээ онцлог болж байна. Өчигдрийн уулзалтын хүрээнд ч энэхүү хэлэлцээрийг хоёр талаас нотолж ярилцсан аж.

Үүний дараа Японы Ерөнхий сайд Төрийн ордонд зочилсон төдийгүй УИХ-ын нэгдсэн чуулганы үйл ажиллагаатай танилцаж, УИХ-ын дарга З.Энхболдод бараалхсан юм. 

Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрийн үеэр талууд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг бүхий л салбар өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд технологи шилжүүлэх, хувийн хэвшлийнхэн хоорондын  харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн хоёр тал бүс нутгийн болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, харилцан бие биенээ дэмжин ажиллахаа нотолсон юм.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ “Ашигт малтмалын томоохон төслүүд явах нь чухал байна. Энэ тал дээр ч гэсэн Японы талын оролцоог хангахад бэлэн байна” гэж мэдэгдсэн. Иймээс айлчлалын дундуур Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Таван толгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна