Төсөв хэмнэх зарчмыг шат шатанд хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо

2014 оны 12 сарын 17

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Тэрбээр хурлын эхэнд "Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давах, тогтворжуулахад чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулж байна. Үүний хүрээнд төрийн байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалтыг оновчтой болгох шат дараатай алхмууд хийнэ. Яам, агентлагууд дахь чиг үүргийн давхардлыг арилгаж, удирдлагын шат дамжлагыг цөөрүүлж эхлээд байгаа. Төрийн үйлчилгээний ажилтнуудыг төрийн албан хаагчийн ангиллаас гаргах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг төр-бизнесийн түншлэлийн зарчмаар явуулах бодлогын шинэтгэлийг ирэх онд хийнэ. Төрийн албанд хийх эдгээр шинэтгэлд төсөв зардал хэмнэх зарчмыг тууштай баримтална" гэж онцоллоо.

 

Орон нутгийн хөгжлийн сан болон Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн 2013 оны зарцуулалтад Үндэсний Аудитын газраас хийсэн аудитын тайланг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. Энэ дагуу дээрх сангуудын хөрөнгийг зарцуулахдаа алдаа дутагдал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, тендерт оролцохдоо гэрээт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн компаниудыг Худалдан авах ажиллагааны газрын "хар жагсаалт"-д оруулах, төсөв төлөвлөхөөс тайлагнах хүртэлх бүх үе шатанд олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлээр тодорхой ажлууд хийж хэрэгжүүлэхийг орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо. Түүнчлэн, 5 саяас дээш дүнтэй хийсэн зарлага, гүйлгээ бүрээ ил тод мэдээлэх үүргийг төрийн байгууллагуудад хүлээлгэсэн Шилэн дансны тухай хууль ирэх оны эхнээс мөрдөгдөхтэй холбогдуулан албан хаагчиддаа мэдээлэл өгч сургаж дадлагажуулахыг аймаг, сумдын удирдлагуудад анхааруулсан юм.

 

 

Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдон Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт орох боловч Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн, хийж эхлүүлсэн бүтээн байгуулалт, үйлдвэржилт, төрийн үйлчилгээг хөнгөвчлөх зэрэг олонажлыг үргэлжлүүлэн хийнэ гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэлээд, орон нутагт тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаарх аймгийн Засаг дарга нарын асуултад хариулт, мэдээлэл өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.