Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл дэмжигдлээ

2015 оны 10 сарын 23

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ, Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ нар танилцуулга хийлээ.

Гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Энэ хуулийг дэмжиж байна. Мэдээж хэлэлцэх нь зүйтэй. Зөрчлийн асуудлыг захиргааны хариуцлагын тухай хуулиар хэлэлцээд явдаг байсан бол энэ удаад салгаж өгөх зорилго тавьж төслийг санаалчилсан байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хууль зүйн сайдын хариулсан зүйл дээр хэд хэдэн эргэлзээ байна. Хүний эрхийн асуудал дээр эргэлзээгүй шийдэх хэрэгтэй. Бид зөрчлийн асуудал дээр хэд хэдэн шийдэх шаардлагатай зүйл бий. Хүн гүтгэх асуудлыг зөрчил гэж үзэж байна. Хүн гүтгэх асуудлыг нарийн оруулж өгөх хэрэгтэй. Өнгөрсөн нийгэмтэй харьцуулахад ёс суртахууны хувьд маш том доройтол бий болсон. Тиймээс энэ хуулийг нилээн сайн ярьж хэлэлцэхгүй бол болохгүй шүү. Хамгийн гол нь нарийн шүүлтүүрээр хуулиа батлах ёстой гэсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Зөрчил гэдэг бол өргөн ойлголт юм. Үүний дотроос процессийг оруулахдаа өргөн хүрээнд харсан байх ёстой. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн үүрэгт захиргааны зөрчлийн хэм хэмжээ тогтоох шаардлага байгаа юм уу. 33-р бүлэг гэж заасан байна тэр заалт нь хаана байгаа юм бэ? Батлагдаагүй заалтыг иш үндэс болгосон нилээд олон тохиолдол байна. Үүнийг яах ёстой вэ? Хамгийн гол нь зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж амаар, бичгээр мэдүүлэг өгөх эрхтэй гээд заасан байна. Өөрийнхөө талаар мэдүүлэг өгөх чинь хориотой байдаг биш билүү. Баривчлах түр саатуулах хоёрын ялгаа нь юу байдаг юм бэ. Шүүхийн ачаалал өндөр байна. Захиргааны зөрчлийг шүүхээр шийдэх нь хэр зэрэг оновчтой вэ?

Хууль зүйн сайд Д.Дорлигжав: Энэ зөрчлийн хуулийг тусгайлж байгаа нь захиргааны журмаар авч байгаа арга хэмжээ нь нэг стандартын биш өөр өөр хуулиар тогтоогдсон байдаг. Эрх зүйн бүрэн хэмжээний боловсролгүй янз янзын хүмүүс зөрчлийг шалгаж хүний эрхэнд халдаж байгаа. Тиймээс хүний эрхийг мөрдлөг болгож оруулж ирсэн юм. Нөгөө талаараа шүүхийн ачаалал нэмэгдэх нь үнэн, гэхдээ маш их хялбарчилсан байдлаар оруулж ирсэн хэмээлээ.

УИХ-ын гишүүн Л.Цог дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ үг утгын асуудлыг сайтар анхаарах ёстой гэдгийг санууллаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Засгийн газар, Хууль зүйн яаманд цэгцтэй бодлого дутагдаж байгаагийн илрэл энэ юм. Дэвшилттэй юм шиг харагдаж байгаа ч энэ хууль дээр зөрчилтэй маш олон зүйл байна. Тиймээс энэ хуулийг цогц бодлогоор оруулж ирэх шаардлагатай. Зөрчил хянан шийдэх хууль чинь зөрчилдөөнийг үүсгэсэн хууль болчихлоо. Тиймээс дэмжихгүй гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Х.Тэмүүжин гишүүний хэлсэнтэй санал нэг байна. Үүнээс гадна Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Захиргааны зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиуд чинь хоорондоо зөрчилдөж байна шүү дээ. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хэд хэдэн зүйлийг тодорхой болгох шаардлагатай. Гэхдээ дэмжсэн байр суурьтай байна гэсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна