С.Баярцогт: УИХ-ын нэрийг барьж худал ярьж байна

2015 оны 10 сарын 6

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсэн асуудалтай холбогдуулан хэвлэлийнхэнд тайлбар хийлээ.

 

Иргэн П.Баттулга, М.Мөнхжаргал, Б.Төрболд, Б.Эрхэмбаяр нар УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дахь заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаар мэдээллийг 2014 оны арванхоёрдугаар сарын 8-нд гаргасан. 2015 оны есдүгээр сарын 9-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” асуудлыг хэлэлцээд зөрчсөн тухай 11 дүгээр дүгнэлт гаргасан. Энэ бол 10 сар үргэлжилсэн цэцийн маргаан гэсэн тайлбарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хийлээ.

 

Цэцийн энэ дүгнэлтийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ажлын хэсэг гаргах санал тавьж, “Хөрөнгө гаргах тухай” 3асгийн газрын 357 дугаар тогтоолын талаар шалгалт явуулъя, Үндсэн хуулийн цэцэд мөнгө өгсөн юм шиг байна гэдэг асуудлыг ярьсан. УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Үндсэн хуулийн цэцэд авлига өгсөн байна гэж ярьсан байна. Энэ тухайд С.Баярцогт, 2015 оны зургадугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд санал авахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн. Засгийн газрын гишүүдээс санал авахаар хүргүүлж, хуралдаанаар хэлэлцээд 2015 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар 49 дүгээр тэмдэглэл гарсан. Тэмдэглэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанд албан бичгээр хүргүүлж, наймдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Ерөнхийлөгийн зарлигийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоол есдүгээр сарын 7-нд гарсан.

 

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2016 оны нэгдүгээр сарын 13-нд болно, ойн арга хэмжээ хоёр жил дамжин бэлтгэгдэнэ. Зарим арга хэмжээ нь 2015, ихэнх нь 2016 онд санхүүжихээр төлөвлөгдсөн байсан гэсэн тайлбарыг тэрээр хийлээ.

 

Ерөнхийлөгчийн Там­гын газраас ирүүл­сэн Ерөн­хийлөгчийн Зарлигийн төсөл, танилцуулга, арга хэмжээний хөтөлбөр, хэдий хугацаанд ямар байгууллага хариуцаж зохион байгуулах болоод ямар зардал гаргах зэрэг баримт танилцуулгыг хэвлэлийнхэнд үзүүллээ. Нийт дүнгээрээ 933 сая 960 мянган төгрөгийн арга хэмжээг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Шинжлэх ухааны академи, Их засаг олон улсын их сургууль, УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, БСШУЯ, БОНХАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг олон байгууллага оролцож, хариуцан хийх ажлууд байгаа. Эдгээрээс энэ жилд хийх зайлшгүй шаардлагатай таван асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд гишүүд энэ жилд гурвыг нь санхүүжүүлж зохион байгуулъя, бусад арга хэмжээг нь 2016 оны төсөвт суулгах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан ч одоогоор нэг ч төгрөгийн санхүүжилт хийгдээгүй байгаа гэлээ.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би есдүгээр сарын 6-нд С.Баярцогт сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Маргааш нь Засгийн газар хуралдаад Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойд зориулан Цэцэд 300 сая төгрөг шилжүүлсэн” гэж ярьсан аж. Энэ тухайд С.Баярцогт “Есдүгээр сарын 6 нь ням гариг буюу амралтын өдөр. УИХ нэг ч удаа амралтын өдрөөр хуулийн төсөл хүлээж авч байгаагүй. Засгийн газрын хуралдаан даваа гаригт хуралддаг жишгээрээ есдүгээр сарын 7-нд хуралдсан. О.Баасанхүү гишүүн УИХ-ын өндөр нэр хүндийг ашиглаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ор үндэсгүй зүйл ярьж, худлаа мэдээллийг зориуд тарааж байна” гэв.

 

М.ГАН

 

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН