Туялзуур сэлэмний холбоо Аомори мужтай хамтран ажиллана

2015 оны 10 сарын 23

Монголын туялзуур сэлэмний холбооны дэд Ерөнхийлөгч, “Тайж” группын Ерөнхийлөгч, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Ганпүрэв, Японы Аомори мужийн Имабэцү хотын засаг дарга Ёшихарү Абэ нар 2020 он хүртэл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол Япон улсад боллоо.

Санамж бичгийн хүрээнд Монголын туялзуур сэлэмний холбооны өсвөрийн 5-8 тамирчин жил бүр тус хотод хамтарсан бэлтгэл хийж, суралцах бөгөөд цаашдаа тус бүс нутаг болон Монгол Улсын бусад хамтын ажиллагаанд зохих хувь нэмрээ оруулах юм.

Монголын туялзуур сэлэмний холбоо нь 2020 он хүртэлх стратеги зорилгын хүрээнд “Токио 2020” олимпийн наадамд эрхээ авах зорилготой байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь томоохон түлхэц болж буй юм.

Түүнчлэн Монголын туялзуур сэлэмний холбооны Удирдлагууд Аомори мужийн засаг дарга ноён Шинго Мимура, Японы туялзуур сэлэмний холбооны Удирдлагууд болон Япон дахь арга хэмжээг зохион байгуулсан Дэнцү группын удирдлагуудтай уулзаж цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцлаа.

Зар сурталчилгаа, холбоо, мэдээллийн чиглэлээр дэлхийд тэргүүн байранд бичигдэх Дэнцү групптэй Монголын туялзуур сэлэмний холбоо нь 2020 он хүртэл хамтран ажиллахаар болсон юм. Энэхүү арга хэмжээг Японы бүхий л томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжиллаа. Нийт 22 сонинд Монголын туялзуур сэлэмний холбооны тухай нийтлэгдэж, 2 сонины нүүрэнд гарчээ. Мөн NHK, JNN зэрэг томоохон телевизүүд сурвалжилжээ.

ЭХ СУРВАЛЖ: MSPU

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна