Хөлбөмбөгийн хаан Пеле 75 нас хүрлээ

2015 оны 10 сарын 23

Пеле нэрээр дэлхий даяар алдаршсан бразилийн домогт хөлбөмбөгчин Эдсон Арантис ту Насименту өнөөдөр 75 нас хүрч байна.

“Хөлбөмбөгийн хаан” Пеле нь хөлбөмбөгийн спортын түүхэнд дэлхийн 3 удаагийн аварга болсон цорын ганц хөлбөмбөгчин билээ. Хөлбөмбөгийн ногоон талбайд 21 жил тоглохдоо 1363 тоглолтонд оролцож 1281 гоол хийснээс 92 удаа хэт-трик хийж 30 тоглолтонд тус бүр 4 гоол, 6 тоглолтонд тус бүр 5 гоол хийсэн билээ. 1964 онд “Ботафого” багийн хаалгыг 8 гоолоор мялааж байжээ. “Васко да Гама” багийн хаалганд түүхт 1000 дахь гоолоо торгуулийн цохилтоор хийсэн өдрийг “Сантос” багийнх нь “Пелегийн өдөр” гэж жил бүр ёслон тэмдэглэдэг байна.

Үндэсний шигшээ багтаа 92 тоглолт хийхдээ 77 гоол хийжээ.

Бразил улсын Минас-Жерайс мужийн Терес-Корасойнс хотхон төрж хөлбөмбөгчин байсан эцэг Дондиньогоор хөлбөмбөг заалгаж 7 настай тус улсын шигшээ багийн тоглогч байсан Валдемар де Бритогийн шавь болжээ. 15 настайдаа “Сантос” клубын довтлогч болж 1956 оны есдүгээр сард анхны албан ёсны тэмцээндээ оролцож Коринтианса” багийн хаалганд анхны гоолоо хийжээ.

“Сантос” багт тоглож байхдаа Рио-Сан-Паулу муж улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа, Бразилийн Цомын төлөө тэмцээнд 6 удаа түрүүлж Либертадоресийн Цомын төлөө тэмцээн болон Тив хороондын тэмцээнд тус бүр хоёр удаа тэргүүлжээ.

1958 онд Швед улсын ДАШТ-нд 17 настай Пеле од болон гязалзаж дөрөвний нэгийн тоглолтонд Уэльсийн багийн хаалганд шийдвэрлэх гоолыг хийж хагас шигшээ тоглолтонд Францийн багийн хаалганд хэт-трек, шувтаргын тоглолтонд Шведийн багийн хаалганд дубль хийжээ. 1962, 1966 онуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олигтой тоглож чадаагүй ч тэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх Бразилийн хамгийн шилдэг шигээ баг гэж тооцогддог 1970 оны багийн бүрэлдэхүүнд шувтаргын тоглолтонд Мексикийн багийг хожиж дэлхийн 3 удаагийн аварга болжээ. ДАШТ-ний билэгдлийн шигшээ багт 2 удаа орж байв. ДАШТ-нд 4 удаа оролцохдоо 14 тоглолтонд оролцож 12 гоол хийжээ.

1975 онд “Сантос” баг, үндэсний шигшээ багаас зодог тайлсны дараа АНУ-ын "Нью-Йорк Космос" клубт хоёр улирал тогложээ.

Пеле нь Зуны олимпийн наадамд оролцож байгаагүй ч ОУОХ-ноос түүнийг Хорьдугаар зууны Аугаа тамирчдын тоонд багтааж Английн “World Soccer”, Францын “France Football”, Италийн “Guerin Sportivo”, Бразилийн “Placar” сэтгүүлээс ХХ зууны Аугаа хөлбөмбөгчнөөр тодруулж байжээ. “Английн “Time” сонины санал асуулгаар Пеле нь ХХ зууны нөлөө бүхий 100 хүний нэг болж байв.

Хөлбөмбөгийн спортод төгс зохицсон бие бялдартай, гоц авьяастай Пеле асар их хөдөлмөрч тамирчин байв. Бэлтгэл сургуулилт дээр хууралт, дамжуулалтыг ядарч цөхөртлөө давтдаг, талбайд гараад нүд гүйлгэн харуут нөхцөл байдлыг ойлгодог, хуурамтыг гарамгай, нүд ирмэхийн зуур хийдэг, дамжуулалтыг аль ч байрлалаас оновчтой өгдөг, бөмбөг хөлөнд нь наалдаастай юм шиг “дагадаг”, “гоолын хосгүй мэдрэмжтэй”, хаалганд бөмбөгийг ямар ч байдлаас аль ч хөлөөрөө шигтгэдэг довтлогч байжээ. 100 метрийн зайд 11 секунд гүйдэг байв.

1961 онд “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд “Флуминенсе” багтай хийсэн тоглолтонд өөрийн торгуулийн талбайгаас залж замд таарсан өрсөлдөгч багийн бүх тоглолчийг унаж тустал нь хуурч хийсэн гоолыг нь “Зууны гоол” гэж өргөмжилж, тус цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа дурсгалын багана босгосон байна.

1970 онд Нигери улсад болж байсан Иргэний дайны үеэр Лагос хотод Пеле довтлогчтой “Сантос” баг нөхөрсөг тоглолт хийхээр ирэхэд хоёр өдрийн эвлэрэл зарлаж байжээ.

Түүний бичсэн “Би Пеле” намтрын ном нь бразилийн хүүхдүүд төдийгүй гадаадын олон орны хүүхдүүдийн ширээний ном болжээ. Бразилийн ерөнхийлөгч зарлиг гарган түүнийг “Хар үнэт эрдэнэс” өргөмжилж байжээ. Масейо хотод 30 мянган үзэгчийн суудалтай цэнгэлдэх хүрээлэнг “Хөмбөмбөгийн хаан Пеле” гэж нэрлэсэн байна.

1966 онд Роземери дос Рейс Шолби нэртэй бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд тэд Келли Кристина, Эдсон, Женнифер гэдэг гурван хүүхэдтэй болсон. Пеле 1994 онд Ассирия Лемос Сейшастэй гэрлэж, ихэр хүүхэдтэй болж байснаас хүү Эдсон алдарт эцгийнхээ замналыг нэр төртэй үргэлжлүүлж “Сантос” багт хаалгачин хийж байжээ.

Бэлтгэсэн Д.Өлгийсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна