УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар Олон улсын симпозиумд оролцов

2015 оны 9 сарын 7

БНЭУ, Япон улсын Засгийн газар, “Вивек Анандын олон улсын Сан”, “Токиогийн Сан” зэрэг төрийн бус байгууллагууд хамтран "Зөрчил маргалдаанаас зайлсхийх, байгаль орчныг хамгаалах хинду, буддын шашинтны дэлхий дахины санаачлага" хэмээх олон улсын симпозиумыг Энэтхэгийн нийслэл Шинэ Дели, тус улсын Бихар мужийн Бодгаяа хотод 2015 оны 9 дүгээр сарын 3-5-нд зохион байгууллаа. Үзэл бодол, соёлын ялгаа зөрчил, мөргөлдөөнд бус харилцан ярилцах, ойлголцох, хүндэтгэх, хамтран ажиллахад хөтлөх учиртай гэсэн уриан дор олон улсын хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлэхэд чиглэсэн энэхүү симпозиумд Азийн орнуудын 20 шахам орны нийгэм, соёл, шинжлэх ухаан, шашны зүтгэлтнүүдийн төлөөлөл, түүний дотор Монгол Улсын Их хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Монгол, Энэтхэгийн нийгэмлэгийн тэргүүн, Дашчойлин хийдийн хамба Д.Дамбажав, Энх тайван, найрамдлын байгууллагуудын холбооны Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашпүрэв нар Энэтхэг улсын засгийн газрын урилгаар оролцлоо.

 

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди, Гадаад хэргийн сайд С.Свараж, Шри Ланк улсын Ерөнхийлөгч асан Ч.Кумаратунга, Балба, Бутан, Вьетнам Камбож, Монгол улсын засгийн газар, нийгэм, олон нийт, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөллүүд симпозиумд үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт улс төрийн олон ургальч үзэл, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, шүтэх биширэх эрхийг хуульчлан баталгаажуулсан Монгол улс олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого явуулж, бүс нутгийн болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж байгааг хэлсэн үгэндээ тэмдэглэв.

 

Шашин, соёл, үзэл бодол, оюун санааны ялгаа нь улс орнуудын хооронд төдийгүй байгаль орчинтой харьцах, шинжлэх ухаан, эдийн засгийн тогтвортой хөгжилд саад бэрхшээл учруулах бус зэрэгцэн орших, хөгжиж дэвшихийн үндэс мөн. Тийм учраас зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд хүний сэтгэлд үүсдэг үл ойлголцлыг даван туулж, ойлголцол, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмждэг энэрэн хайрлах, хүлцэн тэвчих үзлийг эрхэмлэн дээдлэхийг чухалчилсан " Бодьгаяагийн тунхаглал" гэдэг уриалгыг симпозиумын оролцогчид хамтран дэвшүүллээ.

 

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт тэргүүтэй монголын төлөөлөгчид симпозиумын үеэр БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди, Гадаад хэргийн сайд С.Свараж нартай уулзаж ярилцав.

 

Симпозиумын дараагийн хуралдааныг Токиогийн сан 2016 оны нэгдүгээр сард Японд улсад зохион байгуулах аж.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.MFA.GOV.MN