Анхаарал татсан хоёр хууль

2015 оны 10 сарын 23

Наймдугаар сараас хойш олны анхаарлын төвд байгаа Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцсэнгүй. Өнөөдөр ч уг асуудал УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсангүй. 

Өнгөрсөн долоо хоногт Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал  УИХ-ын чуулганы хуралдаанд орж ирсэн ч “Шударга ёс эвсэл” бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва хууль зөрчин байж завсарлага авснаар уг асуудлыг ажлын тав хоног болгон хойшлуулсан.  Тухайн үед УИХ-ын дарга Хятадад томилолттой явж байсан бөгөөд үүнийг нь зарим хүн өнөөх л “Шонхор”-ын хэд өвчтэй, чөлөөтэй, томилолттой гээд алга болчихлоо хэмээн хардаж байсан билээ. Энэ удаад яалт ч үгүй З.Энхболд өөрөө энэ асуудлыг хэлэлцэх үед хурлыг даргалахаар таарч байгаа юм.

Ажлын тав хоног нь өчигдрөөр дуусгавар болсон ч УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр буюу пүрэв гаригийн чуулганы хуралдаанд “Өршөөлийн хууль ирэх долоо хоногийн чуулганаар орно” гэж хэллээ. Ийнхүү Өршөөл үзүүлэх хуулийн дагуу суллагдах өдөр, хоногоо хүлээж байгаа 1700 хүн дахин долоо хоног хүлээхээр болов. Хоёр удаа завсарлага авсан уг хуулиар аль  ч бүлэг дахин завсарлага авах боломжгүй болж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр хэлэлцэх ёстой байсан ч хойшлуулж, өнөөдрийн чуулганы хуралдааны зургадугаарт жагсаажээ.

Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар УИХ дээр АТГ ялах уу, Н.Алтанхуяг дийлэх үү гэдгийг харах л үлдэж байна. Тэгвэл ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар ардчилал ялах уу, авлигачид ялах уу гэдгийг, УИХ-ын гишүүдийн хэн нь хэн бэ гэдэг нь харагдах болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэж, байнгын хороо болон намын бүлгүүдийн дэмжлэгийг хүлээсэн ч хэлэлцэх шатанд нь зогсоосон. Тиймээс Н.Алтанхуяг гишүүн УИХ-ын дарга З.Энхболдод хандаж шаардлага хүргүүлснээр энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг өнөөдрийн хуралдаанаар шийднэ. АТГ-ын зүгээс “араа шүдгүй арслан” болголоо хэмээн эсэргүүцэж байгаа бол Н.Алтанхуяг гишүүний хувьд АТГ үндсэн үүргийнхээ дагуу ажиллах боломжтой болно гэсэн тайлбарыг хийж буй. Үнэндээ ямар хууль санаачлах нь Үндсэн хуулийн дагуу гишүүний бүрэн эрхийн асуудал. Гэхдээ өнөөдрийн хуралдаанаар УИХ дээр АТГ ялах уу, Н.Алтанхуяг дийлэх үү гэдгийг харах л үлдэж байна. Тэгвэл ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар ардчилал ялах уу, авлигачид ялах уу гэдгийг, УИХ-ын гишүүдийн хэн нь хэн бэ гэдэг нь харагдах болно.

 

Ж.ЭРХЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна