30 минутын дотор дамжин суувал үнэгүй зорчино

2015 оны 10 сарын 23

 
НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан 2015 оны 10 сарын 23-нд болж хуралдаанаар  нийслэлийн тээврийн цахим төлбөрөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх ажлыг эхлүүлж, нийтийн тээврийн төлбөрийн системийг цахим хэлбэрт шилжүүлснээс гадна нийтийн тээврийн чиглэлүүдийн давхцлыг арилгах, үйлчилгээг сайжруулах зороилгоор шинэ сүлжээ төлөвлөлт хийсэн юм. Шинэчилсэн төлөвлөлтөөр маршрутын 30 орчим хувийг өөрчилсөн  байна. Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн танилцуулснаар  шинэчилсэн төлөвлөлтөөр нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 75 чиглэлд 1015 тээврийнх эрэгсэл, үүнээс 18 угсраа, 40 троллейбус, 918 их, 39 дунд багтаамжийн автобус үйлчилж байгаа юм байна. Эдгээр тээврийн хэрэгслийн төрөл тус бүрээр машин цагийн нэгж зардлыг тооцоолсон байна. НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас машин цагийн нэгж зардлыг  угсраа автобусыг 39731 төгрөг, автобусыг 32 933 төгрөг, троллейбусыг 24 425 төгрөг, дунд багтаамжийн автобусыг 33 377 төгрөг байхаар баталлаа.

Мөн 30 минутын дотор дараагийн автобусанд дамжин суувал нэг удаа үнэгүй байхаар батлав. Сэлгэн суултын энэхүү хөнгөлөлт нь зөвхөн цахим карттай иргэдэд үйлчлэх юм. Үүнийг хэрэгжүүлэхэд салбарын алдагдал 2,1 тэрбум төгрөг болж 2015 онд 20,3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.  Нийслэлийн төсөвт учрах хүндрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн үйлчилгээнд зохих тооны шалгагч ажиллуулж, шугамын орлого төвлөрүүлэлт, үйлчилгээний чанарт хяналт тавих, одоо ажиллаж байгаа автобусны тоог 10 хувиар бууруулж үйл ажиллагааны орлого, зардлыг төсөөлж үзэхэд жилдээ нийт 88,7 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж 132,4 тэрбумын зардалтай ажиллах тооцоо гарчээ.
 
Оюутнуудын хичээлдээ ирж, явах нийтийн тээврийн зардлыг  нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ

НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаанаар их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд  нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам болон Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журмыг хэлэлцэн батлав.

Урьд нь оюутууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих иргэдийн нөхөн олговорыг хувиарлах санхүүжүүлэх журмын дагуу автобусны компаниудад нөхөн олговорыг хувиарладаг байсан юм. Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа,   нийслэлийн хэмжээнд нийт 113 000 орчим оюутан байдаг, хичээлдээ ирж очихдоо сард 25 000 төгрөгөөр зорчдог гэж тооцон төсвөөс 250 сая төгрөгийн нөхөн олговор авч оюутны холбоо нь хувиарлалтаа хийдэг тогтолцоотой байсныг цахим төлбөрийн системд шилжүүлснээр нөхөн олговор нь очих ёстой хүндээ хүрч чадна гэж үзэж байгаагаа хэлсэн юм. 

Журамд “Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд  нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журамд нэр томьёо, сурагч оюутны эрх үүрэг, нутгийн захиргааны байгууллагууд, их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын эрх үүргийг тус бүрд нь нарийвчлан тодорхойлсон байна. Мөн зайлшгүй оруулах ёстой шинэ зохицуулалтыг журамд нэмж оруулжээ. Тодруулбал, нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагыг илүү тодорхой болгож, тухайн сурагч, оюутны суралцаж байгаа сургуулиас гэр хүртэл 1 /нэг/ км-ээс багагүй зайтай байх гэж тодотгон оруулжээ. Мөн сурагч, оюутны тээвэрлэлтийн зардал гэж нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны 1 өдөрт хичээлдээ 1 удаа ирж, буцах зардлыг тус тус ойлгоно гэж заасан байна.

Мөн энэхүү нийгмийн халамжийн асуудалд өөрийн гэсэн орлогогүй, 10 жилийн сургуулиа төгсөөд дараагийн шатны сургуульд элсэн орсон сурагч, оюутнууд хамрагдах нь зүйтэй гэж үзэж журмын төсөлд “Оюутан” гэж их, дээд сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд өдрөөр суралцагчийг, “Сурагч” гэж мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд өдрөөр суралцагчийг гэж ойлгох тухай нэр томъёоны тайлбар хийлээ. Өөрөөр хэлбэл энэхүү журамд орой, эчнээ ангийн сурагч, оюутнууд хамрагдахгүй гэсэн байна. Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагыг хангаж байгаа оюутан картаа захиалж, мэдүүлэг бөглөх бөгөөд нутгийн захиргааны байгууллага тухайн сурагч, оюутанд хичээлдээ ирж буцахдаа нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих тодорхой тооны эрх бүхий карт олгож сар бүрийн 1-ний өдөр цэнэглэж өгч байхаар зохицуулжээ. Картаа захиалж, мэдүүлэг бөглөснөөр сурагч, оюутны тоо, зорчилтын тоо тодорхой болох бөгөөд сурагч, оюутны тээвэрлэлтийн зардлыг тооцох, тэднийг тээвэрлэсэн нийтийн тээврийн байгууллагад олгох нөхөн олговрын хэмжээг тодорхойлох, хуваарилах талаар хяналтгүй явж ирсэн олон маргаантай асуудлууд шийдэгдэж зорилтот бүлэг бүрэн хамрагдах, төсөвт үр дүнгүй ачаалал үүсгэхгүй байх, төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх ач холбогдолтой.

Сурагч оюутны тээвэрлэлтийн зардлыг тооцохдоо хяналтын тоо,  төсвийн жилийн 1-6 сар, 9-12 сарын 7 хоног бүрийн амралтын болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүд, оюутны амралтын өдрүүдээс бусад өдөрт хичээлдээ явах, буцах зорчилт, зорчилтын тоо, насанд хүрсэн хүний зорчих тарифийг тус тус үндэслэнэ гэж заасан байна Ингэснээр сурагч, оюутны хувьд уг картыг хуурамчаар үйлдэх, бусдад дамжуулах, өөр бусад зорилгоор ашиглах зэрэг асуудлууд гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж албаныхан үзжээ. 

Харин  “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-ын төслийн хувьд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө, өөрсдөө ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол итгэмжлэгдсэн төлөөлөгч нь суугаа Хорооны байранд ирж  нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих” Цахим төлбөрийн карт” захиалж, мэдүүлэг бөглөх бөгөөд картаа өөрийн биеэр хүлээн авна. Захиалга өгч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэтгэврийн дэвтэр, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхтэй байна гэсэн байна. Түүнчлэн Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих “Цахим төлбөрийн карт” олгох үйл ажиллагааг Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газар Хорооны Засаг дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэхээр тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна