Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

2015 оны 9 сарын 2

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Б.Ринченгийн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчдад баярын мэнд хүргэлээ. Нэрт эрдэмтний 100 насны ойгоор, 2005 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 153 тоот тогтоолоор Алтанбулаг сумын сургуулийг түүний нэрэмжит болгосон юм.

 

Эрдмийн  баярын энэ өдөр  академич Б.Ринчений мэндэлсний 110 жилийн  ойн хүрээнд хөшөө дурсгалыг нь мөнхжүүлэх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат нарын албаны хүмүүс,  Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, палентологийн шинжлэх ухааны доктор, академич Ринчений Барсболд, ач хүү, уран барималч Б.Дэнзэн, ач хүү, герман хэл судлаач Б.Лигдэн нарын төрөл төрөгсөд,  Ардын уран зохиолч, Б.Ринчений нэрэмжит шагналт зохиолч Т.Галсан, түүхийн шинжлэх ухааны доктор, Ө.Бавуу, яруу найрагч Н.Сүхдорж, ахмад зохиолч Л.Банзрагч нарын зохиолчид оролцлоо.  Хэл шинжлэлийн ухааны ууган доктор,  анхны 9 академичийн нэг, тухайн цаг үеийнхээ үндэстний сэхээтний шилдэг төлөөлөгч, шинэ цаг үеийн оюун санааны чиглүүлэгч, төрийн шагналт, билгүүн номч, нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Б.Ринчен бол бидний хувьд нэр төр, алдар хүндэтгэлийн үлгэр дуурайл болсон их хүмүүний нэг юм. Эх орон нутаг усныхаа түүхэн уламжлал бүхэнд сэтгэлээ чилээж, монгол үндэстний оюуны дархлааг хамгаалан манаж байсан тэр их хүмүүн бидний дэргэд, Алтанбулаг суманд төрж өссөн. Өнөөдөр та бид энэ их хүмүүний хөшөөг босгож, хойч үеийнхэнийх нь бахархалыг сэргээж байна. Судар бичгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн энэ их хүмүүн монгол бичгийн хөгжил уламжлалыг хадгалах, өвлүүлэн үлдээх, цаашдын хөгжилд онолын боловсруулалт хийх,боловсронгуй болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан шилдэг эрдэмтэн юм гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэллээ.

 

Академич Б.Ринченгийн гэрэлт хөшөөг түүний ач хүү уран барималч Б.Дэнзэн бүтээжээ.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗАР