“Хол замыг туулан очлоо ч амжилт биднийг хурцалдаг”

2015 оны 10 сарын 23

-Яриад байвал асуудал их байна. Тэмцээн уралдааны зардал хүрэлцдэггүйн улмаас Бүх спортыг хөгжүүлэхэд  хэцүү ч бололцооныхоо хэрээр хичээж зүтгэх болно-

 

Хүндийн өргөлтийн залуучуудын 2015 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт боллоо. Энэ үеэр тус аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, боксын спортын мастер Х.ХАЙНАРТАЙ ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд хүндийн өргөлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн орон нутагт ээлжлэн болсоор байна. Энэ оны хамгийн сүүлийн тэмцээн Баян-Өлгий аймагт боллоо. Эндээс яриагаа эхлэх үү?

-2015 оны хүндийн өргөлтийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Баян-Өлгий аймагт амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 10 байгууллагын  эрэгтэй, эмэгтэй нийт 85 тамирчин оролцож, улсын рекорд амжилтууд эвдэгдсэн өрсөлдөөн дүүрэн байлаа. Манай аймагт анх 1980 онд хүндийн өргөлтийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байсан бөгөөд 35 жилийн дараа дахин болж байгаагаараа ихээхэн онцлогтой боллоо. Тэмцээнийг Баян-Өлгий аймагт боксын спортыг хөгжүүлсэн, спортын мастер, нэрт дасгалжуулагч, ахмад тамирчин Рияны Даривханы нэрэмжит болгон зохион байгуулсан юм.

-Тэртээ 1960-70-аад онуудад Монгол улсын дээд амжилтыг олон удаа тогтоож, улсын аварга болж явсан нэрт туйванч Р.Даривханы талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөөч?

- Баян-Өлгий аймагт энэхүү спортын үндэс суурийг тавьсан Р.Даривхан багшийн хувьд сүүлийн жилүүдэд Казахстан улсад амьдарч байгаа ч зүрх сэтгэл нь Монголынхоо төлөө байдаг. Түүний хувьд Монгол улсын дээд амжилтыг олон удаа тогтоож, улсын аварга болж байсан. Тэрбээр энэхүү спортоор олон шавь төрүүлсэн. Түүний шавь нар тухайн үед Улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилтыг гаргаж байсан бөгөөд ОУХМ, спортын мастер, дэд мастер, спортын зэрэгтэй тамирчид олон төрөн гарсан. Үнэндээ энэ хүний хүч хөдөлмөрөөр манай аймагт хүндийн өргөлтийн спорт хөгжсөн түүхтэй. Энэхүү тэмцээнийг аймагтаа зохион байгуулах юм бол Даривхан багшийн нэрэмжит болгоё гэсэн саналыг аймгийн хүндийн өргөлтийн холбооны тэргүүн, спортын мастер, Даривхан багшийн шавь Б.Нурлан хэлж байсан юм. Энэ удаагийн тэмцээн Баян-Өлгий аймагт болсноороо ихээхэн ач холбогдолтой боллоо. Т.Даривхан гэдэг хүний хийж бүтээснийг залуу тамирчидад таниулах, алслагдсан хол ч гэлээ хүрэлцэн ирсэн үеийнхээ тамирчдын амжилтыг судалж, цаашид энэ спортоор хичээллэх урам зоригийг тэдэнд өгч, туршлага суулгах, материаллаг баазаа бэхжүүлэх, Казахстан-Монголын хүндийн өргөлтийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах гээд олон талын ач холбогдолтой байлаа.

-Орон нутагтаа Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг хэрхэн авсан бэ?

-Манай аймагт сүүлийн жилүүдэд хүндийн өргөлтийн спортын хөгжил, амжилт тасрах талдаа ороод байсан. Би аймгийнхаа БТСГ-ын даргын албанд ирээд хүндийн өргөлтийн дасгалжуулагч, спортын мастер М.Талгаттай маш сайн ярилцсан. Одоо эргээд гурван жилийн дараа харахад амжилт ахисан нь энэ удаагийн тэмцээнээр харагдлаа. Тухайн үед би энэ албанд ирээд хоёр сар гаруй хугацаа болж байсан юм. Тэр үед Улаанбаатар хотод боксын Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн болж, би баг тамирчидтайгаа очсон. Энэ үед Монголын хүндийн өргөлтийн холбооны нарийн бичгийн дарга Ч.Даваадоржтой анх танилцан Баян-Өлгий аймагт тэмцээн зохион байгуулах саналаа хэлж байсан юм. Манай аймагт улсын чанартай тэмцээн, уралдаан болсноор Казахстан улсын дэмжлэгийг авч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий гэдгээ хэлж байсан. Миний энэхүү саналыг холбооны зүгээс таатай хүлээж авсан. Мөн Ч.Даваадорж, Казахстан улсын гавьяат дасгалжуулагч Т.Мендихан нар сайн найзууд, бүр нэг жинд өрсөлдөж явсан юм билээ. Тэр цагаас хойш ярилцсан зүйлүүдээ ажил хэрэг болгож, энэ спортыг орон нутагтаа дахин хөгжүүлж, сэргээе гэдэг үүднээс энэ оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.  Энэ удаагийн тэмцээнийг аймгийн ЗДТГ, ИТХ болон олны дэмжлэгээр Монголын хүндийн өргөлтийн холбоо, аймгийн хүндийн өргөлтийн холбоотой хамтран зохион байгуулсан.

-Баян-Өлгий аймгийн баг тамирчид нутагтаа болсон тэмцээнд гуравдугаар байрыг эзэллээ. Хөвсгөл, Өвөрхангай гээд хүчтэй багууд олон байлаа. Мөн тэмцээний үеэр олон шинэ рекордууд шинэчлэгдэн тогтоогдлоо шүү дээ?

-Хүчтэй багууд маш их байсан. Олон олон рекорд амжилтууд шинэчлэн тогтоогдлоо. Ялангуяа манай залуучуудын эмэгтэй багийн амжилт өндөр болсон нь энэхүү тэмцээнээр харагдсан. Манай аймгийн багийн хувьд бүтэн багаараа орохыг их хичээсэн. Эмэгтэй багийн тухайд тамирчид бага байлаа. Гэхдээ бид багаараа гуравдугаар байрт орсондоо сэтгэл хангалуун байна. Хөвсгөл, Өвөрхангай аймгийн багууд эхний байруудад орсон ч бидний үзүүлсэн амжилт чамлахааргүй байсан. Эрэгтэй 56 кг-д Т.Ибрахим, эрэгтэй +85 кг-д А.Нурсултан нар нийлбэр дүнгээр улсын аварга цолыг хүртлээ. Уг нь 1985 онд анх залуучуудын Улсын аваргын тэмцээн болж байхад багаараа түрүүлж байсан түүхтэй. Тэрхүү амжилтыг давтахыг хүссэн ч олон хүчтэй багууд байлаа. Энэ удаа бид багаараа гуравдугаар байрт орж чадаагүй байсан бол хүнд байх байсан. Тиймээс энэ удаагийн амжилтад сэтгэл хангалуун байна. Бид дараа дараагийн тэмцээнд өндөр амжилтыг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн тэмцээний үеэр улсын рекордыг тогтоосон  эмэгтэй тамирчдын амжилтаар бахархаж суулаа.

-Зарим амжилтыг дурдахгүй юу?

-Улаанбаатар хотоос 1750 км-т байрлах, баруун Монгол гэж нэрлэгдэж буй Баян-Өлгий аймагт болсон тэмцээнд 10 байгууллагын эрэгтэй, эмэгтэй 85 тамирчин оролцлоо. Тэр дундаа эмэгтэй тамирчдын амжилт өндөр байж, Монголын Улсын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын рекордууд шинэчлэгдлээ.  Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин ОУХМ Х.Бум-Аюуш өсвөр үеийн 6, залуучуудын огцом, түлхэлт, нийлбэрээр 3, насанд хүрэгчдийн ангилалд түлхэлттэй өргөлтөөр улсын рекордыг шинэчлэн тогтоолоо. Мөн эмэгтэй 58 кг-ын жинд Өвөрхангай аймгийн тамирчин, ОУХМ Г.Баасанжаргал огцом, түлхэлтийн өргөлтөөр залуучуудын ангилалд, эмэгтэй 48 кг-ын жинд “Монголжонш” ХХК-ий тамирчин, спортын мастер Б.Золбоо огцом өргөлтөөр залуучуудын улсын рекорд амжилтыг 4 кг-аар ахиуллаа. Мөн нэг онцлох тамирчин байна.

Т.Даривхан гэдэг хүний хийж бүтээснийг залуу тамирчидад таниулах, алслагдсан хол ч гэлээ хүрэлцэн ирсэн үеийнхээ тамирчдын амжилтыг судалж, цаашид энэ спортоор хичээллэх урам зоригийг тэдэнд өгч, туршлага суулгах, материаллаг баазаа бэхжүүлэх, Казахстан-Монголын хүндийн өргөлтийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах гээд олон талын ач холбогдолтой байлаа.

-Хэн?

-Залуучуудын үндэсний шигшээ багийн тамирчин Э.Билэгсайхан байсан. Түүний хувьд энэ удаагийн тэмцээнд Баян-Өлгий аймгийн нэрийн өмнөөс оролцож, ОУХМ цолны болзлыг биелүүллээ. Тэрбээр эмэгтэй +69 кг-ын жинд өрсөлдөхдөө +75 кг-ын жинд улсын рекордыг шинэчлэн тогтоосон нь Монгол Улсын хүндийн спортын түүхэнд шинэ түүхийг бичсэн явдал болсон. Эмэгтэй тамирчдын амжилт үнэхээр сайн байна. Өсвөрийн 12, 13 настай тамирчдын амжилт ч өндөр байгаад энэхүү спортын төрлөөр цаашид Монгол Улсаас олимп, дэлхийн медальтнууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байгааг энэхүү тэмцээн харууллаа.

-Энэ удаагийн залуучуудын УАШТ-д Казахстан улсаас баг тамирчид оролцоно гэж байсан?

-Энэхүү тэмцээнд Казахстан улсаас баг тамирчид ирсэн бол сонирхолтой байх байлаа. Бид тэмцээнийг нээлттэй гэж зарлаж, Казахстаны талд урилга явуулсан боловч ирэх тамирчдын бичиг баримтын асуудлаас болж хугацаа алдсан. Тиймээс энэ удаагийн тэмцээнд оролцож чадаагүй нь харамсалтай. Гэхдээ Казахстан улсын хүндийн өргөлтийн Улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Т.Мендихан хүрэлцэн ирсэн юм. Манай аймгийн уугуул, Казахстан улсын гавьяат дасгалжуулагч түүнтэй би нэг жилийн өмнө Астана хотноо уулзаж байсан. Би тэр үед Монгол-Казахстаны улсын боксын шигшээ багийн хамтарсан бэлтгэлийн үеэр очоод байсан юм. Аймагтаа хүндийн өргөлтийн спортыг дахин сэргээж, Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах болсон талаараа түүнд дуулгасан юм. Харин тэрбээр хүндийн УАШТ төрж өссөн Өлгий хотод болох юм бол өөрийн биеэр ирж, тусалж дэмжихээ амалсан. Хэдийгээр Казахстан улсаас тамирчид ирээгүй ч гэлээ Т.Мендихан өөрийн биеэр хүрэлцэн ирсэн нь энэхүү тэмцээний нэр хүндийг өргөж чадлаа. Мөн Монгол-Казахстаны хүндийн өргөлтийн спортын хамтын ажиллгааны талаар шинэ хуудас нээгдлээ гэж үзэж байна. Цаашид бид хүндийн өргөлтийн тэмцээнийг аймагтаа Олон улсын хэмжээнд хийх бодолтой байна. Учир нь хөрш залгаа ОХУ, БНХАУ болон Казахстан улсаас баг тамирчид ирж оролцох бүрэн боломжтой юм. Энэ удаагийн тэмцээн бидэнд томоохон туршлага боллоо.

-Хэдийгээр Казахстаны тамирчид ирж чадаагүй ч гэсэн цаашид хоёр орны хүндийн өргөлтийн тамирчид туршлага солилцох бүрэн боломж нээгдсэн гэж сонслоо?

-Дээр хэлсэнчлэн Казахстаны баг тамирчид ирж чадаагүй ч гэсэн гавьяат дасгалжуулагч Т.Мендихан тэмцээнийг үзэж, сонирхохоор ирсэн нь сайхан үйл явдал байлаа. Энэ үеэр Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Даваадорж, Эрүүл мэнд, спортын яамны ахлах мэргэжилтэн О.Гэрэл, бид нар Т.Мендихантай туршлага солилцох талаар ярилцлаа. Өнөөдрөөс эхлээд Монгол-Казахстаны баг тамирчид туршлага солилцож, хамтран бэлтгэл хийх бүрэн боломж байгаа талаар ярилцсан. Тиймээс энэ удаагийн тэмцээн, уралдаан тамирчдын хувьд өрсөлдөөн ихтэй, амжилтууд арвин байсан ч Монгол-Казахстаны баг тамирчдын хамтарсан бэлтгэл хийх боломж байгааг харсан чухал яриа болсон юм. Казахстан улсын хүндийн өргөлтийн баг тамирчид олимп, дэлхийн аваргад өндөр амжилтыг гаргаж байна. Тэд “Бээжин-2008” олимпийн наадмаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл, “Лондон-2012” олимпийн наадмаас дөрвөн алтан медальтай ирж байсан. Хамгийн сүүлд гэхэд Баян-Өлгий аймагт төрсөн Өмиртайн Ермек Тайландад болсон Азийн аваргад Казахстаны нэрийн өмнөөс оролцож, түрүүллээ. Шинэхэн Азийн аварга Ө.Ермек маань Даривхааны ач хүү юм шүү дээ. Түүний хувьд өвөөгийнхөө нэрэмжит тэмцээнд ирэх хүсэлтэй байсан ч ДАШТ-д явах боломж байгаа гэж сонссон. Учир нь түүний жинд маш олон шилдэг тамирчид бий. Тэднээс сонгон шалгаруулах учраас Ермек энэ удаа ирээгүй. Азийн аваргад тэр гайхалтай сайхан амжилтыг үзүүлж чадсан учраас Дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөхийг үгүйсгэхгүй байна.

   

 

-Орон нутагт Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад хүндрэлтэй асуудал олон байдаг. Та бүхэн аймагтаа 35 жилийн дараа хүндийн өргөлтийн залуучуудын УАШТ-ийг зохион байгууллаа. Баярлаж, талархсан олон хүн байгаа байх?

-Хэдийгээр бид хүндийн өргөлтийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймагтаа 35 жилийн дараа авсан ч гэсэн санхүүгийн томоохон дэмжлэг хэрэгтэй байлаа. Энэхүү тэмцээн зохиогдсоноор аймгийн Биеийн тамир, спортын газрын баазыг бэхжүүлж, олон сайхан боломжийг бидэнд өглөө. Монголын хүндийн өргөлтийн холбооноос 15 сая төгрөгийн дэвжээ бэлэглэлээ. Казахстан улсын гавьяат дасгалжуулагч Т.Мендихан, Даривхан багшийн хүү Өмиртайтай Азийн аварга Ермекийн аав хамтран 2500 ам.долларын үнэтэй бүтэн штанкийг бидэнд өглөө. Энэ бүхэн манай аймагт хүндийн өргөлтийн спортын баазыг улам бэхжүүлж өгсөнд бид бүхэн талархаж байна. Мөн аймгийн удирдлагууд томоохон дэмжлэг үзүүлж, 10 сая төгрөгийг ИТХ-аар хэлэлцэн шийдсэн явдал юм. Амлалт ёсоор бусад компани, спортод элэгтэй хүмүүсийн дэмжлэгээр 5 сая төгрөг цугларах байх гэж бодож байна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад тусалсан Даривхан багшийн үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд болон түмэн олондоо талархаж байна. Мөн Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Жандосын тус их байлаа.

Рияны Даривхан багшийн хамт.

 

БОКС, ХҮНДИЙН ӨРГӨЛТӨӨС ГАДНА БУСАД ТӨРЛҮҮДЭД АМЖИЛТ ГАРГААД ЭХЭЛЛЭЭ

-“Рио-2016” олимпийн наадам айсуй. Манай улсад олимпийн хөдөлгөөн улам бүр эрчимжиж хөдөө орон нутагт Бага олимп ээлж дараалан болж байна. Баянхонгор, Дархан-Уул, Орхон аймагт болсон тус олимп Баян-Өлгий аймагт боллоо. Бага олимпийн тухайд?

-Казах, урианхай, дөрвөд, тува, халх зэрэг олон үндэстэн ястаны аж төрөн суугаа Монгол Улсын алс баруун хязгаарт “Баян-Өлгий-2015” бага олимпийн наадам өнгөрөгч есдүгээр сард Өлгий суманд болсон. Энэ удаагийн бага олимпийн наадмын түүчээнд 13 сум, аймгийн төвийн 26 багийн 1300 гаруй тамирчид спортын 10 төрлөөр 132 багц медалийн төлөө “Спортын оргил өөд хамтдаа” уриан дор өрсөлдлөө. Наадмыг УИХ-ын гишүүн ТББХорооны дарга А.Бакейн санаачилгаар Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, БТСГазар, Баян-Өлгий аймгийн залуучуудын “Хөгжлийн эрч” клуб зохион байгуулсан юм. Багийн дүнгээр Цэнгэл сумын баг нэгдүгээр байранд шалгарч, шилжин явах цомын эзэн болсон бол, Өлгий сумын 9 дүгээр баг, тус сумын 8 дугаар багууд удаалсан. Бид эхний байранд орсон багийг 3 сая, удаах байруудыг 2-1 сая төгрөгөөр урамшуулсан.

-Бага олимпийн бэлэгдэл болох бамбар аймгийн сумдууд болон төвөөр буухиалан аяласан байх. Бас хүндтэй зочид олноор ирсэн болов уу?

-Энэхүү наадмыг зохион байгуулахад аймгийн Засаг даргын Тамгын газраас дэмжихээс гадна Монголын Үндэсний Олимпийн хороо, Эрүүл мэнд, спортын яамнаас дэмжин хамтран зохион байгуулсан юм. Наадмын үеэр Улаанбаатар хотоос хүндэт зочид төлөөлөгчид олон хүрэлцэн ирсэн. Бага олимпийн наадам иргэдийн спортоор хичээллэх идэвхи санаачилга, урам зоригийг нэмэгдүүлэх, авьяастай өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, шинэ тутам хөгжиж буй спортыг түгээн дэлгэрүүлэх зэрэг олон талын зорилго, ач холбогдлыг агуулсан. 13 сум, нэг тосгоныг буухиалан аялсан бага олимпийн бамбарыг олон алдартнууд мандуулсан. Бамбарыг боксын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ, Олон Улсын “А” зэрэглэлийн тэмцээий алт, мөнгө, хүрэл медальт, Оюутны ДАШТ-ний хүрэл медальт ,ОУХМ, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Нурлан асааж, Олимпийн бэлэгдэл тугийг 1980 оны Москвагийн Олимпийн наадамд Баян-Өлгий аймгаас анх удаа Монгол эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ, Монгол, Казахстан улсын гавьяат тамирчин, Улсын харцага О.Бахыт, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга А.Бакей, залуу тамирчин, боксын спортын мастер Х.Бекнур нар мандуулсан юм.

-Энэхүү Бага олимп цаашид уламжлан болон зохион байгуулагдах уу?

- Болно. Манай аймагт 1989-аад оны сүүл үеэс хойш тасалдаад байсан Бага олимп 20 гаруй жилийн дараа дахин сэргэж, аймгийн ИТХ-ын шийдвэрээр энэхүү наадмыг цаашид хоёр жил тутамд зохион байгуулахаар болж байна.  

-Бага олимпийн зохион байгуулсан цөөн аймгийн нэг танай аймаг боллоо. Үүнд аймгийн Биеийн тамир, спортын газрын ажлын үр дүн эрчимтэй явагдаж байна гэж харагдлаа.?

-Аймгийн БТСГ-ын календарчилсан төлөвлөгөөг харахад жилд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн аймаг, бүс, УАШТ-ийг нийт 55 удаа, ойн арга хэмжээ болон нэрэмжит уралдаан тэмцээнийг 21 удаа зохион явуулсан байна. Мөн 2014 онд Олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээн болон улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд манай аймгийн баг тамирчид амжилттай оролцож, 19 алт, 21 мөнгө, 32 хүрэл медалийг хүртсэн байна. Мөн спортын цол зэргийн болзлыг хангасан тамирчдын үзүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад 22 хувиар нэмэгдсэн. Аймгийн БТСГ-т сагсан бөмбөг, волейбол, бокс, олимпийн таеквондо, жүдо бөх зэрэг спортын 12 төрлийн дугуйлан тогтмол хичээллэж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүнд аймаг, бүс, улс, олон улсын чанартай тэмцээнд амжилт гаргасан тамирчдын маань амжилт харуулж байна.

-Иргэдийг хамарсан ямар арга хэмжээг түлхүү зохион байгуулж байна вэ?

-Сард нэг удаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийтийн биеийн тамирын арга хэмжээнд зохион явуулдаг. Үүнд мөсний баяр, бүх нийтийн гүйлт, өглөөний гимнастик, явган алхалт гэх мэт багтана. Мөн ажлын өдрүүдэд оройн цагаар (17.00-21.00) Төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэнтэй гэрээ байгуулж, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлж, арга зүйн зөвлөгөөг өгч ажиллаж байна.

-Бусад спортын төрлүүдийн УАШТ-ийг аймагтаа зохион байгуулав уу?

-Өнгөрсөн онд үндэсний бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан бол таеквондогийн анхны тэмцээн боллоо. Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 25 жилийн дараа, волейбол, самбо бөх, жүдо бөхийн бүсийн тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Олон улсын хэмжээнд анх удаа бокс, шатар, казахын хөлөгт тоглоомыг (тогыз хумалах) зохион байгуулж, насанд хүрэгчдийн волейболын баг 15 жилийн дараа бүсээсээ шалгарч Улаанбаатар хотноо болсон УАШТ-д оролцсон. Эндээс дүгнээд харахад сүүлийн хоёр жилийн хугацаанд томоохон уралдаан тэмцээнийг аймагтаа зохион байгуулж, ихээхэн туршлага хуримтлуулж чадлаа. Аливаа тэмцээн уралдааныг зохион явуулахад танхим их чухал байдаг. Тиймээс Соёл, спорт аялал жуулчлалын яамны хөрөнгө оруулалтаар 1964 онд баригдсан хуучин заалыг 153 сая төгрөгийн их засвар хийлгэж авсан.

-Энэ онд Монголын хүүхдийн спортын V наадам боллоо. Баян-Өлгий аймгийн баг тамирчид энэхүү наадамд хэрхэн оролцсон бэ?

-Дөрвөн жил тутамд болдог Монголын хүүхдийн спортын наадам энэ жил боллоо. V дахь удаагийн тус наадамд 17 спортын төрөлд 1876 өсвөрийн тамирчид 147 багц медалийн төлөө өрсөлдсөн. Манай баг тамирчид УАШТэмцэнүүдээс 5 спортын төрлөөс 19 эрх авч оролцон нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн. Энэ удаа бокс, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, таеквондогийн төрлүүдээс медаль авсан. Бидний гол найдвар бокс, хүндийн өргөлт байсан ч бусад төрлүүдэд өсвөрийн тамирчид амжилт гаргаад эхэллээ. Дөрвөн жилийн өмнө би боксын спортоор хүүхдүүдээ дасгалжуулан хоёр алтан медаль авч байсан бөгөөд бусад төрөлд бидэнд медаль дэндүү хол байлаа. Тэгвэл энэ удаагийн наадамд дөрвөн төрөлд медальтай ирлээ. Үүнээс харахад манай аймагт спортын бусад төрлүүд сэргэж байгаа ба амжилт гаргах боломж байгаа нь харагдлаа. Мөн хүүхдийн наадамд оролцсон дасгалжуулагч, тамирчдын унаа, хоол, байрны зардал болох 6.9 сая төгрөгийг Аймгийн удирдагууд шийдэж өгсөнд талархсанаа илэрхийлье. Сүүлийн гурван жилийн хугацаанд биеийн тамир спортод урьд жилүүдийг бодвол төр засаг, аймаг орон нутгийн удирдлагууд бололцооныхоо хэрээр хөрөнгө шийвэрлэдэг болсоныг дурдмаар байна.

 

ОЛОН ХОНОГ ЯВЖ УЛААНБААТАРТ ОЧДОГ БАЙСАН Ч АМЖИЛТ БИДНИЙГ ХУРЦАЛДАГ БАЙЛАА

-Таны хувьд боксын спортоор аймагтаа олон жил ажиллаж байгаад шинэ албанд томилогдлоо. Боксын тамирчидтайгаа ажиллаж байсан тэр үеэ эргэн нэг дурсаач.?

-Би аймагтаа 12 жил боксын дасгалжуулагчийн ажлыг хийсэн. Аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албыг хашаад гурван жил болж байна. Дасгалжуулагч багшаар ажиллаж байх үед олон шавь төрүүлсэн. Одоо бодоход тэр цаг хэцүү ч гэлээ сайхан байжээ. Хэдийгээр алс баруун хязгаараас тамирчидтайгаа фургон машинтай олон хоног явж Улаанбаатарт очдог ч гэсэн амжилтын буухиа биднийг зоригжуулж байлаа. Одоогийнх шиг 1-2 хоногт очих биш олон хоног явна шүү дээ. Унаа, байр, хоолны асуудлыг шийдэхэд хүнд байлаа.  Бид хэдийгээр алслагдсан аймгаас олон хүндрэлүүдийг даван туулж очиж байгаа ч гэсэн тухайн үед боксын Улсын аварга шалгаруулах тэмцээнд томоохон өрсөлдөөнийг гаргадаг байсан. Зарим жилд 4-5 удаа тэмцээнд явах үед байдаг байлаа. Ингэж бидний амжилт ахиж, өсвөр үе, залуучуудын улсын аваргад багаараа эхний гурван байрт орж байсан. Мөн миний бие шилдэг дасгалжуулагчийн цомыг, тамирчид маань дайчин боксчин, өсөх ирээдүйтэй боксчин, шилдэг боксчин цомуудыг авч байсан удаа бий. Шавь нараас минь цааш амжилтаа ахиулж, эх орноо төлөөлөн олон улс, тив, дэлхийн дэвжээнд гарч байгаад баярлаж явдагийн. Мөн түрүүчээсээ боксын спортын мэргэжлээр суралцаж төгсөөд ирж байна. Дотоодын их, дээд сургуульд төдийгүй Казахстан, ОХУ-ын Москва хотод шавь нараас маань суралцаж байгаа нь багшийн хувьд өнөөдөр баярлаж суудаг.

Яриад байвал асуудал их байна. Тэмцээн уралдааны зардал хүрэлцдэггүйн улмаас Бүх спортыг хөгжүүлэхэд  хэцүү ч бололцооныхоо хэрээр хичээж зүтгэх болно

-Та өөрийнхөө амжилтаасаа дурдахгүй юу?

- Миний амжилт гэвэл боксын спортын мастер цолоос хэтрээгүй. Тамирчин байхдаа Олимп, дэлхийн аварга болох юмсан гэж их мөрөөддөг байлаа. Эрүүл мэндийн шалтгаанаас болж би олон жил боксын спортоор хичээллэж чадаагүй юм. Хоёр удаа шарлаж, тамирчны замналаа орхисон доо. Миний анхны багш спортын мастер К.Бауырбек гэж хүн бий. Багш маань одоо Казахстан улсад амьдарч байгаа. Улаанбаатар хотод очсон хойноо “Алтан бээлий” клубт Д.Банди багшийн удирдлаган доор хичээллэдэг байсан. Миний тоглож байсан үеэс гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өдгөө ч тоглож байна. Мөөгий бид хоёр нэг клубын андууд. ОУХМ Б.Баяртогтох, спортын мастер Д.Отгонбаяр, АНУ-д мэргэжлийн бокс тоглож байсан н.Баянмөнх, спортын мастер Ундрахбаяр, Баасан багшийн хүү, одоо шүүгч хийж байгаа Г.Бадрах гээд үеийн нөхдөөс минь амжилтад хүрсэн нь олон.  Гэхдээ би өөрөө мөрөөдөлдөө хүрч чадаагүй ч, Олон улс, Тив, Дэлхий, Олимпийн чанартай тэмцээнд Монгол улсынхаа алтан соёмбот далбааг өндөрт өргөх явах  шавь олноор төрүүлэн гаргая гэсэн зорилгодоо хөтлөгдөөд өнөөдрийг хүртэл боксын спортдоо үнэнч явж байна.

-Таны тамирчин байх үеийн хамгийн сайхан мөч. Магадгүй та анхны улсын аварга медаль авч байсан үеэ нэрлэх байх?

-Тиймээ, 1996 онд Улаанбаатар хотод болсон өсвөр үеийн УАШТ-д аварга болчихоод баярлаж байсан минь мартагдашгүй. Үүний дараа Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийн нэрэмжит Олимпийн гараа, Залуучуудын УАШТ-д 1996, 1997, 1998 онуудад медаль авч байлаа. Харин насанд хүрэгчдийн УАШТ-д медаль авч чадалгүй 21 насандаа Өлгий нутагтаа бокс хөгжүүлэх зорилгодоо хөтлөгдөн дасгалжуулагчийн замыг сонгон ирж байсан. Тэгээд 2002 онд Улаанбаатар хотод болсон Олимпийн гараа тэмцээнд 15 тамирчин бэлтгэн оролцуулж, 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль авч билээ. Тэр тэмцээнд 35 байгууллага ороход манай баг 4-р байрт орж байсан түүхтэй.

-Гэхдээ та нарын амжилт удалгүй ахиж, багаараа түрүүлжээ. Нэг сонирхолтой түүх байгаа гэсэн шүү дээ?

-2010 оны өсвөр үеийн УАШТ-д бид 3 алт, 4 хүрэл медаль авснаар түрүүлж байсан. Тэр тэмцээнд мөн 35 байгууллагын баг тамирчид орж байлаа. Гэхдээ энэ тэмцээнд бид их эгзэгтэй үед тэргүүлсэн байдаг. Манай гурван тамирчин финалд гараад ирсэн. Тэр гурвын хэн нэгэн нь ялагдаж болохгүй. Хэрвээ мөнгөн медаль авах юм бол бид багийн дүнгээр хоёрдугаар байрт орох байсан. Гэтэл финалын тоглолтын үеэр нэг тамирчин маань өрсөлдөгчөөсөө илүү байсан ч тоглолт нь нэг л болж өгдөггүй. Нөгөө тамирчин маань хоёрдугаар үеийн сүүлээр шүдний хамгаалтаа унагааж, нэг торгууллаа. Раунд дуусаад амрах үед асуутал “багшаа би бөөлжих гээд байна” гэдэг байгаа. Тэр үед “Миний хүү тэвчинэ шүү. Ялагдаж л болохгүй. Чи илүү байна” гэж хэлээд гаргасан. Хэрвээ тэр гуравдугаар үед шүдээ унагаах юм бол дахин торгуулж, ялалт нөгөө талд очиж, бид багаараа хоёрдугаар байрт орох байлаа. Гэхдээ тулаан  дуусаж, тэр хүү маань ялснаар манайх багаараа тэргүүлсэн удаатай. Үнэндээ манай хүү тоглолт эхлэхийн өмнө каз их идсэнээс болсон юм билээ. Тэмцээний дараа нөгөө хүүхдээс телевизийн сурвалжлагч -илүү байгаа хэрнээ чи яагаад хожигдох гээд байсан бэ гэтэл “Би багшид хэлэлгүй тэнхээ оруулах гэж каз /адууны мах/ идээд гарсан юм. Арай хэтрүүлсэн байна. Тэгээд бөөлжис хүрээд арай ядан аварга болсон доо баяртай байна. Дараагийн тэмцээнүүдэд каз идэхгүй гарч тулалдах болно” гэж хэлж байсан удаатай./инээв/ 

-Үнэхээр хөгжилтэй түүх байна. Таны хувьд хол замыг туулан Улаанбаатарт очсон ч шавь нарынхаа амжилтыг хараад ядарснаа мартдаг байжээ. Ардын багш Д.Банди багшааc дасгалжуулагчийн эрдмийг сурсан гэсэн?

-Миний бие 2001 онд УБИС-ийн БТДСургуулийг төгсөж ирээд гэрт байсан өөрийн нэг мешок, бээлий мөн дүүгийн бээлий өөр ямарч хэрэглэл материал байхгүй хэрнээ аймгийнхаа Биеийн тамирчин спорт хороонд очиж билээ. Тэнд ажилчин биш цагийн дасгалжуулагч хийдэг байлаа. Би Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди багшаас их зүйл сурсан хүн дээ. 2003-2005 оны үед багшийн гэрт хонож, хичээл заалгаж, туршлагаас нь хуваалцдаг байлаа. Тэр үед би Банди багшид нэг асуулт тавьж, сайхан хариулт авч байснаа одоо ч мартдаггүй. Багшаас би Таны ирээдүйн зорилго юу билээ? гэж асууж байсан. Тэр үед багш "2004 оны олимпийн дараа ахлах дасгалжуулагч болж, 2008 оны Бээжингийн олимпоос медальтан төрүүлнэ” гэж хэлж билээ. Энэ үг хожим Бээжингийн наадмын үеэр гайхалтай биелэлээ олсон шүү дээ. Ямар нэг амжилтын ард олон хүний хүч хөдөлмөр байдаг ч Банди багш шиг ахмадуудаа бид хүндлэн дээдэлж хүйч үедээ тэр том агуй хүмүүсийн мэдлэг чадварыг өвлүүлэх хэрэгтэй гэж боддог. Би 2008 оноос албан ёсны үндсэн дасгалжуулагчийн орон тоонд тушаал гарч төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн юм.  

-Багш хүн шавийнхаа амжилтаар л бахархаж сууна шүү дээ?

-Шавь нар маань үргэлж холбоотой байдаг. Миний шавь нараас Оюутны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ, Үндэсний шигшээ багийн тамирчин А.Нурлан, спортын мастер Т.Ерболат, Т.Ибрайм, Ж.Еркин, Х.Бекнур, Жолдасбек, А.Бейбит, Х.Нурлан, Х.Ерган гээд олон шавь байна. Аймгийн БТСГ-ын боксын дасгалжуулагчын залгамж халаагаа шавь А.Бейбитикт өгсөн. Тэр 2002 оноос миний шавь болж, спортын мастерын зэрэгт хүрсэн юм. Хэдийгээр дасгалжуулагчийн ажлаа гардан хийхүй байгаа ч гэсэн “Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагч МУГД А.Гантулга, шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр зэрэг дасгалжуулач нартай нягт уялдаа холбоотой ажиллаж байна.

-Таны дүү бокс тоглож байх үедээ олимпийн аварга У.Бадар-Ууганыг ялж байсан түүх бий гэсэн?

-Миний дүү Жанболат бокс тоглодог байсан. Олимпийн аварга У.Бадар-Ууган анх 1998 онд “Олимпийн гараа” тэмцээнд манай дүүд ялагдаж байсан юм билээ. Тэр ялагдалын дараа 10 жилийн дараа тэрээр Олимпийн аварга болсон гэж өнгөрсөн жил манай аймагт ирэхдээ ярьж байсан.

Хэдийгээр алс баруун хязгаараас тамирчидтайгаа фургон машинтай олон хоног явж Улаанбаатарт очдог ч гэсэн амжилтын буухиа биднийг зоригжуулж байлаа. Одоогийнх шиг 1-2 хоногт очих биш олон хоног явна шүү дээ. Унаа, байр, хоолны асуудлыг шийдэхэд хүнд байлаа.  Бид хэдийгээр алслагдсан аймгаас олон хүндрэлүүдийг даван туулж очиж байгаа ч гэсэн тухайн үед боксын Улсын аварга шалгаруулах тэмцээнд томоохон өрсөлдөөнийг гаргадаг байсан.

-2008 оны Бээжингийн олимпийн наадмын торгон агшныг эргэн саная. Тэр үед Б.Бадар-Ууган алтан медаль авч, П.Сэрдамба мөнгөн медальтай ирж байсан. Тэр үеийн агшин таныг сэргээж байсан гэдэг. Энэ талаар ярьж өгөөч?

-Тэр үед би дасгалжуулагчаар ид ажиллаж байлаа. Тэмцээн, уралдаан болох үед хүүхдүүдээ аваад фургон машинтай хот руу явдаг байсан. Бээжингийн олимпийн наадам гайхалтай болсон. Мөн манай боксынхон түүхэн амжилтыг үзүүлсэн шүү дээ. Би тэр үед бараг шантарчихсан, ивээн тэтгэгч байхгүй хэцүү байлаа. Тэр олимпийн тоглолтын ялалт олон хүнд сэргэлт авчирсандаа. Олимпийн наадмын тоглолт Монголын Үндэсний олон нийтийн телевизээр орон даяар гарч байсан шүү дээ. Б.Бадар-Ууган, П.Сэрдамба нар медалийн болзол хангаж байх тэр агшинд телевизийн хөтлөгч гавьяат тамирчин Т.Үйтүмэнгээс бокс хэр хөгжиж байна вэ гэж асууж байсан. Т.Үйтүмэн аймгуудыг нэрлэж байснаа “Нээрээ Баян-Өлгий аймгийн залуу дасгалжуулагч Хайнер фургон машинаар хэдэн хүүхэдтэй ирнэ. Тэгсэн хэрнээ амжилт гаргаад медаль аваад байдаг юм. Хэрвээ Өлгийн боксыг сайн дэмжвэл Олимп, дэлхийн медальтан төрнө шүү” гэж хэлэхийг сонсоод ямар их урам авч байв. Тэр үг надад их хүч өгч байлаа. Намайг өдий хүртэл дэмжиж ирсэн боксын холбооны үе үеийн удирдлагууд багш дасгалжуулагч шүүгчид, холбооны гишүүддээ баярлаж явдгаа энэ дашрамд дурдмаар байна.

-Өнгөрсөн онд Баян-Өлгий аймагт “Ulgii Cup-2014” боксын Олон улсын тэмцээн олон талаараа давуу болсон.

- Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд миний аав Х.Хайсанай олон жил (1996-2014) аймгийн боксын холбооны тэргүүнээр ажилласан бөгөөд аймгийн боксын түүхтэй салшгүй холбоотой нэгэн. Одоо аймгийн боксын холбооны тэргүүнээр зам, тээврийн дэд сайд Х.Ержан, дэд тэргүүнээр Х.Батырбек, миний бие нарын бичгийн даргаар ажиллаж байна. Аймгийн боксын холбооноос Олон улсын тэмцээнийг Өлгий зохион байгуулах саналаа МБХ-д тавьж байсан. Ингээд 2014 оны наймдугаар сарын 25-30-ны өдрүүдэд “Ulgii Cup” Олон улсын тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд ОХУ, БНХАУ, Казахстан улсаас тамирчид ирж, тэмцээнийг сонирхолтой болгож байсан. Бас энэ удаагийн тэмцээн БНСУ-д болох Азийн наадмын өмнө зохиогдсоноороо ихээхэн онцлогтой болсон юм. “Инчён-2014” Азийн наадмын цугларалтад гарсан 60 гаруй тамирчид ирж оролцсон болохоор тамирчдын бэлтгэл сайн байлаа. Бид энэхүү Олон улсын тэмцээнийг зохион явуулснаар 20 сая төгрөгийн үнэтэй Олон улсын стандартын шинэ рингэтэй болсон. Өлгийд Олон улсын нээлттэй тэмцээнийг зохион байгуулснаар хүндийн өргөлт, бокс ч байна уу тэр спортын бааз материалыг бэхжүүлж чадаж байна. Мөн аймгаа олон улсад сурталчилах боломж гарч ирдэг. Манай аймгийн газар зүйн байршлаас шалтгаалаад Олон улсын тэмцээн явагдах бүрэн боломж байна.

-2015 оны боксын Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр нэгэн чухал үйл явдал болж байсан. Танай аймгийн боксын холбоо шилдэг багаар шалгарсан шүү дээ?

-Тиймээ, XX зууны манлай дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит 2015 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод энэ оны эхээр болсон. Эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн боксын улсын аваргын тэмцээнд 31 байгууллагын 211 боксчин өрсөлдсөн юм. Манай аймгаас оролцсон эрэгтэй баг тамирчид нэг алт, дөрвөн хүрэл медаль авсан. Мөн 2014 оны шилдгүүдийг тодруулахад манай аймгийн боксын холбоо шилдгээр тодорсон. Энэхүү шагнал бидэнд их урам зориг өгсөндөө. Манай аймгийн боксчидыг үргэлж дэмжиж тусалж явдаг МБХолбооныхондоо талархаж явдгаа дахин илэрхийлье.

-Монгол, Казахстаны боксын тамирчид хамтарсан бэлтгэлийг Астана хотод хийсэн. Харин та Монголын багийг ахалж очсон байхаа?

-Казахстан улсын хувьд хүндийн өргөлт, бокс гээд маш олон төрлийн спортоор дэлхийд ноёрхож байна. Мөн жүдо бөхийн ОУХМ Г.Отгонцэцэг тус улсын нэрийн өмнөөс барилдаад эхэллээ. Өнгөрсөн онд Монгол, Казахстан улсын боксын Үндэсний шигшээ багийн тамирчид анх удаа хамтарсан бэлтгэл хийсэн. Миний бие Монголын боксын холбооны удирдлагуудтай ярилцаж, энэ даалгаварыг авсан юм. Тиймээс баг тамирчдаа тус улсад хийх бэлтгэлийн үеэр ахлагчаар явсан. Хоёр улсын тамирчид хамтарсан бэлтгэлийг хийж байсан үе бий ч хот, мужуудийн тамирчид хамрагдаж байсан юм билээ. Ер нь ямар ч спортод хамтарсан бэлтгэлийг хийж, бие биенээсээ туршлага судлах явдал чухал байдаг. Сүүлийн жилүүдэд манай жүдо, чөлөөт бөхийн тамирчдын амжилт улам нэмэгдэж байна. Энэ онд гэхэд Франц, Япон улсаас жүдо бөхийн шилдэг тамирчид ирж, манай тамирчидтай хамтарсан бэлтгэл хийснийг бид харсан. Энэ мэтчилэн Монголын тамирчдын бэлтгэлийг судлах нь дэлхийн бусад орон түгээмэл болж ирлээ. Манай тамирчдын амжилт дэлхийд үнэлэгдээд эхэллээ шүү дээ. Энэ үед топ спортын төрөлд ордог боксын спортын араас хүндийн өргөлтийн тамирчдын амжилт буухиална гэдэгт итгэлтэй байдаг.

-Сонирхолтой яриа өрнүүлсэн таньд баярлалаа.

-Биднийг зорин ирсэн та бүхэнд баярлалаа. 

Ч.БОЛОРЧУЛУУН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна